Мэдээ

“SIRPA Oscars-2023” уралдаан Х дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа

spsirpa

МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулиас жил бүр зохион байгуулдаг “SIRPA Oscars-2023” кино уралдаан Х дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү уралдаан нь оюутнуудын “Дипломат ёслол, баримт бичиг баримт боловсруулалт” хичээлийн хүрээнд олж авсан мэдлэгээ практикаар бататган богино хэмжээний кино бүтээл болгон толилуулдаг онцлогтой.

Тус наадмын шүүгчийн бүрэлдэхүүнд ОУХНУС-ийн тэнхимийн Дэд профессор С.Оюунсүрэн, ахлах багш Д.Оюунсүрэн, багш Д.Өнөрмаа, зочин шүүгчээр ОУХНУС-ийн төгсөгч комедиан У.Содхүү нар ажилласан юм. Шүүгч нар ирүүлсэн кинонуудыг шинэлэг санаа, бүтээлч байдал, агуулга, ач холбогдол зэргийг харгалзан байр эзлүүлсэн бөгөөд арав дахь удаагийн “SIRPA Oscars – 2023” уралдаанд:

  • Нэгдүгээр байранд “Элчин сайдын зохисгүй томилгоо”
  • Хоёрдугаар байранд “Forrest Ганбаа”
  • Гуравдугаар байранд “Sirpa’s once in a lifetime show” бүтээлүүд шалгарлаа.

spsirpa

Багууд: Оюутан насны мартагдашгүй, хөгжилтэй дурсамжуудын нэг болон үлдлээ.

Эхний гурван байранд шалгарсан багуудын төлөөллөөс кино бүтээлийнх нь илэрхийлэхийг зорьсон санааг сонирхон, асуулаа.

“Элчин сайдын зохисгүй томилгоо” бүтээлийн хувьд:

-SIRPA-OSCAR 2023 кино уралдаанд оролцон тэргүүн байранд шалгарсандаа маш их баяртай байна. Бүх багууд кино бүтээлдээ хүргэх гэсэн санаагаа маш сонирхолтой байдлаар илэрхийлсэн байсан. Бид өөрсдийн киногоороо одоогийн дипломат албаны улс төрийн томилгоог тусгаж харуулахыг хичээсэн. Жишээ нь: АНУ-д элчин сайдаар аялагч хүнийг томилсон гэх мэт зохисгүй томилгоонууд их байна хэмээн онцоллоо.

“Forrest Ганбаа” бүтээлийн тухайд:

-Анх киноныхоо санааг Forrest Gump киноноос сэдэвлэсэн. Хүн бүрийн мэддэг, сэтгэлд хоногшсон киноноос санаа аваад хийвэл илүү гоё байх болов уу гэж бодсон. Киноны нэрийг монголчлон Forrest Ганбаа болгосон хэмээн онцолж байв. Тус багийн хувьд кинонд тоглоход амархан гэж боддог байсан ч зохиол бичих, жүжиглэх, зураг авах гээд бэрхшээлтэй зүйлс тохиолдсон тухайгаа хуваалцлаа.

Харин Sirpa’s once-in-a-lifetime show-аар:

Монгол Улсын ИХ-н дарга Авролора улсад айлчилж буй тухай гардаг. Тус бүтээлээрээ дипломат айлчлалын үеэр гаргадаг жижиг алдаануудыг дурдан хамгийн гол нь Төрийн ёслолын тухай ёс журам ямар чухал болохыг киногоороо илэрхийлэхийг зорьсон хэмээж байв.

“Энэ жилийн наадмын бас нэгэн онцлог нь бусад сургуулиас оролцох боломжийг нээлттэй болгосон явдал юм. Мөн тус уралдаанд оролцон бүтээлээ танилцуулсан багуудын төлөөллөөс наадмын талаарх сэтгэгдлийг сонирхож, асуулаа.”

А Diplomatic evening бүтээлийн тухайд:

Дипломат ёс горимыг анимейшн хэлбэрээр хүргэхийг зорьсон бөгөөд тус бүтээлийн гол онцлог нь кино-анимейшн хослуулан хийсэн байгаа. Анимейшнээ гараар зурж, будсан. Мөн харилцан яриа оруулалгүйгээр дан сонгодог ая ашиглан, үйл явдалтай холбоотой нэмэлт дуу чимээг хооронд нь уялдуулан хийсэн. Анимейшн бүтээх явцад бүгдийг гараар зурж, будах, эдит хийх нь маш их цаг хугацаа, төвлөрөл, нарийн мэдрэмж шаардсан ажил байсан. Гэсэн хэдий ч энэ бүхнийг даван туулж, үзэгчдийн хүртээл болгосондоо баяртай байна хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Хүмүүнлэгийн ухааны сургуулийн “Олон улсын харилцаа” хөтөлбөрийн оюутнууд:

Анх удаагаа бусад сургууль SIRPA-Oscars-т оролцох боломж нээгдээд бид багаа бүрэлдүүлэн киногоо хийсэн. Энэхүү тэмцээнд оролцож мэргэжил нэгт МУИС-ийн оюутнуудтай өрсөлдсөндөө баяртай байна. Манай сэдвийн хувьд тэтгэвэртээ гарсан ахмад дипломат зургийн цомгоо үзээд дурсамжаараа аялж буй утгыг бариад киногоо хийсэн. Бусад багуудын кино хөгжилтэй, агуулга сайтай, сурах юм ихтэй байсан тухай сэтгэгдлээ илэрхийллээ.

Д. Оюунсүрэн: “Бие даалтын ажлыг сонирхолтой болгох санаа маань SIRPA Oscars кино уралдаан болсон”

2011 онд “Дипломат ёслол, баримт бичиг боловсруулалт” хичээлийн нэг семинарын ангийн оюутнуудтайгаа бие даалтын ажлыг яаж сонирхолтой хэлбэрээр хийлгэвэл зүгээр вэ гэж ярьж байгаад богино хэмжээний видео кино хийлгэж байя гэж шийдсэн юм. Харин 2016 оноос оюутан А.Алтанзаяагийн санаачилгаар SIRPA Oscars нэрийн дор зохион байгуулагдах болсон. Үнэхээр оюутнуудын маань хүсэн хүлээдэг сайхан арга хэмжээ болсонд баяртай байдаг. Оюутнууд маань кино хийх явцдаа онолын мэдлэгээ бататгахын хамт бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах чадвараа хөгжүүлдэг. Кино уралдаанд ирсэн бүтээлүүдийг сургалтанд ашигладагаас гадна оюутнуудын маань залуу насны дүр төрхийг хадгалж үлддэгээрээ ач холбогдолтой юм. Энэ жилийн хувьд ирүүлсэн бүтээлүүд маш өвөрмөц хийцтэй, сонирхол татахуйц байснаас гадна ХИС-иас анх удаагаа оролцсон онцлогтой байлаа.

Энэ дашрамд, зочин шүүгчээр ажиллах урилгыг маань хүлээн авч, хүрэлцэн ирсэн манай 2015 оны төгсөгч У. Содхүү болон арга хэмжээг зохион байгуулж тусалсан С.Санчир, С.Булганхүү, Ч.Халиунцэцэг, Б. Мөнхзол, С. Ансалмаа нартаа маш их баярлалаа. Мөн шүүгчээр ажилласан Др. С.Оюунсүрэн, Д.Өнөрмаа багшдаа талархсанаа илэрхийлье.

У. Содхүү: “Энэ уралдаандаа маш их хайртай.”

МУИС-ийн ОУХНУС-ийн төгсөгч: Комедиан У.Содхүү энэ жилийн уралдаан маш гоё боллоо. 8 жилийн өмнө тус уралдаанд оролцон дэд байранд шалгарч байсан. Эргээд бодоход энэ уралдаанд оролцсон нь оюутан насны хамгийн гоё дурсамжуудын нэг болсноос гадна, уг хичээлийн агуулга нь амьдрал дээр маш их хэрэг болдог юм байна гэдгийг өөрийнхөө амьдралаас дүгнэн харж байгаа.

Тиймдээ ч Д.Оюунсүрэн багшийнхаа урилгаар “SIRPA Oscars – 2023” наадмын шүүгчээр ажилласандаа маш их баяртай байна. Бид нарын үеэс хамаагүй сайжирсан харагдлаа. Өөрсдийнхөө хүч хөдөлмөрөө зориулан хийсэн бүтээл нь оюун санаанд нь үүрд мөнх хадгалагдаж, өнө мөнхөд ашиглагдах болтугай гэж ерөөе өө хэмээн наадмын талаарх сэтгэгдлээ бидэнтэй хуваалцсан юм.

Тэрбээр ОУХНУС-ийн 2015 оны төгсөгч билээ.

spsirpa

Түүнчлэн кино уралдааныг сонирхон үзэн оюутнуудаас сэтгэгдлээ хуваалцахыг хүсэхэд:

Үеийнхээ хүүхдүүдийн өөр өөрөөр сэтгэж хийсэн, шинэлэг сонирхолтой киног үзэхэд маш таатай байна. Энэ жилийн SIRPA Oscars-д оролцож буй бүтээлүүд уран сэтгэмжтэй, хөгжилтэй болсон санагдлаа. Кино уралдаанаар дамжуулан дипломат албаны тухай маш олон зүйл мэдэж авсан. Энэхүү уралдааныг цаашдаа хүрээгээ улам бүр тэлэн жил бүр тасралтгүй зохион байгуулагдаасай хэмээн хүсэж буйгаа илэрхийлж байв.

 

Шүүгчдийн зүгээс оролцсон бүх багуудад баяр хүргэн, уралдаанд тэргүүлсэн багт үүрд хадгалагдах цом, удаах байр эзэлсэн багуудад өргөмжлөл, мөнгөн шагнал гардууллаа.

“SIRPA Oscars – 2023”-д түрүүлсэн “Элчин сайдын зохисгүй томилгоо” бүтээлийг доорх холбоосоор сонирхоно уу: https://youtu.be/9yuoYji4TIw

Уралдаанд оролцсон бусад бүтээл болон өмнөх жилүүдийн бүлтээлүүдийг https://www.youtube.com/@oyunsurendamdinsuren1279 сувгаас үзэх боломжтой.

spsirpaspsirpa

Мэдээ бичсэн: 3-р түвшний оюутан Б. Мөнхзол, С. Ансалмаа



Дээш