Орос, Украйны зэвсэгт мөргөлдөөн эхлээд нэг жил болжээ. Энэхүү зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэн олон улсын дэглэм, дэг журам, улс хоорондын харилцаа, олон улсын аюулгүй байдалд их хэмжээний өөрчлөлт гарч, үйл явц хурдан өрнөж байна.
Олон улсын харилцаанд гарч буй хурдацтай өөрчлөлт, түүнтэй уялдсан Монгол Улсын гадаад орчинд гарч буй өөрчлөлт, Монгол Улсад тулгарч буй сорилт, дотоод нөөц бололцоо, гадаад орчноос ирж буй аливаа асуудалд ямар хариу үйлдэл үзүүлэх талаар олон улсын харилцаа, олон улсын аюулгүй байдлын судлаач нар санал бодлоо солилцох зорилгоор ОУХНУС-ийн дэргэдэх Бодлогын судалгааны төв Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратеги судалгааны хүрээлэн хамтран “Орос-Украины дайн: Дэлхийн шинэ дэг журам болон Монгол Улсын анхаарах асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийг 2023 оны 3 дугаар сарын 3-ны өдөр зохион байгуулав.
Уг хэлэлцүүлэгт ОУХНУС, Стратеги судалгааны хүрээлэн, Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам, ШУА-ын Олон улс судлалын хүрээлэн, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн, Тагнуулын Академи, Аюулгүй байдал судлалын хүрээлэн, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургууль зэрэг байгууллагуудаас дипломатууд, судлаачид, мэргэжилтнүүд оролцов.
Уг хэлэлцүүлэгт “Орос-Украины мөргөлдөөн: Дэлхийн геополитикийн хувьсал”, “Орос-Украины мөргөлдөөн: Олон улсын эдийн засгийн сорилт”, “Орос-Өрнөдийн сөргөлдөөн: Олон улсын эрх зүйн үйлчлэл”, “Орос-Украины мөргөлдөөн: Ази, Номхон далайн бүс нутагт нөлөөлөх нь”, “ОХУ-д үзүүлж буй Олон улсын хоригийн нөлөө”, “Орос-Украины мөргөлдөөн: Монгол Улсад үзүүлж буй нөлөө” болон үүнтэй холбоотой тулгамдаж буй бусад сэдвүүдээр санал бодлоо солилцов.
Хагас хаалттай явагдсан уг хэлэлцүүлэг амжилттай болов.