2023 оны 4 сарын 24-нд ОУХНУС-ийн “Хүндэт төгсөгчийн индэр”-ийн анхны зочин Монгол улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Монгол улсын гадаад бодлого, дипломат ажиллагаа” сэдвээр оюутан залууст лекц уншлаа.
“Transforming Education” хэмээх XXI зууны дэлхийн улсуудын боловсролын салбарыг бүхэлд нь хамран өрнөж буй өөрчлөлт шинэчлэлийн үйл явц МУИС-д эрчимжсэн цаг үед “Хүндэт төгсөгчийн индэр” арга хэмжээ нь оюутан суралцагчдад чиглэсэн зорилтот үйл ажиллагаа болж буйн хувьд шинэлэг юм.
МУИС-ийн захирал Д.Бадарч арга хэмжээг нээж үг хэлэхдээ сүүлийн гуч гаруй жилд МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль үндэсний түвшинд танигдаж, эх орныхоо хөгжил дэвшилд 4000 гаруй төгсөгчид нь мэдлэг, чадвар, манлайллаараа бодит хувь нэмэр оруулж буйн тод илрэл нь 1996 оны МУИС-ийн Олон Улсын Харилцааны дээд сургуулийн төгсөгч, Монгол улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг болохыг онцлов.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өөрийн илтгэлдээ өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаан дах манай улсын гадаад бодлогын ололт амжилт болон цар тахлын сөрөг нөлөө, олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, геополитикийн зөрчил хурцдаж, хориг арга хэмжээ даамжирч буй энэ эгзэгтэй үед Монгол Улсын гадаад харилцаандаа баримталж буй бодлого чиглэл, хийж хэрэгжүүлж буй ажил, олон улсын харилцаа, хамтын ажиллагаатай холбоотой асуудлыг тоймлон танилцуулсан.
ОУХНУС-ийн захирал Ж.Баттогтох Хүндэт төгсөгч Б.Батцэцэгт төрөлх сургуулийнхаа урилгыг хүлээн авч, оюутан залууст сонирхолтой лекц уншиж, үнэтэй сургаал зөвлөмж өгсөнд талархлаа илэрхийллээ.
Дэлхийн тэргүүлэх их дээд сургуулиуд хувийн амжилтаар Их сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж яваа, академик орчинд, нийгэмдээ, олон улсад, мэргэжлийн салбартаа ололт амжилт гаргасан, соёл нийгмийн амьдралд гарамгай онцгой гавьяа байгуулсан зэрэг шалгуураар төгсөгчдөөсөө шалгаруулан The Distinguished Alumnus, The Outstanding Alumnus зэрэг эрхэм цолыг хүртээж, алдаршуулдаг. Энэ нь төгсөгч-их сургууль-суралцагч-багш профессорууд хэмээх олон талт харилцааны эргэх холбооны чухал илрэл болж байдаг.
ОУХНУС эрхэм зорилгынхоо хүрээнд цаашид Төгсөгчдийн холбоотой хамтран салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, нийгэмд мэдлэг, ур чадвар, хандлагаараа манлайлагч, сургуулийнхаа бахархал болсон шилдэг төгсөгчийг жилд нэг удаа алдаршуулах “Хүндэт төгсөгчийн индэр” арга хэмжээг зохион байгуулж, оюутан залууст урилгаар лекц уншуулж үйл ажиллагааг тогтмолжуулах юм.