1990 оны Ардчилсан хувьсгал ялаад удаагүй байхад буюу 1991 онд МУИС-ийн харьяанд Олон Улсын Харилцааны Дээд Сургуулийг (ОУХДС) үүсгэн байгуулсан нь туурга тусгаар Монгол Улсын түүхэнд гадаад харилцааны үндэсний боловсон хүчин бэлтгэх анхны сургууль байсан билээ. Үүнээс өмнө манай улс гадаад харилцааны мэргэжилтнүүдээ ЗХУ болон социалист бусад орнуудад голчлон бэлтгэсээр ирсэн бөгөөд социалист хамтын нөхөрлөлийн эрх ашгийг эн тэргүүнд тавьсан өрөөсгөл гадаад бодлого явуулж байв.
Хүн төрөлхтний сайн сайхан, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулж, Монгол улсын хөгжил дэвшлийн тулгуур бодлогын судалгааны төв, элит мэргэжлийн сургууль байна.
Монгол улсын хөгжилд далайцтай хувь нэмэр оруулж, бүс нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чадвар бүхий сургалт судалгааны сургууль байна.
Академик эрх чөлөө
Хариуцлага, сахилга бат
Ёс зүй
Үндэсний бахархал
1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал өөрчлөгдөн хоёр хөршөөс гадна гурадвагч хөрш, цаашлаад дэлхийн бусад улс оронтой харилцан эрх тэгш харилцах, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа эзлэх гадаад орчны таатай нөхцөл бүрдсэн билээ. Чухамхүү энэ цаг үед туурга тусгаар Монгол Улсын түүхэнд гадаад харилцааны үндэсний боловсон хүчнийг бэлтгэх анхны сургууль болох Олон Улсын Харилцааны Дээд Сургууль (ОУХДС)-ийг МУИС-д байгуулсан юм. Үүнээс өмнө манай улс гадаад харилцааны мэргэжилтнүүдээ хуучин ЗХУ болон социалист бусад орнуудад голчлон бэлтгэсээр ирсэн бөгөөд социалист хамтын нөхөрлөлийн эрх ашгийг эн тэргүүнд тавьсан өрөөсгөл гадаад бодлого явуулж байв.
2023 онд МУИС-ийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль болон өргөжин цаашид мэргэжлийн сургуулийн жишгээр хөгжих таатай нөхцөл бүрдээд байна. Өнгөрсөн 33 жилийн хугацаанд манай сургууль Монгол Улсын нээлттэй, хараат бус, тэнцвэртэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг хөтлөн явуулах, дэлхийн улс гүрнүүдтэй тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг улс төр-дипломатын аргаар сахин хамгаалах, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах, үндэсний эрх ашгаа эрхэмлэн дээдэлдэг, өндөр мэдлэг боловсролтой 4000 гаруй боловсон хүчнийг бэлтгэн гаргажээ. Эдүгээ сургууль өргөжин тэлсэнээр энэхүү тоо даруй 5000 хүрч Монголын улс төр, төрийн захиргаа, гадаад бодлого, дипломат албаны үндэсний боловсон хүчнийг бэлтгэх цөм сургууль болж чаджээ.
Өнөөдөр манай төгсөгчид Монгол Улсын төрийн ба төрийн бус байгууллага, хувийн хэвшил, олон улсын байгууллага, улс төрийн нам, мэргэжлийн холбоод, хэвлэл мэдээллийн байгууллага, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, гадаад улс орнуудын дипломат төлөөлөгчийн газруудад ажиллаж улс орныхоо хөгжилд бодит хувь нэмрийг оруулсаар байна.
Манай сургуульд ОХУ, БНХАУ, Вьетнам, Турк, Лаос, Камбож, БНСУ, Япон, ХБНГУ, Казахстан, Кыргызстан, Афганистан, Польш зэрэг олон орноос оюутнууд суралцаж төгсөж байгаа нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөний тод илрэл юм. Түүнчлэн АНУ-ын Засгийн газрын Фулбрайтын тэтгэлэг, Их Британийн Засгийн газрын Чевнингийн тэтгэлэг болон Австрали, Япон, БНСУ-ын засгийн газрын тэтгэлэгт манай төгсөгчид тэнцэн дэлхийн нэр хүндтэй их сургуульд элсэн суралцаж ирсэн баялаг түүхээрээ бид бахархаж байдаг юм.
Эрдэм номыг эрхэмлэн дээдлэгч хүн бүрт манай сургуулийн хаалга үргэлж нээлттэй байх болно.
Эрдмийн их үйлс ашид арвижих болтугай.
ЗАХИРАЛ С.МӨНХБАТ