Мэдээ

ОЮУТНУУД ДЭЛХИЙН МОНГОЛЧУУДЫН ХОЛБООТОЙ ТАНИЛЦЛАА

spsirpa2023 оны 11-р сарын 17-ны өдөр МУИС-ийн УТОУХНУС-ийн ахлах багш Д. Оюунсүрэнгийн заадаг “Олон улсын байгууллага, олон талт яриа хэлэлцээ” хичээлийг энэ улиралд сонгон судалж буй оюутнуудын төлөөлөл “Дэлхийн Монголчуудын Холбоо” (World Mongol Federation)-ны хэрэгжүүлж буй үйл ажиллагааны чиглэл, зорилго, стратеги, бүтэц зохион байгуулалттай танилцлаа.

Дэлхийн Монголчуудын Холбоо нь Дэлхий даяар тархан суурьшсан Монгол үндэстэн, угсаатан хүмүүсийн нэгдэл, санаачилгын дагуу Дэлхий даяарх Монгол үндэстний эв, нэгдэл, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг сайжруулах, Монгол бахархал, хэл бичгийн өвийг хойч үедээ өвлүүлэх, дэлхий даяарх Монгол үндэстний эрх, эрх чөлөөг хамгаалах, Монгол үндэстний эрх зүйн орчныг бий болгоход хувь нэмрээ оруулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулахаар 2021 оны 3-р сарын 31-ний өдөр албан ёсоор байгуулагдсан Дэлхий даяарх Монгол үндэстний төлөөлөл бүхий олон улсын шинжтэй холбоо юм.

Тус байгууллагын эрхэм зорилго нь:

  1. Монголчуудын эв нэгдэл, Монгол хүний эрх, эрх чөлөөт байдал, нийтлэг эрх ашгийг эрхэмлэн дээдлэх;
  2. Монгол бахархал, соёл уламжлал, хэл бичгийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх;
  3. Монголоо гэх Монгол хүний сэтгэл зүтгэлийн гал голомт, эвийн гэр байж, Монгол нэрийг өндөрт өргөх;
  4. Монгол Улсын болон Монгол хүн, дэлхийн Монголчуудын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах;
  5. Монголчуудын харилцан ойлголцлыг улам бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх билээ.

Тус холбоо нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримталдаг:

  1. Монгол үндэстний нийтлэг эрх ашигт үнэнч байх,
  2. Эв нэгдэл, ёс зүй, манлайлал хариуцлагыг эрхэмлэх,
  3. Аливаа асуудлыг дотооддоо, өөрийн дүрэм журмын хүрээнд шийдвэрлэх,
  4. Давхардсан бүтэц, зохион байгуулалт, нэршил бий болгохгүй байх зэрэг багтдаг.

spsirpa

Төсөл хөтөлбөрүүдийн хувьд нийгэм, хүмүүнлэг, соёл, урлаг, оюутан залууст зориулсан ажлуудыг идэвхтэй зохион байгуулж ирсэн. Нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээр “Дэлхийн монголчууд Монголдоо туслах урилга”, “Монголынхоо төлөө” зэрэг хандивын аян, “Миний мэдэх Өмнөд Монгол” монгол бичгийн уралдаан зэрэг үйл ажиллагаа зохион байгуулж байсан. Түүнчлэн эх орондоо санаа зовж, тусалж дэмжихийг хүссэн  хүмүүсийн санаачилгыг дэмжиж, угсаа нэгт монголчууд, хүнд хэцүү цагийг туулж яваа нэгэндээ туслах, нэг ч гэсэн хүн эрүүл энх байлгахад хувь нэмрээ оруулж эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлах, залуучуудыг Монгол бол ганц халх үндэстэн биш гэдгийг ойлгуулах зорилгоор энэ хүрээнд төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.

“Дэлхийн Монгол” оюутны тэтгэлэгт хөтөлбөр  нь дэлхийн Монгол угсаатны оюутан залуусыг Монгол Улсад сурч хөгжихөд нь дэмжлэг үзүүлж, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх үүднээс оюутны сургалтын төлбөрийн дэмжлэг болон хөгжлийн хөтөлбөр зэргийг хэрэгжүүлдэг. Дэлхийн Монгол угсаатны эв найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх ирээдүй хойч болсон ирээдүйн манлайлагч болох шилдэг оюутан залуусыг Монголын соёл, уламжлал, түүх, нийгмийн амьдралтай танилцуулах, цаашид Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах, мөн Монгол Улсад ажиллаж амьдрах боломжийг нь дэмжих, цаашлаад Монгол Улс дэлхийн Монгол угсаатны үндэстэн улсуудтай холбоо харилцаагаа нэмэгдүүлэхэд зууч болж, үнэтэй хувь нэмэр оруулах зэрэг эрхэм зорилготой юм. Монгол угсаатны эв найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд олон улсын тавцан дахь Монгол Улсын оролцоо, хувь нэмрийг хангах зорилготой. “Дэлхийн Монгол” оюутны тэтгэлэгт хөтөлбөр нь 2 дахь жилдээ зарлагдаад  байгаа юм.

Харин соёл, урлагийн хувьд “Олон улсын эх хэлний өдөр” буюу 2-р сарын 21-ний өдрийг тохиолдуулан “Миний мэдэх Өмнөд Монгол” Монгол бичгийн эсээ бичлэгийн уралдааныг 2022 оноос зохион байгуулж байгаа ба уг уралдаан нь монгол бичгээр явагддагаараа онцлог юм. Энэхүү уралдааны зорилго нь Монголчууд бидний хойч үе болсон хүүхэд багачууд болоод оюутан, залууст монгол бичгээ сурталчлах, мөн ахан дүү Өмнөд Монголчуудаа сурталчлан таниулах, шилдэг сайхан бичигтнүүдийг урамшуулах явдал билээ. 2020 оноос БНХАУ-ын эрх баригчид Өмнөд Монголд монгол бичгийг шат дараатай халж, дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт нь өөрчлөлт орсноор олон монголчууд өөрсдийн төрөлх хэлээр ярьж, бичиж, суралцаж чадахгүй болсон нь харамсалтай. Монгол Улс 2025 онд Монгол бичигт шилжих зорилт тавьсан бөгөөд бэлтгэл ажлууд хийгдэж байгаа юм. Монгол бичгээ түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэх нь нийт монголчуудын ариун үүрэг тул хүн бүр шамдан хичээвэл зохилтой цаг үед бид амьдарч байна.

Монгол гэх тодотголд хамаарахуйц  маш олон иргэд дэлхийн өнцөг булан бүрд тархан суугаа билээ. Тэдэн дундаас одоо оршин суугаа нутагтаа уусаж, төрөлх нутгаа мартаж буй нь цөөнгүй ч эх нутгаа гэж эргэн санан, өв соёл түүхээ хадгалан үлдэхийг хүсэгч иргэд олон билээ. Монгол хэл, соёл, түүхийн өвөө хадгалан хамгаалсаар буй бидний ахан дүү Монгол угсаатны үндэстэн улсынхан маань хэл соёлоо хадгалан үлдэхэд хүчин чармайлт гаргасаар байдаг нь бахархууштай билээ.  Өв соёлоо хадгалж үлдэхэд  тэдэнд цөөнгүй асуудлууд тулгараад байгаа юм. Хамгийн түрүүнд шийдэх ёстой боловч шийдэл олоход асар хүндрэлтэй асуудал бол оршин суугаа улсаас нь өөрийн соёлд нийлэгжүүлэх, өв соёлыг нь хориглох арга хэмжээ авч байгаад оршино. Жишээлбэл: БНХАУ-ын ӨМӨЗО-ны албаныхан ирэх оны есдүгээр сард багтаан бүх сургуулийг хятад хэлний хичээлд шилжүүлж, монгол хэлний хичээлийг багасгахыг үүрэг болголоо. Бүс нутгийн боловсролын хорооноос бүх шатны сургуулиудад хятад хэлийг түлхүү зааж, ахлах ангийн бүх сурагчдыг хятадаар чөлөөтэй харилцдаг болгох үүргийг өгсөн байна. Энэ мэтчилэн хориг үйл ажиллагаанаас болоод тэд өв соёлоо авч үлдэхэд ихээхэн хүндрэл учирч байгаа бөгөөд зарим нэг нь Монгол Улсад ирж, суурьшихыг илүүд үзэж байгаа юм. Гэвч  Монгол Улсын иргэн болохыг хүссэн өргөдлөө өгөхийн тулд 5 жил Монголд оршин суух ёстой. Гэтэл 5 жил Монголд байхад визний асуудал тэдэнд хүндрэлтэй байгаа юм.

Дэлхийн олон оронд ажиллаж, амьдардаг монголчууд, тэдний эрх ашгийн төлөө ажилладаг байгууллага, хүмүүсээс гарч байгаа санал санаачилгыг нэгтгэн ийнхүү ажил хэрэг болгож буй нь Дэлхийн Монголчуудад сэтгэл зүйн маш том дэмжлэг болж байгаа нь харагдаж байгаа юм. Мөн цаашлаад үйл ажиллагаанууд тусгалаа олж Дэлхийн Монголчууд уугуул нутагтаа оршин суух таатай нөхцөл бүрдэх нь цаг хугацааны асуудал болж байгаа юм.

Эцэст нь хэлэхэд “Олон улсын байгууллага, олон талт яриа хэлэлцээ” хичээлийн хүрээнд “Дэлхийн Монголчуудын Холбоо” байгууллагатай танилцсанаар олон шинэ зүйлийг ойлгож авсан бөгөөд энэхүү уулзалтыг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн МУИС-ийн УТОУХНУС-ийн ахлах багш Д.Оюунсүрэн, ОУХНУС-ийн 2017 оны төгсөгч, Дэлхийн Монголчуудын Холбооны ажилтан Н.Золзаяа болон тус байгууллагын хамт олонд бидэнд үнэт цагаа зарцуулан хүлээн авч уулзалт, танилцуулга хийсэнд гүнээ талархал илэрхийлье.

Мэдээ бичсэн: Б. Гүнжинлхам, Б. Дэлгэрмаа, Ц. Номуундарь,,

Б. Сайнзаяа, Т. Цэцэгсүрэн,  Б. Энхжин



Дээш