Мэдээ

Оюутнууд ЮНЕСКО-ийн Ивээл Дор Нүүдлийн Соёл Иргэншлийг Судлах Олон Улсын Хүрээлэнтэй танилцлаа

spsirpa

2023 оны 11-р сарын 13-ны өдөр МУИС-ийн УТОУХНУС-ийн ахлах багш Д.Оюунсүрэнгийн заадаг “Олон улсын байгууллага, олон талт яриа хэлэлцээ” хичээлийг энэ улиралд сонгон судалж буй оюутнуудын төлөөлөл ЮНЕСКО-ийн Ивээл дор Нүүдлийн Соёл Иргэншлийг Судлах Олон Улсын Хүрээлэнтэй танилцлаа. Бид нийт 12 оюутны бүрэлдэхүүнтэйгээр тус байгууллагад зочилсон бөгөөд НСИСОУХ-ийн Гадаад харилцааны зохицуулагч, ОУХНУС-ийн төгсөгч Б.Төгсбуян биднийг хүлээн авч, байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулсан юм. Тус хүрээлэн нь олон улсын хүрээлэн гэх нэршилтэй ч үйл ажиллагааны цар хүрээ, агуулга, зорилгын хувьд олон улсын байгууллага болох талаар онцолж байсан бөгөөд дэлхий дээрх цор ганц нүүдлийн соёл иргэншлийг судлах байгууллага юм.

Анх 1998 онд Монгол, Казахстан, Киргиз, Индонези, Турк гэсэн таван улсын засгийн газар хооронд “Хүрээлэн үүсгэн байгуулах тухай гэрээ” байгуулснаар НСИСОУХ байгуулагджээ. ЮНЕСКО, Монгол Улсын Засгийн Газар, Нүүдлийн Соёл Иргэншлийг Судлах Олон Улсын Хүрээлэн гэсэн 3 талт стратегийн гэрээ байгуулж Монгол Улс өөрийн нутаг дэвсгэртээ төв байрыг байгуулан, гэрээнд заасны дагуу дархан эрх ямбыг эдлэхээр тогтсон байна.

Тус байгууллага нь нүүдэлчид ба тогтвортой хөгжил, соёл хоорондын хамаарал, даяаршил болон дангааршлын нөлөөг нийгэм соёлын антропологитой уялдуулан судалгаа шинжилгээний ажил явуулдаг, антропологийн салбартай нягт уялдаа холбоо, хамтын ажиллагаатай олон улсын байгууллага юм.

НСИСОУХ нь Ерөнхий Ассамблей, Эрдмийн зөвлөл, Нарийн бичгийн дарга нарын газар гэсэн үндсэн бүтэцтэй ба Нарийн бичгийн дарга нарын газар нь дотроо Эрдэм шинжилгээ хөтөлбөрийн хэлтэс, Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтэс, Мэдлэгийн төв номын сан гэсэн гурван хэлтэстэйгээр үйл ажиллагаа явуулдаг байна. Мөн түүнчлэн тус байгууллагын төв байр болох Нарийн бичгийн дарга нарын газар нь Монгол Улсад байрлаж, үйл ажиллагаагаа явуулдаг гэдгээрээ онцлогтой.

2019 онд батлагдсан ЮНЕСКО-ийн II зэрэглэлийн статусын гэрээний дагуу судалгааны ажлын ихэнх санхүүжилтийг Монгол Улс хариуцах үүргийг хүлээдэг. Тодруулбал, Монгол Улсын Засгийн Газар, Соёлын Яам уг хүрээлэнгийн дийлэнх санхүүжилтийг бүрдүүлдэг. Тиймээс Нарийн Бичгийн Дарга Нарын газраас аливаа судалгааны ажлын төсвийн тайланг ЮНЕСКО болон Монгол Улсын Засгийн Газар, Монгол Улсын Соёлын Яаманд шилэн дансаар хүргэдэг байна. Харин бусад гишүүн орнуудын хувьд жил бүр тодорхой хэмжээний татвар төлөх үүрэгтэй.

Энэхүү хүрээлэн нь зөвхөн гишүүн орнууд төдийгүй Йемен, Оман, Швед, Финланд зэрэг олон оронтой хамтын ажиллагаа идэвхтэй явуулдаг. Түүнчлэн Оксфорд, Кембриж зэрэг дэлхийн нэр хүндтэй их сургуулийн нүүдлийн соёл иргэншил, антропологийн чиглэлээр судалгаа явуулдаг судлаач эрдэмтдийг Эрдмийн зөвлөлдөө нэгтгэж үр дүнтэй, сонирхолтой судалгаа явуулах боломжийг бүрдүүлж ажилладгаараа онцлогтой. Эрдмийн зөвлөлийн даргаар Монголын нэртэй эрдэмтэн Др. Д.Бум-Очир ажилладаг.

НСИСОУХ-ийн үйл ажиллагаанаас онцлон дурдвал:

– Жил бүр “Nomadic Studies” сэтгүүлийг Эрдмийн зөвлөлөөрөө хянуулан гаргадаг ба үүний зэрэгцээ олон сонирхолтой судалгааны бүтээлийг хэвлүүлж, нийтийн хүртээл болгодог.

– Тус байгууллага нь дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг ЮНЕСКО-ийн Ерөнхий Бага Хурлын үеэр Ерөнхий Ассамблейгаа зохион байгуулдаг.

– Гадаадын оюутан сурагчдыг хүлээж авч, дадлага хийлгэх, Монгол Улсад зочлох, нүүдлийн соёл иргэншлийг дэргэдээс нь судлах боломжийг олгодог. Тус хүрээлэнд өнгөрсөн жил Франц улсаас 4 дадлагажигч, Австрали улсаас 1 дадлагажигч ирж байсан бол энэ жилийн хувьд Франц болон Хятад улсаас оюутан залуус хүлээн авах гэж байгаа юм.

– Хөдөө орон нутгийн малчдын амьдрал, аж ахуйд суурилсан хээрийн судалгааны ажлууд.

– “Тогтвортой ноолуурын ёс зүй” судалгааны ажил.

– “Дэлхийн Нүүдэлчдийн Фестиваль”

– “Төв Ази дахь соёлын бүтээлч үйлдвэрлэл” судалгааны ажлын хүрээнд Казакстан, Турк, Киргиз улсад очиж судалгааны ажил явуулсан.

– 2023 оны 6-р сард анх удаа “Нүүдэлчдийн ёс зүй, соёл хоорондын харилцан ойлголцол”-ыг хөндсөн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан.

– “Уур амьсгалын өөрчлөлт ба Монголын нүүдэлчин малчид” хэмээх Монгол Дагуурын Дархан Цаазат Газарт очиж хийсэн судалгаа. Дархан цаазат газрын онгон дагшин байдлийг хадгалж үлдэх нь зүйтэй боловч тухайн газар нутаг бэлчээрийн хомсдолд орж бэлчээр ашиглаж чадахгүйд хүрч байна. Тэгвэл тэдгээр малчдын эрх ашиг хэрхэх вэ? гэх мэтчилэн шүүмжлэлт судалгааг хийдэг бөгөөд эдгээр нь эргээд бодлогын түвшинд хөндөгдөх боломжтой судалгааны ажлууд юм.

Байгууллагатай танилцсаны дараа, уулзалтын төгсгөлд бидний зүгээс сонирхсон асуултуудаа асуусаныг нэгтгэн хүргэвэл:

– Ерөнхий Ассамблейн чуулганыг яагаад гишүүн орнуудад бус Парис хотод зохион байгуулдаг талаар тодруулахад ЮНЕСКО-ийн ивээл доорх байгууллага учир

Монгол Улсад бус ЮНЕСКО-ийн Төв байранд хурлаа зохион байгуулдаг талаар тайлбарлаж өгсөн юм.

– Санхүүжилт босгох үүднээс “Номын баярын” үеэр судалгаа шинжилгээний бүтээлээ сурталчлах, олон нийтэд зарах, борлуулах үйл ажиллагааг явуулдаг бөгөөд энэ нь тус байгууллагын хувьд төсөвт хөрөнгө оруулалтаас гадна нэмэлт орлого олох цорын ганц арга болдог. Учир нь нэгдүгээрт, ЮНЕСКО-ийн ивээл доорх байгууллага учраас ашгийн бус байх ёстой, ямар нэгэн ашиг олох, мөнгөн хөрөнгө босгох үйл ажиллагаа явуулж болохгүй. Хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн Газраас санхүүжилт авдаг гэх утгаараа төсвийн байгууллагын статустай холбоотой юм.

– Монгол, Казахстан, Киргиз, Турк гэсэн 4 улс нь төв азийн нүүдэлчин орнууд байхад Индонези яагаад ганцаараа Зүүн Өмнөд Азийн арлын орон мөртлөө тус байгууллагад нэгдсэн талаар асуухад Индонезид “Sea Nomads” буюу “далайн нүүдэлчид” амьдардаг талаар тайлбарласан юм.

НСИСОУХ-ийн үйл ажиллагаа нь соёлд суурилсан брэнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, XXI зууны мэдээлэл технологийн эрин үед нүүдэлчин ард иргэдийн өвөрмөц соёл иргэншил, дахин давтагдашгүй чанарыг хадгалахад гүн дэмжлэг үзүүлсэн өнөөгийн нийгэмд хамгийн хэрэгтэй судалгааны хүрээлэн байлаа. Бид бүхэн энэхүү байгууллагатай танилцсанаар соёл, хүмүүнлэгт чиглэсэн олон улсын байгууллагын бүтэц, алсын харааг ойлгон цаашид өөрсдийн мэдлэгийг бататгаж, судалгаа, эрдэм шинжилгээний ажилд эергээр нөлөөлөхүйц туршлага хуримтлуулсныг хэлэхэд таатай байна.

Биднийг найрсгаар хүлээн авч, байгууллагаа танилцуулсан НСИСОУХ-ийн Гадаад харилцааны зохицуулагч Б.Төгсбуянд талархсанаа дахин илэрхийлье.

spsirpaspsirpaspsirpaspsirpa

Мэдээг бэлтгэсэн: Б.Гэрэлтунгалаг

Н.Есөн-Эрдэнэ

Б.Нарангоо

С.Долгормаа



Дээш