Мэдээ

“ШХАБ-ын өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт олон улсын хурал болов.

spsirpa

Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль нь ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын газар болон Монголын олон улсын судлалын холбоотой хамтран “Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт олон улсын хурлыг 2023 оны 4 сарын 11-ний өдөр амжилттай зохион байгуулав.

Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага нь Евразийн бүс нутгийн байгууллага бөгөөд уг хурлаар дэлхий дахинд тулгамдаад байгаа асуудал, мөн тус байгууллагын цаашдын үйл ажиллагааны асуудлыг хэлэлцсэн чухал хурал болов. Тэр дундаа Монголын судлаач, мэргэжилтэн нарын санал, санаачилга, үзэл бодлыг сонсоход энэхүү хурлын гол ач холбогдол оршиж байв.

Энэхүү хуралд МУИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн Захирал Б.Баяртогтох, ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Жан Мин болон МОУСХ-ны тэргүүн Ц.Батбаяр нар оролцож, нээлтийн үг хэлэв.

Үүний дараа хурлын эхний хэсэг болох улс төр, гадаад бодлогын чиглэлээр ШУА-ний Олон улс судлалын хүрээлэнгийн судлаач проф. Ж.Баясах “Монголд тулгарч буй дилем”, БНХАУ дахь ШХАБ судлалын төвийн захирал ноён Дэн Хао “Хурдан өөрчлөгдөж буй дэлхий дэх ШХАБ-ын ирээдүйн хөгжлийн чиг хандлага”, Узбекистаны ГХЯ-ны дэргэдэх ОУХ-ны мэдээлэл шинжилгээний төвийн дарга Хошимова Шаходат “ШХАБ дахь соёлын хамтын ажиллагаа” зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв.

spsirpa

Хурлын хоёрдугаар хэсэг болох эдийн засгийн асуудлаар Стратеги судалгааны хүрээлэнгийн судлаач Н.Энхбаяр “Өөрчлөгдөн буй дэлхийн болон дэлхийн хуваагдал”, Энэтхэгийн Гадаад харилцааны зөвлөлийн ШХАБ судлалын төвийн судлаач др. Атхар Зафар “Эдийн засгийн хамтын ажиллагаа, харилцаа холбоо” зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв.

spsirpa

Сүүлийн хэсэг болох аюулгүй байдлын асуудлаар ОУХНУС-ийн захирал проф. Ж.Баттогтох “терроризм, экстемизм, сепаратизмын талаарх Шанхайн Конвенцийн талаарх дүн шинжилгээ”, Тажикистаны Ерөнхийлөгчийн дэргэдэх Стратеги судалгааны төвийн судлаач Хидояцода Комрони Жамолидин “ШХАБ-ын өмнөд бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад Тажикистаны үүрэг, хувь нэмэр” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.

spsirpa

ШХАБ-ын энэхүү хуралд ШУА-ийн ОУСХ, Стратеги судалгааны хүрээлэн, Аюулгүй байдал судлалын хүрээлэн, ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын газар, ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын (ОХУ, БНХАУ, Энэтхэг, Казахстан, Белорус) Элчин сайд болон бусад төлөөлөгчид оролцож идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлэв.



Дээш