МУИС-ийн ОУХНУС-ийн “Дипломат ба консулын харилцаа” хичээлийн хүрээнд АНУ-ын ЭСЯ-нд зочлох завшаан тохиосонд туйлын таатай байна. Олон улсын харилцааны чиглэлээр суралцаж буй бидэнд ДТГ-ын үйл ажиллагаатай танилцах “онцгой” боломж олгосон АНУ-ын ЭСЯ-ны удирдлага болон тус яамныхантай холбогдож, ЭСЯ-тай биднийг биечлэн танилцуулах аялал зохион байгуулах хүсэлт тавьж, ажил хэрэг болгож чадсан Д.Оюунсүрэн багшдаа нийт оюутнуудын өмнөөс халуун талархал илэрхийлье.
2023 оны 5-р сарын 16-ны Мягмар гарагийн өглөө ЭСЯ-тай танилцах аялалд оролцох “эрх авсан” оюутнууд цөм товлосон цагтаа цугларлаа. Биднийг очиход ЭСЯ-ны хүлээлгийн хэсэг болох эсгий гэрт хүлээн авч, аюулгүй байдлын хяналт шалгалтанд нэгдсэн байдлаар оруулахаар болов. Хүлээлгийн хэсэгт биднээс гадна ЭСЯ-ны консулын хэлтэст визний ярилцлагад орохоор ирсэн олон хүн байсан боловч аюулгүй байдлын албаныхан тун чадварлаг ажиллаж, бүхнийг “цэгцэнд” оруулав. Биднийг ЭСЯ-ны барилгад нэвтрэхэд тус яамны Улс төрийн хэлтсийн дарга Келли Базби болон тус хэлтсийн ажилтан Г.Золбоо нар найрсаг дотноор хүлээн авснаар бидний аялал эхлэв.
АНУ-ын ЭСЯ-ыг зөвхөн Консулын хэлтсийн байраар нь төсөөлж байсан минь өрөөсгөл байжээ. “Монгол дахь АНУ-ын нутаг дэвсгэр (the U.S. territory in Mongolia)” дэх бяцхан “бие даасан улс” байсан юм. Бидний хамгийн түрүүнд зочилсон хэлтэс бол Захиргаа-техникийн хэлтэс байлаа. ЭСЯ-ны арын албыг хариуцдаг тус хэлтэс нь бусад нэгж, хэлтсүүдээсээ хавьгүй том бүтэц, бүрэлдэхүүнтэй байсныг дурдах хэрэгтэй. Дийлэнх ажилтнууд нь Монгол хүмүүс байсан. “Хөтөч” Келли биднийг МУИС-ийн ОУХНУС-ийн оюутнууд манай ЭСЯ-тай танилцах аялал хийж байна хэмээн танилцуулахад тэдгээр ах эгч нар биднийг “манай ирээдүйн дипломатууд” хэмээн халуун дотноор хүлээн авч, бидэнд өөрсдийн эрхэлдэг ажлаа дуртайяа танилцуулсан юм. Тэдний дунд манай сургуулийн төгсөгчид мөн байсан билээ. МУИС-ийн ОУХНУС хэмээх эрхэм хүндэт сургуулийн төгсөгчид өнөө цагийн дэлхийн бодлогыг тодорхойлж буй улсын ЭСЯ-нд үр бүтээлтэй ажиллаж буйг харсан нь бидэнд хичээлдээ шамдан суралцах урам зориг хайрласан төдийгүй төрөлх сургуулийнхаа нэр хүндийг сайнаар дурсгаж явах хариуцлага давхар үүрч байгаагаа ойлгосон юм.
Бидний дараагийн зочилсон хэсэг бол ЭСЯ-ны кафе байлаа. Келлигийн танилцуулснаар ЭСЯ-ны хамгийн их хөл хөдөлгөөнтэй хэсэг бол кафе ажээ. Биднийг тэнд очиход Америк дипломатууд өглөөний цайндаа орж байлаа. Бид тэдэнтэй танилцаж, хэдхэн хором ярилцах завшаан тохиов. Үүний дараа бид магадгүй ЭСЯ-ны хамгийн сонирхолтой гэж хэлж болох хэсэгт зочилсон юм. Энэ бол ЭСЯ-ны эмнэлгийн хэсэг байсан юм. ЭСЯ дотор бүрэн тоног төхөөрөмжтэй бүхэл бүтэн эмнэлэг байгааг хараад бахархах, гайхах зэрэгцэж байсныг нуух юун.
Үүний дараа бид Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны өрөөнд очлоо. Энэ алба нь ЭСЯ-наас явуулж буй үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, цахим хуудас хөгжүүлэх, Төрийн Департмент руу ЭСЯ-ны мэдээ, тайланг илгээх, хүлээн авах үүрэгтэй алба ажээ.
Улс төрийн хэлтсийн дарга Келли Базби
Манай хөтөч Келли болон Золбоо нарын ажилладаг Улс төрийн хэлтэст зочлох үеэр тэд бидэнд өөрсдийн үйл ажиллагааг товч ойлгомжтойгоор тайлбарласан бөгөөд Элчин сайдын уулзалтыг товлох, уулзалтын протоколыг хөтлөхөөс эхлүүлээд бусад олон нарийн ээдрээтэй асуудлыг хариуцан ажилладаг чухал алба ажээ.
Дараагаар нь бид Санхүү, Эдийн засгийн хэлтэст зочилсон бөгөөд энэ үеэр надад тус хэлтсийн мэргэжилтнээс асуулт асуух завшаан тохиосон юм. Би түүнээс “Монгол-Америкийн худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд ямар бэрхшээл байгаа” талаар асуухад “Хөгжил гэдэг ойлголт эдийн засаг, худалдаатай салшгүй холбоотой байдаг. Иймд хоёр орны худалдаа эдийн засгийн харилцааг эрчимжүүлэн хөгжүүлэх нь бидний гол зорилго юм. Манай хэлтсийнхэн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг тандан судалж, тоон мэдээлэлд боловсруулалт хийж төв рүүгээ мэдээ бэлтгэж явуулдаг. Дэлхийн олон улсад буй манай ДТГ-уудын явуулсан эдийн засгийн тайлан мэдээг манай төв байгууллага нэгтгэж, Investment Climate Report буюу Хөрөнгө оруулалтын төлөв байдлын тайланг эрхлэн гаргадаг. Бидний үүрэг бол тус тайланд Монгол Улсын үнэн бодит төрхийг бичих явдал юм. Хоёр орны харилцаанд маш олон ололт амжилт бий ч гэлээ зарим анхаарвал зохих асуудал буйг дурдах нь зүйтэй. Хөрөнгө оруулалтын хувьд авч үзвэл, нэн түрүүнд Монгол Улсын хууль эрх зүйн орчны тогтворгүй байдал нь АНУ-ын хөрөнгө оруулагчид танай улсад ирж, бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг. Мөн авлига, хүнд суртлыг дурдах ёстой. Арваад жилийн өмнө үүссэн татварын маргаан өнөөдөр хүртэл шийдэгдээгүй байгаа түүхийг хүртэл би мэднэ. Энэ мэт ойлгомжгүй асуудлуудаа цэгцэлж чадсан тохиолдолд худалдаа эдийн засгийн харилцаанд маш том эерэг өөрчлөлт авчрах нь гарцаагүй юм” хэмээн хариуллаа. Манай улсын бодлого боловсруулагчид гадаад түншүүдийнхээ дээрх мэт үнэн бодит байдлыг хэлсэн үгсээс сургамж авах ёстой юм.
Үүний дараа маш чухал нэгэн хэлтэстэй танилцлаа. Энэ бол Мянганы Сорилтын Корпорациас Монгол Улсад хэрэгжүүлж буй ус дахин боловсруулах үйлдвэрийн төслийн баг байсан юм. Тус үйлдвэрийн бүтээн байгуулалтын санхүүжилт нийтдээ 462 сая ам.доллар бөгөөд АНУ-ын Мянганы Сорилтын Корпораци 350 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газар 111.8 сая ам.долларын санхүүжилтийг гаргаж байгаа юм байна. Гадаргын усны нөөц багатай манай улсын хувьд гуравдагч хөрштэйгөө хамтран Улаанбаатар хотын усан хангамжийг 80 хувиар нэмэгдүүлэх стратегийн чухал ач холбогдолтой төслийг хэрэгжүүлж байгааг харах таатай байлаа.
Бидний танилцах аялал энэ хүрээд өндөрлөсөн юм. Нэг цаг орчим үргэлжилсэн энэ богинохон аялал нь хилийн чанад дахь ДТГ-ын үйл ажиллагааны тухай онолын мэдлэгээ практикаар бататгах, мөн Монгол-АНУ хоёр улсын хамтын ажиллагааны тухай олон мэдээлэл авсах боломж олгосон, чухал ач холбогдолтой байсныг цохон тэмдэглэх нь зүйтэй.
Биднийг халуун дотноор хүлээн авч, байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулсан АНУ-ын ЭСЯ-ны ажилтнууд, тэр дундаа Улс төрийн хэлтсийн дарга Келли Базби болон тус хэлтсийн ажилтан Г.Золбоо нар гүн талархал илэрхийлье!