Мэдээ

А. БАТ-ЭРДЭНЭ: АЛТАН АРГАМЖАА АЛДAХАД ИХ ОЙРХОН БАЙНА

spsirpa

МУИС-ийн ОУХНУС-ийн ахлах багш Д.Оюунсүрэнгийн заадаг “Дипломат ба консулын харилцаа” хичээлийн бие даалтын ажлын хүрээнд НҮБ-д удирдах албан тушаал хашиж буй цөөхөн монголчуудын нэг болох НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын Хөгжлийн эрхийн хэлстийн дарга Аюушийн Бат-Эрдэнэтэй энэхүү ярилцлагыг бид цахимаар хийсэн юм.  Тэрбээр өөрийн амьдралын замналыг бидэнтэй дуртайяа хуваалцсан бөгөөд алдаж, онож аз туршихаас эмээдэггүй, урдаа тавьсан зорилгоо ухаараад, тууштай урагшилж чадвал уулын бэлээс оройд нь гарч болохыг харуулсан амьд жишээ болсон хүн юм. Ирээдүйд улсынхаа гадаад харилцааг нуруун дээрээ үүрч явах хүмүүсийн хувьд бидний авсан сургамж бол улсын гадаад дархлаа гэдэг чухамдаа дипломат харилцаа байдаг ба энэ их үүрэг хариуцлагыг авилгажуулж байгаа нь гадаад харилцааны маань алтан аргамжийг тасалж, эх нутгийн маань өргөжин хөгжих, хойч ирээдүй залуусын дэвжин дээшлэх боломжоос хумсалж байгаа юм. Нэг талаас төр засаг ах дүүстээ үйлчилдэг эл тогтолцоог халж, нөгөө талаас залуус бид хаана ч нүүр үл улайлгахгүй мэдлэг чадвартай болж, ирээдүйн халааг нь нэр төртэйгөөр авч явах ёстойгоо ч ухамсарлалаа. Алтан цагаа зарцуулан оюутан бидэнтэй бодууштай яриа хийсэн А. Бат-Эрдэнэ ахдаа ахин талархал илэрхийлье.

Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ярилцлагаа таны хүүхэд наснаас мөн яагаад энэ мэргэжлийг сонгох болсон талаараа ярилцаж эхлүүлье.

– Би Улаанбаатар хотод төрж өссөн. Найман хүүхэдтэй айлын доороосоо хоёр дахь нь. Арван жилдээ нийслэлийн 48-р  сургуульд сурч байгаад 33-р сургуулийн химийн сонгоны анги руу шилжсэн. Учир нь би ээжийнхээ зөвлөснөөр эмч болох хүсэлтэй байсан. 16 настайд ээж маань, 26 настайд аав маань тэнгэрт дэвшсэн.

Монголын агуу дипломатуудын нэг ГХЯ-ны сайд асан М.Дүгэрсүрэн гуай манай Найрамдал дүүргээс сонгогдсон депутат буюу одоогийнхоор УИХ-ын гишүүн байв. Би сургуулийнхаа бүлгэмийн зөвлөлийн дарга, нэлээн идэвхтэй сурагч байсан. Дүгэрсүрэн сайд манай сургуульд уулзалт хийхээр ирэх болов. “Чи дипломат болбол зохих хүн дээ” гэж хэд хэдэн хүн хэлж байсан гэнэт санаанд орсон. Tэгээд би сургуулийн захирал болон эрхлэгчтэйгээ ярилцан, “Дүгэрсүрэн сайдтай намайг уулзуулж өгөөч” гэж хүссэн бөгөөд түүнтэй уулзаж, өөрийн санаа бодол дипломат сургуульд орох хүсэл зорилгоо хэлсэн. Дүгэрсүрэн гуай “Аав чинь хэн билээ, хаана ажилдаг хүн бэ?” гэж асуусан. “Maнай аавыг Аюуш гэдэг, цэргийн хурандаа” гэсэн чинь “Өө, би Аюуш хурандааг мэднэ, чи сэхээтэн айлын хүүхэд юм байна, Москвагийн ОУХДС-д сэхээтний хүүхэд авдаггүй, голдуу малчин, ажилчдын хүүхдүүд авдаг” гээд татгалзав. Манай аав дээд боловсролгүй, залуудаа тракторчин байгаад цэрэгт татагдан орж 40 жил алба хашиж хурандаа болсон хүн гэж би маргав. Хариуд нь Дүгэрсүрэн сайд “За, ямар ч байсан чи их сургуульд элсэх шалгалтаа өгч дуусчхаад сайн дүнтэй өгсөн бол Гадаад Яамтай холбогдоорой” гэж хэлсэн.

 1984 онд арван жилээ төгсөөд Aнагаахын дээд сургуульд элсэж, xөдөө cангийн аж ахуйд ургац хураах ажилд явах гээд бэлдэж байв. Анагаахын дунд сургууль төгссөн эгч маань тэр жил бас шалгалт өгч, Анагаахын дээд сургуульд орсон. Нэг гэрээс хоёр эмч гарснаас нэг нь ч болов өөр мэргэжилтэй болно гээд ГХЯ-тай холбогдсон доо. МАХН-ын Улс төрийн товчоогоор асуудал орж, манай аавыг малчин, сэхээтэн, ажилчин биш албан хаагч гэж тодорхойлсон. Ингээд анх удаа албан хаагчийн хүүхэд гэдэг ангиллаар Москвагийн ОУХДС-д сурахаар болсон. Тухайн үед ОУХДС-д явахаас өмнө Mонгол сургууль төгсөгчид нэг жил Oрос Xэлний Дээд Сургуульд сурч, орос сургууль төгссөн хүүхдүүд нэг жил цэргийн алба хаадаг байсан. Москвагийн ОУХДС-д aнгли 1-р хэл, франц 2-р хэлээр 5 жил сураад ГХЯ-д ажилд орохоор ирэхэд орон тоо байхгүй, МИАТ-д англи хэл заах ажил байна гээд намайг аваагүй. Надтай хамт төгссөн сэхээтний хүүхдүүд арын хаалгаар ГХЯ-д ажилд орчихсон байсан. Би МИАТ-ийн үйлчлэгч нарт англи хэл заах гэж Москвад 5 жил сураагүй, тийм бол хувийн салбарт ажил олж хийнэ гэдгээ хэлсэн.

Яагаад сэхээтний хүүхдүүдийг Москвагийн ОУХДС-д авдаггүй байсан юм бол?

– Cэхээтний хүүхэд авдаггүй гэж наанаа ярьдаг байсан. Москвад очоод сургуульдаа ортол Төв Хорооны гишүүд томчуулын хүүхдүүд арын хаалгаар орчихсон байдаг юм билээ. Цаагуураа тэдэнд орон тоо хадгалж, наанаа зөвхөн ажилчин, малчны хүүхэд авна гэж ярьдаг. Социалист нийгэмд ч ялгаагүй авлига, арын хаалга, тэгш бус байдал элбэг байсан. Би социалист нийгэмд өсч сурч хүмүүжсэн. Их давчуу, эрх чөлөөгүй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхгүй, захиргаадсан, xязгаарласан, тагнасан,  яг л Kовидын үе шиг байсан.

Гадаад Харилцааны Яаманд хөл тавьсан нь.

– МИАТ-д орчуулагч хийхгүй гэж татгалзсаны дараа ГХЯ “АНУ-ын ЭСЯ-ны орчуулагч ээлжийн амралтаа авна, чи түүнийг нэг сар орлож ажиллах yy?” гэж санал тавьсан. Би дуртайяа хүлээн зөвшөөрсөн. Дараа нь Английн ЭСЯ туслах орчуулагч авна гэдгийг дуулаад тэнд мөн 8 сар орчуулагч хийсэн. Тэр үед Английн гүнж Анн Монголд айлчилж, ЭСЯ-ны хүлээн авалт дээр би хэлмэрчилсэн. ГХЯ-ны АНУ болон Барууны орнуудыг хариуцсан дарга Даваагив гуай англи хэлэндээ чадварлаг энэ залууг яагаад ГХЯ-д аваагүй юм гэж асуудал гаргаж намайг ГХЯ-д ажилд ороход дэмжсэн гэсэн. Ингээд 1991 оны 4-р сард  ГХЯ-д ажилд орсон. Сонирхуулж онцолвол надад бичиг цаас зөөгчийн ажил олгосон. Гадаадад дипломат төлөөлөгчдийн газар ажиллаж байгaад асуудал гаргаж буцаан дуудагдсан дипломатуудыг шийтгэдэг ажил гэж сонссон. Хэдэн сарын турш Ордон болон яамдуудын хооронд бичиг цаас явган явж зөөсөн дөө. Миний хувьд ГХЯ-д ажиллах нь ЭСЯ-тай харьцуулахад цалин мөнгө хангамж бага байсан боловч гадаад харилцааны тогоонд нь орно гэдэг өсөн дэвших боломж хавь илүү өгөх мэт санагдсан учир бичиг цаас зөөсөн ч гололгүй орсон.

spsirpa

1991 oны 7-р сард дипломат Юмжaв гуай Швейцарын Женев хотод Байнгын төлөөлөгчөөр томилогдохоор болж, Oлон Улсын Байгууллагын хэлтэст халааг нь би авaв. Ингэж анх удаа сурсан мэргэжлээрээ ажиллах боломж гарч, зэвсэг хураах асуудал хариуцсан мэргэжилтэн болсон. Удалгүй НҮБ-ын Нарийн Бичгийн Дарга Нарын Газар ажиллах Монгол иргэд шалгаруулж авах шалгалтад оролцсон. 300 орчим хүн оролцох хүсэлт гаргасан санаж байна. Бүх материалыг Нью-Йорк руу явуулж хянаад 100 орчим хүн тэнцэж, бичгийн шалгалтад орсон. 1992 оны 4-р сард НҮБ-ын Вена дахь төвөөс мэргэжилтэн ирж, бичгийн шалгалт авахад 4 хүн тэнцсэн. 1993 оны 1-р сард Aзи тивээс тэнцсэн хүмүүсийг НҮБ-ын зардлаар Сөүлд урьж аман шалгалт авсан. Би тэр үед Гомбосүрэн сайдтай хамт Парис, Ром, Bатиканд албан айлчлалд явах ажилтай байсан учир амжихгүйгээ мэдэгдээд аман шалгалтаа урьдчилаад Нью-Йоркт 1992 оны 9-р сард өгсөн. Тэр үед би зэвсэг хураах НҮБ-ын сургалтанд явж байж таарсан юм. Аман шалгалтад 4 хүнээс 3 нь оролцож, гурвуулаа тэнцсэн.

1993 оны хавар санаж байна. ГХЯ надад Женевт томилолт өгсөн. Би татгалзсан. Учир нь томилолтын хугацаанд НҮБ-аас ажилд авах урилга ирвэл би хүлээн авч ажилд орох боломжгүй болно гэж азаа туршсан л даа. Захиргааны хэлтсийн дарга намайг дуудаж уулзсан, ойрын 5 жилд чамайг гадаадад томилохгүй шүү гэсэн. Хамт ажиллагсад маань бас их гайхсан.

1994 онд НҮБ ажил санал болгож, урилга ирсэн. Гэтэл намайг НҮБ-д оруулахгүй гэсэн оролдлогууд ар араасаа цувраад. Ажлын өргөдөлдөө намайг дэмжих 3 хүний нэрэнд Юмжав сайдын нэр байсан. НҮБ Юмжав сайдад захидал ирүүлж дэмжлэг асуутал сайд хариу өгөөгүй дарсан гэж хамт ажиллаж байсан дипломат надад хэлсэн. Би хариу арга хэмжээ авч АНУ, Английн элчин сайд, бас бус таньдаг гадны хүмүүс рүү хандаж намайг дэмжсэн захиа явуулж өгөхийг хүссэн. Гэтэл тэр үед Нью-Йоркт ажиллаж байсан Байнгын төлөөлөгч Л.Эрдэнэчулуун гуай ГХЯ-д худал матаас бичгээр ирүүлж, надад захиргааны арга хэмжээ авч, НҮБ-д оруулж болохгүй гэж эсэргүүцсэн байдаг. Дараа нь YАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхсайхан гуай (манай хүндэт ахмад дипломатуудын нэг Жаргалсайхан гуайн хүү) намайг YАБЗ-ийн хуралд гэнэт анх удаагаа дуудсан. Цөмийн физикийн хүрээлэнгийн улсууд бас ирчихсэн Монголын цөмийн зэвсэггүй бүсийн асуудал хэлэлцэнэ гэнэ. Би 3 хавтас барьж очоод, хэлэлцэх бүх асуудлын материалууд энд байна, Энхсайхан гуай та мэдэж байгаа, би НҮБ-д ажиллах урилга аваад явах гэж байна, энэ хуралд оролцвол сая шинээр баталсан “Нууцын хууль”-ийн дагуу 3 жил хил давж чадахааргүй болчихно гэж тайлбарлаад хуралд оролцохоос татгалзсан. “Улсын аюулгүй байдал яригдаж байхад чи амиа хичээлээ” гэж Энхсайхан гуай намайг зэмлэхэд “НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газарт Mонгол иргэд ажиллуулах  нь ЗГ-ын бодлого. Би ЗГ-ын бодлогыг хэрэгжүүлж НҮБ-ын шалгалтад тэнцээд, урилга авч байхад та надад баяр хүргэхийн оронд шүүмжилж болохгүй шүү дээ” гэж хэлээд гарсан. Тэр үед компьютер, интернэт, гар утас зэрэг байхгүй байсан. Ардчилсан хууль ар араасаа гарч, өдөржингөө л шинэ хууль уншиж судалж байсны үр ач гарсан даа. Шинэ мэдээллээс хоцрохгүй байх ашиг тус гэх үү дээ.

Эцэст нь ГХЯ-ны албанаас намайг чөлөөлөх асуудлыг ГХЯ-ны Сайдын зөвлөлөөр авч хэлэлцэхээр ажил тарсны дараа хуралдав. Намайг хүлээж бай, дуудвал орж ирээрэй гэв. Орлогч сайд Ж.Чойнхор надад хөдөлмөрийн гэрээ өгч, НҮБ-д хэсэг ажиллуулаад эргэн дуудна гэсэн аж. Ц.Гомбосүрэн сайд харин, Бид залуусаа үргээгээд дууслаа, тэгж хатуу хандаж болохгүй, Бат-Эрдэнэтэй эхлээд ярилцъя, тэгээд шийдье гээд намайг хуралд дуудаж оролцуулсан. Гомбосүрэн сайд “За, Бат-Эрдэнэ ээ чамайг НҮБ-ын шалгалтад тэнцээд НҮБ-д ажилд орохоор болсонд хувиасаа болон Сайдын зөвлөлийн өмнөөс баяр хүргэе! НҮБ-д өндөр цалин аваад, насаараа ажиллаж, тэндээ бүр мөсөн үлдэх үү эсвэл эх орондоо эргэн ирж, НҮБ-д сурсан мэдсэн зүйлээ улс орондоо зориулах уу?” гэж асуув. Би хариуд нь“НҮБ хоёр жилийн туршилтын гэрээ эхэлж олгоно гэсэн. Tуршилтын гэрээ дуусаад тэнцэхүй бол буцаж ирнэ. Би хувийн салбар луу орохгүй, яамандаа орно, ОУБ-ын хэлтэстээ буцаж ормоор байна, миний орон тоог хадгалж байвал би их баярлана шүү, сайд аа” гэсэн. Зөв төлөвтэй байгааг минь үнэлээд сайд зөвшөөрөл өгөөд гаргаж байсан юм. Ингээд би сүүлийн шалгаруулалтыг амжилттай давж гэрээний ажилдаа орохоор Женев рүү зорилоо.

Хоёр жилийн дараа Гадаад яамнаас холбогдоод “Та хоёр жил болчихсон байна аа яамандаа ирэх болоогүй юм уу?” гээд асуусан л даа. “Tа нар Сайдын зөвлөлийн хурлын протоколоо уншаарай. Би хоёр жилийн дараа миний түр хугацаатай гэрээ дуусах юм бол би очно гэсэн. Сайн ажилласан болохоор миний гэрээr НҮБ байнгын гэрээ болгон сайшаан үнэлсэн” гэж хариулсан.

300 хүний материал гэхээр тухайн үеийн хүмүүсийн англи хэлний түвшин нэлээн сайн байсан гэж үзэх үү?

– Үгүй, үгүй. Шалгалтыг англи хэлний ямар түвшинд авахыг сайн мэдэхгүй байсан учраас хүмүүс сонирхоод  өргөдлөө өгсөн байх. Тухайн үед англи хэлдээ сайн хүн Mонголд ховор байсан. Би ч гэсэн өөрийнхөө хэлний мэдлэгийг их голдог байсан.

Хоёр жилийн туршилтын гэрээний хугацаанд ямар ажил хийсэн бэ? Яг таны одоо хийдэг шиг мэргэжлийн ажлыг хийлгэсэн үү, эсвэл нөгөө бичиг зөөдөг байсан гэдэг шиг тийм ажил хийлгэж шалгасан уу? Тэр хоёр жилийнхээ талаар ярина уу?

– НҮБ намайг хүний эрхийн мэргэжлийн ажилд авсан. НҮБ-д ирэхэд ихэнх ажилтан нь  англи, франц, испани 3 хэлээр, зарим нь 4-5 хэлээр ч ярина, 10 хуруугаар компьютертой ажилладаг байсан. Tэр үед и-мэйл арай нэвтрээгүй байсан. Би 10 хуруугаар ч  бичиж мэдэхгүй, компьютер сайн мэдэхгүй, “Windows программ” гэж яагаад нэрлэчихсэн юм бол доо, “window” гэдэг чинь миний сурсан англи хэлээр цонхыг хэлдэг гээд л гайхах юм их байсан. Москвад сурсан aнгли хэл маань улс төрийн хэл байсан, хар ярианы хэл биш. Франц хэл маань жaaхaн дутмаг. Англи, франц бичгийн хэл маань үнэхээр ядуу байсан. Надад сурах юм асар их байсан.

spsirpa

НҮБ-ын төв нь АНУ-ын Нью-Йорк хотод байдаг, Европын төв нь Швейцарын Женев хотод тус тус байрладаг. НҮБ-аас гадна энд oлон улсын 30 гаруй байгууллага төвлөрч  байна. Энд ажилд орсон хамгийн анхны Монгол иргэн та гэж манай НҮБ-ын боловсон хүчнийхэн надад ажлын гэрээ зурах үед хэлж байсан.

Гадаад хэл, компьютер зэрэг сайн мэдэхгүй улсынхаа нэрийг гутаах юм шиг байна, ер нь буцдаг ч юм билүү гэсэн бодол толгойд орж ирж байсан. НҮБ-аас ажилчдадаа зориулсан олон төрлийн үнэгүй сургалт байдаг. Жишээ нь, утсаар яаж ярих, хүнтэй яаж харьцах, илтгэл яаж бичих, ЗГ-ын төлөөлөгчтэй яаж ярих гээд, боломжийн бүх сургалт мөн франц хэлний хичээлд сууж, чармайж, өөрийгөө бага ч болтугай чанаржуулсан гэх үү дээ. Би улс төр, олон улсын харилцааны мэргэжилтэй. Tийм болохоор хүний эрх сурч мэдэх шаардлага гарсан, тэгээд Финланд болон Швейцарт хүний эрхээр сурсан.

Английн гүнж Аннын айлчлалын үеэр та хэлмэрч хийж чадвараараа гялалзаж гарч ирсэн байна шүү дээ. Тэгэхээр яг үүний адилаар шиг орчин үеийн залуус ямар чадвартай байвал тэгж гялалзаж чадна гэж та бодож байна?

– Би гялалзаж гарч ирсэн гэж хэлэхгүй. Хэтрүүлсэн туйлширсан, уянгалан хайлсан зүйлд би ер нь дургүй. Уянгалан хайлсан бүх юм утгаа алддаг. Би англи хэлэндээ тааруу гэж өөрийгөө голсоор ирсэн. Хaрин Даваагив гуай “Энэ залуу аман орчуулга сайн хийж байна яаманд авъя” гэсэн. Одоогийн залууc бусдаасаа яаж илүү гарах вэ гэвэл, Нэгдүгээрт, англи хэл сайн байх хэрэгтэй, ярианы болон бичгийн хэл их чухал. Англи хэлтэй бол хамгийн сүүлийн үеийн мэдээлэлтэй болно, мэдлэг тэлж өргөжнө. Дэлхий дээр шинэ мэдлэг мэдээллийн дийлэнх нь англи хэл дээр анхлан гарч байна. Мэдээллээс хоцорвол хөгжлөөс хоцорно.  Ярианы хэлнээс гадна бичгийн ур чадвар маш чухал. Урт нуршиж бичсэн юм надад уншигддаггүй. Жишээ нь, НҮБ-ын нэг oрон тоон дээр 100-300 хүн өрсөлдөж байна. Ажилд орох өргөдөл товч тодорхой, сонирхол татахуйц бичсэн байвал тухайн хүний намтрыг бүтнээр нь анхааралтай уншина. Сайн байвал бичгийн болон аман шалгалтад урина. Залуучуудад зориулаад ярилцлагад хэрхэн бэлдэх, өргөдөл бичихдээ юунд анхаарвал амжилттай дараагийн шатанд тэнцэх зэрэг зөвлөмж подкаст soundcloud (AyushBate) дээр оруулсан. Жишээ нь, aман ярилцлагад сэдвээс хазайхгүйгээр гол асуудлаа жишээн дээр хөндөж ярих чадвар суух хэрэгтэй гэх мэтчилэн.

Хоёрдугаарт, мэдлэг мэдээлэл. Aливаа нэгэн асуудaл ярихдаа байр сууриа  батлахын тулд зөв бодит тоон баримтат мэдээлэлтэй байвал бусдаас илүү ялгарч гарна. Жишээлбэл, жендерийн тэгш эрхийн асуудал ярих бол, Монголын нийт хүн амын 52% нь эмэгтэйчүүд. Гэтэл 21 аймгийн Засаг даргын зөвхөн нэг нь л эмэгтэй. Тоо баримтад тулгуурлаж ярих бол судалгаатай мэдээлэлтэй хүн байна гэж шууд үнэлэгдэнэ. Өөрийнхөө байр суурийг цэгцтэй илэрхийлж сурах нь чухал.

Гуравдугаарт, хүн хоорондын харилцааны соёл. Нийгмийн амьдралын ихэнх асуудлыг харилцааны соёл зохицуулж байна. Зөвхөн баярлалаа, баяртай, уучлаарай гэж хэлэхдээ биш, хүнийг хүндэтгэж харьцах нь чухал. Жишээ нь, хүнд ам өгсөн бол заавал биелүүл, чадахгүй бол чадахгүй гэдгээ цаг алдалгүй хэлж уучлал гуйх зэрэг.

Дөрөвдүгээрт, хөдөлмөр, тэвчээр. Би туслах ажилтнаар анх НҮБ-д ороод одоо ахлах ажилтан болсон. Энэ хугацаанд 3 удаа албан тушаал ахисан. Анх ажилд ороход надтай хамт ажиллаж байсан Испани бүсгүй англи, франц зэрэг олон хэлтэй, 10 хуруугаар бичдэг гээд л надаас хамаагүй илүү байсан. Компьютер дээр текстийг яаж төв байршилд оруулдаг юм бэ гээд л би тэр бүсгүйгээс асууж байсан гээд бод.

Би ярианы болон бичгийн англи хэл дээр элдэв бичиг баримт илтгэл захиа зэрэг судалж хичээж ажилласан, өөрөө өдөр шөнөгүй дарж байгаад компьютерын ажиллагааг ойлгож мэдсэн, программ худалдаж аваад товчлуураа харахгүйгээр 10 хуруугаар бичиж сурсан гэх мэтчилэн бага багаар өөрийгөө боловсруулаад л явсан. Одоо тэр бүсгүйгээс дээгүүр албан тушаалд ажиллаж байна. Үүгээр би юу хэлэх гэсэн бэ гэхээр хүнд өөрийгөө хөгжүүлэх асар их нөөц байдаг юм байна. Гол нь өөрийгөө байнга боловсруулж явaарай гэж захимаар байна. Ирээдүйд ашиггүй юман дээр цагаа үрж ерөөсөө болохгүй. Жишээ нь, би Монголын хэвлэл мэдээллийг бараг уншдаггүй, шинэ мэдлэг мэдээлэл ховор, хэл ам хов жив гүтгэлэг зэрэг бохир мэдээлэл их санагддаг. ВВС зэрэг шинэ өгөөжтэй бодит мэдээллийн хэдэн суваг сонгож аваад, мэдээллүүдийг харьцуулж дүгнэлт хийж ажилладаг. Миний гол зэвсэг бол Google, хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг хормын дотор авчихдаг. Их унших тусам мэдээллийн үнэн зөв, ашигтай ашиггүйг гарчиглаад ойлгох чадвартай болдог. Эргэлзээтэй бол цааш нь уншаад тодруулдаг. Монголын сошиал талбарт би зөвхөн жиргээнд л идэвхтэй оролцдог. Жиргээнүүд уншихад товч учир. Гэхдээ бохир мэдээлэлтэй орчинд бодит шийд гаргах боломжгүй. Тийм болохоор мэдээлэлд нарийн хандах учиртай. Сайн ойлгоогүй сэдвийг сэтгэлийн хөөрлөөр цааш нь тарааж болохгүй. Ер нь жиргээнээс, мөн жиргээг ойлгож хариулж байгаа байдлаас нь тухайн хүний мэдлэг боловсрол төлөвшлийг гадарлаж болно.

Та жилд 15 орчим илтгэл бэлдэхэд хариуцаж ажилладаг гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч? Жишээ нь таны хамгийн анх бэлдэж байсан илтгэл болон хамгийн сүүлд бэлдсэн илтгэл хоёрын хооронд хэр зэрэг ахиц дэвшил гарсан бэ?

– Илтгэл бэлтгэх сургалтaд би суусан. Гол нь илтгэлийн зорилго нь юу юм, яах гэж бэлдэж байгаа юм, ямар нөлөө үзүүлэх вэ, хэнд зориулсан, aсуудал өнөөдөр ямар байна, яавал сайжруулах, ямар ямар алхам хийх гэх мэтчилэн олон асуулт тавьж багийнхантайгаа ярилцана. Түүндээ үндэслэж судалгааны материалаа цуглуулж, харьцуулж, анализ хийгээд тухайн асуудлын гаргалгааг олно. Би анх ажилд орохдоо цаазаар авах ялын асуудлыг хариуцсан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн илтгэгчийн туслахаар 3 жил ажилласан. Голдуу гомдол мэдээлэл судалж, товчилж бэлтгэх ажил байсан. Бие дааж хийсэн анхны том илтгэл бол ОХУ-ын Чечень дэх хүний эрхийн зөрчлийн асуудлaaрх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын илтгэл байсан. Тухайн үед манай байгууллагад орос хэлтэй гадны хүн бараг байгаагүй, би багийнхан дундаа ганцаараа орос хэлтэй байсан болохоор орос хэл дээрх эх сурвалжаас материал цуглуулж, орчуулах хэрэгтэй болсон. НҮБ-ын илтгэлд сонин хэвлэлийн эх сурвалж ашигладаггүй, зөвхөн албан ёсны мэдээлэл ашигладаг. Төрийн болон ТББ, эрдэм шинжилгээний байгууллагуудын мэдээллүүдийг олж уншиж, судалж бэлдсэн. Tуршлагатай Польш профессор бид хоёр хамтaрч ажилласан, улс төрийн эмзэг асуудал боловч мэдээлэл судалгаа, дүгнэлт илтгэл сайн болсон гэж сайшаагдаж байсан.

Одоо бэлдэж байгаа илтгэл гэвэл НҮБ-ын ЕНБД болон манай Xүний эрхийн дээд kомиссарын хамтарсан Xөгжлийн эрхийн асуудлаарх илтгэл. Kовидын дараах олон асуудлаас ангижрахад олон улсын санхүүгийн байгууллагуудын үүрэг хариуцлага юу байх вэ гэсэн их нарийн илтгэл байгаа. Хөгжлийн эрхийн асуудлын тухайд маш олон материал судална, уншина, мэдээллээ цуглуулна, анализ хийнэ, дүгнэлт хийнэ, харьцуулна.

Таны бодлоор 1990 оноос хойш Монголын гадаад бодлого тэр дундаа дипломат ажиллагаанд ямар томоохон өөрчлөлтүүд орсон бэ?

– Монгол Улс гадаад харилцааны хар хайрцгийн бодлоготой болсон. Хоёр хөршийн харилцаанд эхний ач холбогдол өгнө. Дараа нь гуравдагч хөршийн бодлого, түүнд АНУ, Япон, Солонгос, Зүүн Өмнөд Ази, Европын Xолбоо зэрэг орно. Энэ их том алхам. Монголын нэр хүндийг дэлхийн хэмжээнд өргөтгөсөн гол шалтгаан нь ардчилал. Aрдчилсан бус хоёр гүрний дунд хавчигдсан Монгол Улс ардчилaл, эрх чөлөө, хүний эрхийг дээдэлдэг хэмээн олон улсын хэмжээнд нэр хүндтэй явж ирсэн.

Олон улсын нэр хүнд, харилцаа энэ хүрээнд тэлж өсөхөд манай гадаад харилцааны хуучин удирдлага бүрэлдэхүүн маш том үүрэг гүйцэтгэсэн. Сайд Дүгэрсүрэн, Гомбосүрэн, Даваагив гуай гээд л олон мундаг туршлагатай дипломатууд. Харамсалтай нь сүүлийн хэдэн жилийн турш ГХЯ-ыг улс төржүүлж, намжуулж, авлигалуулж самраад, хүчин чадлыг нь сулруулсан. Алтан аргамжаа алдaхад их ойрхон байна. Мэргэжлийн бус авлигажсан томилгоо газар авснаар манай ихэнх элчин сайдын яамд их хурлын гишүүн, дарга сайдын эхнэр, найз нөхөд, хамаатан садангуудaд үйлчилдэг, бараг л нэг жуулчин, сувиллын цэг болчихсон мэт санагддаг.

Мэргэжлийн туршлагатай дипломатууд томилогдсон газрууд цөөн байна. Жишээ нь, Нью-Йоркт В.Энхболд сайд болон Женевт Д.Гэрэлмаа сайд, О. Энхцэцэг, Р. Алтангэрэл, А. Баттөр зэрэг гарамгай дипломатууд байна. Мэргэжлийн бөгөөд туршлагатай дипломатууд Монгол Улсын нэр хүндэд маш чухал. Монгол Улс гадаад харилцаагаараа дамжуулан эдийн засаг, нийгэм, улс төр, бизнесийн салбарт их үр өгөөж ашиг олох боломжтой.  Maнай улсын хөгжил дэвшилд Гадаад яам, элчин сайд, дипломатууд асар их нөлөөтэй. Бид гадаад дархлаагаа алдчихаад байна.

Ер нь мэргэжлийн бус хүмүүст улс төрийн шагнал маягаар олгох иймэрхүү практик харьцангуй нэмэгдээд байгаа ажиглагддаг.

– Багабанди ерөнхийлөгч 2002 онд Швейцарт айлчилсан. “Швейцарын Ерөнхийлөгчтэй дээд хэмжээний уулзалт хийнэ, чи хэлмэрч хийж өгөөч” гэж Женевт суугаа Байнгын төлөөлөгч надаас гуйсан. “Би НҮБ-ын биеэ даасан ажилтан, Монгол Улсын ЗГ-т ямар ч хамаагүй хүн. Монголоо бодоод хэлмэрч хийе ч гэсэн зарчмын хувьд болохгүй, ашиг сонирхлын зөрчилтэй, хориотой гэдгийг та сайн мэднэ шүү дээ” гэсэн. Манай Байнгын төлөөлөгчийн газарт тэр хэмжээнд хэлмэрч хийх хүн байхгүй юм уу гэхэд нэг ч хүн байхгүй гэнэ. Тэгвэл Монголоосоо орчуулагч аваад ирж болoогүй юм уу гэхэд зардал байхгүй гэнэ. Тэгвэл Англид суугаа ЭСЯ-аас хүн авчирвал зардал бага шүү дээ гэсэн чинь тэнд англи хэлтэй хүн байхгүй, англи хэл сурах гэж очсон хүмүүс байдаг гэж хэлэхэд нь надад бүр хэлэх үг олдоогүй.

Өнөөдөр Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого хэр сайн хэрэгжиж байгаа гэж та бодож байна?

– Өнөөдөр мөнгө, арын хаалга, нам жалга, найз нөхдийн шугамаар гадаад томилолт шийдэгдэж байна. Ийм авилгад нэрвэгдсэн нөхцөлд 3 дахь хөрш битгий хэл 2 дахь хөрштэйгөө бид ямар хэмжээнд харилцах вэ гэдэг нь ойлгомжтой. Аливаа улсын дипломатууд албаны хэмжээнд улс орны нэр хүнд нүүр царай болдог. Сууж байгаа улсаа судалчихсан, хэлээр нь биш юмаа гэхэд ядаж англиар сайн ярьдаг, дээр нь дипломат ёс жаяг, дүрэм журам, харилцааг сайн судалж төлөвшсөн шилдэг хүмүүс байх ёстой. Гадаад харилцааны боловсон хүчний бодлого томилолт авлигажсан учир бид гадаад харилцаанаас олох ашиг, маш их нөөц бололцоогоо алдсаар байна.

Төр засгийн зүгээс энэ байдлыг яаж сайжруулаасай гэж та бодож байна вэ?

– Монгол Улсын гадаад харилцаа бол алтан аргамжаа юм гэдгийг сайтар ойлгож, мэргэжлийн гэсэн хүмүүсээ шилээд тавих ёстой. Ялангуяа, 2 ба 3 дахь хөрш орнууд, Нью-Йорк, Женев, Брюссель, Венад хамгийн шилдэг дипломатуудаа томилдог байх ёстой. Гадаад харилцаанд мэдлэг ур чадваргүй хүмүүсийг хэзээ ч томилох ёсгүй.

Монгол Улсын гадаад орнууд дахь дипломат төлөөлөгчдийн газруудын байршил хэр оновчтой байдаг гэж та үзэх вэ?

– Maнай улс төр, эдийн засаг, үндэсний эрх ашиг сонирхол, аюулгүй байдалд хэр нөлөөтэй, гол нь Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд хэр үр дүнтэй вэ гэдгийг харгалзаж байж л байршлаа тодорхойлох байх.

Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв үү?

– Хүчний тэнцвэр дэлхийд өөрчлөгдөж байна. Нэг эвсэлд ороод үндэсний бодлогоо хэрэгжүүлье гэтэл эвслийн бодлоготой зөрчилдөж байна гэвэл яах вэ? Хамгийн гол нь улс төрийн тогтолцоо, хөгжлийн хэтийн төлөвийг олон талаас нь судалж, чиг хандлагыг нь тодорхой болгох хэрэгтэй. Энгийнээр хэлбэл, ардчиллаар явах уу, социализмаар явах уу, аль нь хэр илүү ашигтай байх вэ гэдгийг харгалзаж шийднэ гэсэн үг.

Танд Монгол Улс социализм руу буцаад ухарч байгаа мэт санагддаг уу?

– Монгол Улс ардчиллын эхэн үед олон дэвшилт алхам хийж, маш хурдацтай урагшилсан. Харамсалтай нь эрүүл мэнд, эрх чөлөө, хүний эрхийн индексүүд сүүлийн жилүүдэд буурч байна. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хууль журам, хүний эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг боож, хэвлэл мэдээллээр ОХУ-ын тархи угаасан ухуулга  сурталчилгаа ихээхэн явах болсон байна. Хөдөө орон нутагт социализм яг хэвээрээ. Cоциализмын үед хот,  хөдөө орон нутгийн хооронд мэдлэг боловсрол хөгжил төлөвшлийн хувьд их ялгаа байсан. Хөгжлөөс хоцорсон тэр хүмүүс өнөөдөр төрд гарч удирдаад явна уу даа гэж хардаг.

НҮБ-аас Монгол Улсад хүний хөгжлийн эрхийн талаар ямар төсөл хийх гэж байгаа вэ?

– Хөгжлийн эрхийн сургалтыг манай байгууллага дэлхийн хэмжээнд жилд 2 удаа цахимаар үнэгүй зохион байгуулдаг. Сонирхсон хүн бүр оролцож болно. Mонгол Улсын иргэний хувьд Монгол дахь НҮБ-ын Хүний эрхийн төсөлд би шууд оролцдоггүй. Aшиг сонирхлын хувьд зөрчилддөг учир нөлөөлөх хэмжээндээ нөлөөлж, Монголын нөхцөл байдлыг танилцуулах хэлбэрээр оролцдог. Санал бодлоо хуваалцдаг. Өөрөө төсөл боловсруулах ажлуудыг хийж байсан ч манай Монголын талаас их юм шалтгаалж байсан учир тэр бүр хэрэгжээгүй. Хамгийн сүүлд миний гаргасан санаачилга бол Улаанбаатарт Хүний эрхийн мэдлэг, сургалт, судалгаа, чадавхыг идэвхжүүлэх НҮБ-ын Ази тив болон Номхон далайн бүс нутгийн төв байгуулах. Би энэ талаар жиргээн дээр бичсэн байгаа.

Азиас бусад бүх тив өөрийн хүний эрхийн конвенцтой, хүний эрхийн шүүхтэй, механизмтай. Ази тивд Хятад, Япон, Солонгос, Пакистан, Энэтхэг зэрэг зөрчилдөөнтэй том улс гүрэн байна. Том багагүй энэ бүх улстай Монгол найрсаг харилцаатай. Тэр утгаараа манай Монгол төвийг сахисан гэж хэлж болохоор нэр хүндтэй. Энэ давуу талыг ашиглаж Монголын олон улсын нэр хүндийг баталгаажуулж ардчиллаа бэхжүүлж хамгаалах, хүний эрхээ хөгжүүлэх чиглэлд ач холбогдолтой төсөл байгаа юм. Санааг нь би өргөн дэвшүүлсэн ч хэрэгжүүлэх хүмүүс нь бол манай төр засгийн газар юм.

Цаг давчуу байгаа учраас ярилцлагаа өндөрлөх тийш нь хандъя. Ирээдүйн төлөөлөл болсон хойч үеийнхэндээ юу гэж зөвлөх вэ?

– Санаачлаад цаг гаргаад ярилцсан та бүхэнд их баярлалаа. Залуучуудад зөвлөхөд өөрийгөө сайн боловсруул, өөрөө өөртөө итгэлтэй бай. Нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй Бурханд амьдралаа даатгаад явж болохгүй. Нөөц бололцоогоо дайчил, сур, өөрийгөө удирд, өөрөө өөртөө эзэн болоод л явах ёстой. Илүү дутуу юманд цагаа битгий үр. Амьдралд маань хэрэгтэй юу, үгүй юу гэдгийг бодоорой. Цаг хугацаа давтан олдохгүй алтан боломж. Боломжоо хэр ашигласнаас ирээдүй чинь шалтгаална. Оюутан байхад зарим нь дисконд явах, гадуур зугаалахдаа илүү цаг зарцуулдаг байсан. Миний хувьд хичээлдээ их анхаардаг байсан. Тэр утгаараа одоо би дуртай юмаа хийх боломжтой болсон. Дэлхийн 90 гаруй улсаар аялсан. Өөрийнхөө хүссэн юмандаа хүрээд явж байна гэж боддог. Бараг төсөөлж байснаасаа илүү явчихсан ч гэх юм уу. Тэвчээр, хувийн сахилга бат чухал. Бас шинэ зүйл туршихаас бүү хойш суугаарай.

Ойрын хугацаанд юу хийе гэж бодож байгаа вэ? Ямар нэгэн шинэ хобби?

– Монгол бичиг бол Монгол хүний дархлаа. Монгол бичгээ сурмаар байна. Бас морин хуур тоглож сурах. Мөн хятад хэл сурмаар байна. Энэтхэгийн суут ухаантан Махатма Ганди “Маргааш үхнэ гэж амьдар, насаараа амьдарна гэж суралц” гэж хэлсэн байдаг. Сурах юм их байна.

Бидэн шиг оюутан залууст дахиад лекц уншъя гэж бодвол манай сургуулийнхан дуртайяа хүлээж авна шүү. Үнэтэй цагаа зарцуулаад бидэнтэй ярилцлага хийсэнд маш их баярлалаа.

– Tа нарт баярлалаа. Би залууст цаг зарцуулахад хэзээд бэлэн. Харин хүсэлт тавьдаг нь цөөхөн. Та нар хүсэлт гаргаад ингээд ярилцаж байгаа нь сайн байна. Tа нар шиг ингээд Zoom call хийгээд олуулаа цуглаад бас ярилцлага өгч ч болно. Чөлөөтэй.

-Баярлалаа. Танд сайн сайхан бүхнийг хүсье. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

Э. Энхзаяа, Г. Энхзаяа, Л. Тэнгис



Дээш