Монгол Улсын Их Сургуульд ШУКО-ын тэнхим 1967 оны 10-р сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхэлжээ. 1991 онд МУИС-ийн захирлын тушаалаар ШУКО-ын тэнхимийн суурин дээр улс төр судлалын тэнхим байгуулагдаж, тэнхимийн эрхлэгчээр НУФ-ын декан дэд доктор Ш.Содном хавсран ажиллахаар томилогджээ. 1993 онд МУИС-д Улс төр судлалын салбар байгуулагдан анхны элсэлтээ авч, орчин цагийн сургалт, судалгаа эхлүүлснээр улс төрийн шинжлэх ухааны мэргэжлийн боловсон хүчнийг эх орондоо бэлтгэх анхны том алхам болсон юм. Үүнээс хойш Улс төр судлалын тэнхим нь бакалавр, магистр, докторын түвшний сургалт бие даан эрхэлдэг улс төрийн шинжлэх ухааны сургалт, судалгааны гол төв болж ирлээ. Тус тэнхимийн төгсөгчид төрийн байгууллага, төрийн бус байгууллага, улс төрийн байгууллага, төрийн захиргааны байгууллагуудад ажиллахын зэрэгцээ их, дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагад багшилж, судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийж байна.