Мэдээ

Оюутнууд Монголын Эмнести Интернэшнл байгууллагатай танилцлаа

spsirpa

2023 оны 11-р сарын 16-ны өдөр МУИС-ийн УТОУХНУС-ийн ахлах багш Д.Оюунсүрэнгийн заадаг “Олон улсын байгууллага, олон талт яриа хэлэлцээ” хичээлийн хүрээнд нийт 7 оюутан Монголын Эмнэсти Интернэшнл ТББ-аар зочилж, тус байгууллагын түүх, үйл ажиллагааны чиглэл, алсын хараа, үнэт зүйл, зорилго болон кампанит ажлын талаар танилцлаа.

Эмнести Интернэшнл нь хүн бүрт эрхийг нь эдлүүлэхийн төлөө хүмүүсийн хүнлэг сэтгэлд тулгуурлан кампанит ажил өрнүүлдэг, 150 гаруй улс орон, газар нутагт 10 сая хүнийг эгнээндээ нэтгэсэн дэлхий даяарх хүний эрх хамгаалагчдын хөдөлгөөн юм. Эрх баригчид олон улсын эрх зүй, хэм хэмжээг хүндэтгэдэг, хариуцлагаа хүлээдэг, амлалтдаа хүрдэг дэлхий ертөнцийг бий болгохын төлөө тус байгууллага ажилладаг.

1961 онд Их Британийн өмгөөлөгч Питер Бененсон “The Observer” сонинд “Мартагдсан хоригдлууд” нэртэй нийтлэл бичсэнээр энэ хөдөлгөөн үүссэн түүхтэй. Уг нийтлэлд Португалийн нэгэн уушны газарт “Эрх чөлөөний төлөө” хэмээн хундага тулгасныхаа төлөө баривчлагдан, 7 жил хоригдсон хоёр оюутны талаар өгүүлжээ. Нийтлэлийг уншсан олон мянган хүн өмгөөлөгч Бененсонтой холбогдож, эрх нь зөрчигдсөн хүмүүсийг хамгаалахын төлөө дуу хоолойгоо  нэгтгэхийг хүссэн нь дэлхий нийтийг хамарсан хүний эрхийн хөдөлгөөн үүсэн бий болоход хүргэсэн билээ.

НҮБ-ын Хүний эрхийн шагнал, Нобелийн энх тайвны шагналыг тус тус хүртсэн энэхүү байгууллагын Монгол Улс дахь салбар 1994 онд байгуулагдсан бөгөөд хүний эрхийн төлөө дэлхий дахины кампанит ажилд оролцохоос гадна өөрийн орондоо хүний эрхийн боловсролын чиглэлээр ажилладаг. Өдгөө Монголын Эмнести Интернэшнл нь 9000 гаруй гишүүд, дэмжигчидтэй бөгөөд Монгол Улсын өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулдаг.

Үйл ажиллагааны чиглэл:

  • Дэлхий өнцөг булан бүрд буй эрсдэлд буй хувь хүмүүсийг хамгаалж ажиллахын зэрэгцээ Монгол Улсад хүний эрхийг хамгаалахын төлөө тасралтгүй үйл ажиллагаа өрнүүлсээр байна.
  • Хүний эрхийн соёл, боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хүний эрх хамгаалагчдыг дэмжих, чадваржуулах, аюул эрсдэлгүй нөхцөлд ажил хөдөлмөрөө эрхлэх нөхцөлийг бий болгох хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.
  • Эрүүдэн шүүх, хүнлэг бус харьцахтай тэмцэж ажилладаг. Монголын Эмнести Интернэшнлийн олон жилийн тэмцлийн үр дүнд Монгол Улс цаазаар авах ялыг бүрэн халаад байна.
  • Хот дахин төлөвлөлтийн алдаатай бодлогын улмаас хохирсон болон хохирох эрсдэл байгаа хүмүүсийн төлөө Шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийн кампанит ажлыг өрнүүлэн ажиллаж байна.
  • Иргэний нийгмийн болон хүний эрхийн бусад байгууллагатай түншлэн хүний эрхийг хамгаалах чиглэлээр илүү өргөн цар хүрээтэй ажиллаж байна.

Байгууллагын бүтэц:

Эмнести Интернэшнл нь ардчилсан, гишүүдэд суурилсан хөдөлгөөн юм. Хоёр жил тутам бүх гишүүд, бүлгүүдийн төлөөллийг оролцуулсан Ерөнхий чуулганыг зохион байгуулж, байгууллагын бодлого, дүрэм, үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлж, гишүүдийг төлөөлөн Удирдах зөвлөлөө сонгодог. Удирдах зөвлөлийн даргаар Р.Очирбал, гүйцэтгэх захирлаар Б.Алтантуяа нар ажилладаг.

Кампанит ажлууд:

  • Эрсдэлд буй хүмүүс- Дэлхий даяар хүмүүс итгэл үнэмшил болоод хэн гэдгээсээ хамаарч эрүүдэн шүүгдэж, хоригдож байна. Үүний эсрэг сая сая зурвас, захидал, жиргээг засгийн газруудад илгээж, шахалт үзүүлэн эрсдэлд байгаа хүмүүст итгэл найдвар төрүүлж, шударга бусаар хоригдсон олон мянган хүнийг суллахад тусалдаг.
  • Зоригтон- Өнөөдөр дэлхий дахинаа, Монгол Улсад ч мөн хүний эрх, эрх чөлөөнд халдах явдал нэмэгдсээр байна. Тиймээс хүний эрхийн хамгаалагчид хэрэгтэй байгаа ба Эмнести Интернэшнлээс тэднийг хамгаалах ЗОРИГТОН кампанит ажил өрнүүлж байна.
  • Хүний эрхийн боловсрол- Үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлсэн, хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгож тунхагласан Монгол орны хувьд иргэний оролцоотой, хариуцлагатай нийгмийг цогцлоон байгуулахад чухал хөрөнгө оруулалт болох юм.
  • Орон байртай байх эрх- Албадан нүүлгэлт нь хууль бус, хүчирхийллийн шинжтэй үйлдэл бөгөөд хүний эрхийг зөрчиж, хүмүүсийн амьжиргааг устган, орон гэргүй болгоход хүргэдэг. Эмнести Интернэшнл урьдчилсан мэдэгдэл, зөвшилцөл болон нөхөн олговоргүйгээр иргэдийг оршин суугаа газар, гэр орноос нь хүчээр хөөн зайлуулах аливаа үйлдлийг эсэргүүцэж ажилладаг.

Монголын Эмнести Интернэшнлийн ажилтан Г.Сүхбат ийнхүү байгууллагаа танилцуулсны  дараа бид түүнээс сонирхож байгаа асуултаа асууж, хариулт авсан юм.

-Та бүхэн санхүүжилтээ хэрхэн, хаанаас авдаг вэ? Ямар шалгуур тавьдаг вэ?

Бид санхүүжилт авахдаа маш өндөр шалгуурыг тавьдаг. Тухайн байгууллага ямар нэгэн хүний эрхийн зөрчил гаргаж байсан түүхтэй, аль эсвэл үйл ажиллагааны чиглэл нь хүний эрхийг зөрчиж байна гэж үзвэл ямар ч санхүүжилт авдаггүй. Санхүүжилт авах тал дээр Эмнести Интернэшнл нь хараат бус бие даасан байгууллага ба засгийн газар улс болон төрийн намуудаас санхүүжилт авдаггүй бөгөөд энэ нь биднийг ямар нэг засгийн газар, улс төр, эдийн засаг болоод шашны үзэл бодлоос хараат бус байлгадаг. Харин эсэргээрээ хүний эрхийг хамгаалахыг хүссэн бие даасан хувь хүн ард иргэдээс сайн дурын хандив авдаг ба Эмнести Интернэшнлийн цахим хуудсаар хандив өгөх боломжтой байдаг. Хандив нь шууд хүний эрхийн төлөө зарцуулагдах буюу хүний эрхийн төлөөх шууд хөрөнгө оруулалт болдог.

-Сайн дурын ажлын хувьд хүн бүрт нээлттэй юу?

Мэдээж нээлттэй. Бусдад туслая, бусдын эрхийг хамгаалъя гэсэн хүн бүрт нээлттэй.  Сайн дурын ажилтан хийснээр олон үйл ажиллагаа, кампанит ажлуудад оролцож, маш  их зүйлийг сурч  мэдэж авах боломжтой.

Уулзалтын үеэр бид Газын зурваст олон мянган гэмгүй иргэдийн амь насыг балмадаар хөнөөж, дэлхийн энх тайванд сөргөөр нөлөөлж буй хямрал мөргөлдөөнийг зогсоохыг уриалсан #Ceasefirenow аянд нэгдэж өөрсдийн дуу хоолойгоо хүргэсэн юм.

Иргэд эрхээ мэдэж, улс нь түүнийг хүндэлдэг хүний эрхийн мэдрэмжтэй улс болохын тулд бид бүгдийн оролцоо хамгийн чухал юм. “Бид бүгд адилхан хүмүүс, өөр хүний эрх зөрчигдөж байна гэдэг чинь бидний эрх зөрчигдөж байгаатай адил тул бусдын эрхийн төлөө хамтдаа тэмцье, хамтдаа бид нэг том хөдөлгөөн юм” гэсэн үнэ цэнэтэй байгууллага байлаа.

Монголын Эмнести Интернэшнл байгууллагатай танилцсаны ачаар бид хүний эрхийн талаар дутуу дулимаг ойлголт, мэдлэгтэй байснаа ухаарсан бөгөөд дэлхий даяарх олон сая хүмүүс эрхээ хэрхэн зөрчүүлж байгаа, хэрхэн зөрчигдөж буй эрхээ мэдэхгүйгээр хохирч байгааг ойлгож авсан юм. Эрхээ мэдэж, хүний эрхийн талаарх мэдлэг ойлголттой байх нь цаашдын ирээдүйн маань баталгаа болдог гэдгийг бид ухаарсан. Энэхүү байгууллагатай танилцсан нь оюутан бидний хувьд оюундаа оруулж буй үнэтэй хөрөнгө оруулалт байлаа.

Эцэст нь биднийг халуун дулаанаар угтаж, байгууллагаа танилцуулсан Монголын Эмнести Интернэшнлийн ажилтан Г.Сүхбат ахдаа, сонирхолтой байгууллагатай танилцах боломж олгосон  Д.Оюунсүрэн багшдаа баярласнаа илэрхийлье.

spsirpa

Мэдээ бичсэн: Ч.Анар, Ц.Дуламсүрэн, Б.Амар



Дээш