Мэдээ

ОУХНУС-ИЙН ОЮУТНУУД АВСТРАЛИЙН ХОЛБООНЫ УЛСЫН ЭСЯ-НД ЗОЧИЛЛОО

spsirpa

2023 оны 5-р сарын 12-ны өдөр МУИС-ийн ОУХНУС-ийн Олон улсын харилцаа хөтөлбөрийн “Дипломат ба консулын харилцаа” хичээлийг хаврын улиралд судалж буй оюутнуудын төлөөлөл ахлах багш Д.Оюунсүрэнгийн хамт Австралийн Холбооны Улсын ЭСЯ-нд зочиллоо.

Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэйти Смит болон түүний хамт олон биднийг халуун дотноор угтан авч, Австрали Улсын ЭСЯ-ны үйл ажиллагаа, сүүлийн жилүүд дэх хоёр улсын хамтын ажиллагааны онцлох зүйлс, цаашдын төлөвлөгөөтэй танилцах боломжийг олгосон юм.

spsirpa

2022 оны 8-р сард Австрали, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн баяр болж өнгөрсөн бөгөөд энэ хүрээнд нэг сая долларын төсөв бүхий хөгжлийн хөтөлбөрийг эхлүүлсэн, хоёр орны хувьд чухал ач холбогдолтой салбарт бүтээн байгуулалтын ажил хийсэн, жендэрийн тэгш байдал, хөгжлийн бэрхшээл, хүртээмжтэй хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, залуучуудыг чадавхжуулах зэрэг салбарт тусламж үзүүлсэн, Монголын талаас Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй төлөөлөгчид Австралид өндөр хэмжээний айлчлал хийсэн зэрэг харилцааг дээд түвшинд бэхжүүлсэн олон ажлын тухай мэдээлэл авав. Монгол Улс, Австрали улсын хоорондох уул уурхай, хөдөө аж ахуй, эдийн засаг, соёл боловсролын салбар дахь хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн, бататгахаа дурдсан билээ.

Мөн Австрали-Монголын хооронд харилцан хил нэвтрэхэд жил ирэх тусам илүү хялбархан болгохыг эрмэлздэг бөгөөд 50 жилийн ойн хүрээнд Монгол иргэдэд ажиллах, аялах шинэ төрлийн виз олгож эхэлсэн нь тэмдэглүүштэйг хэлсэн юм. Дашрамд нь оюутнуудад хандан гадаад улс руу явахдаа өөрийн аюулгүй байдлыг хангаж, болзошгүй эрсдэлээс сэргийлж, эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, хувийн бэлтгэлээ хангаж байхыг зөвлөсөн.

Энэ жил буюу 2023 онд Australia Awards буюу Австралийн Засгийн Газрын тэтгэлэгт хөтөлбөр эхэлсэний 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд өдгөө уг тэтгэлэгт хамрагдсан 700 гаруй төгсөгч Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа юм. Тэтгэлэгт хамрагдсан иргэд Монголдоо буцаж ирээд, нийгэмдээ хувь нэмэр оруулах нь уг тэтгэлгийн гол онцлог гэдгийг хэлсэн билээ. Жил бүр Монголоос Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагддагийн зэрэгцээ Монголыг сонирхсон Австрали хүмүүс сайн дурын ажилтнаар ирдгийг давхар дурдлаа.

spsirpa

Биднийг хүлээн авахдаа Элчин сайд Кэйти Смит загварын дээлээр гоёсон байсан ба энэ зуны наадмыг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлсэн. Уулзалтын төгсгөлд Элчин сайд хэрхэн одоогийн ажилдаа орохоор шийдсэн, гадаад харилцааны салбарын мэргэжилтэнд тавигдах шаардлагын талаар ч мөн илэн далангуй ярилцсан нь маш сургамжтай байлаа. Тэрбээр нэг бакалавр, хоёр магистрын зэрэгтэй бөгөөд Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны Номхон далайн хэлтсийн даргын ахлах зөвлөх (2020); Афганистаны хөгжлийн хэлтсийн орлогч захирал (2016-2017); Зүүн Тиморын хэлтсийн орлогч захирал (2014-2016) AusAID-ийн Хөгжлийн бодлогын хэлтсийн орлогч захирал (2012-2013) зэрэг албан тушаал хашиж байсан туршлагатай. Элчин сайд Смит олон улсын харилцаагаар сурч байгаа, ажиллах хүсэлтэй хүн аливаа соёлын ялгаанд дасан зохицох, асуудлыг шийдвэрлэх чадвартай байх хэрэгтэй хэмээн бидэнд зөвлөв.

Уулзалтын төгсгөлд бидэнд Монгол Улс, Австралийн Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан шуудангийн марк болон манай хоёр улсын төрийн далбаа бүхий энгэрийн тэмдэг дурсгал болгон өгсөн юм.

Уг марканд Жаргалант Хайрханы бэлд, Хүйсийн говьд бэлчиж буй янзагаа дагуулсан монгол бөхөн, Австралийн Улуру хэмээх аварга хадан цохионы энгэрт үр төлөө бойжуулж буй улаан имжийг дүрсэлсэн аж.

spsirpa

Монгол Улсын чухал гуравдагч хөршийн нэг Австралийн Холбооны улсын ЭСЯ-нд зочлон, олон чухал зүйлсийг мэдэж авсандаа бид гүнээ талархаж байна. Оюутан бидэнд урам зориг өгсөн, цаашид карьераа төлөвлөхөд дөхөм болсон энэхүү гайхалтай уулзалтыг зохион байгуулахад тусалсан, тус яамны ажилтнууд болох манай сургуулийн 2015 оны төгсөгч Б.Энхжин, 2018 оны төгсөгч Б.Чинтүшиг нартаа баярлалаа.

spsirpa



Дээш