Монгол Улсын Их Сургуулийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн 35 жил, Нийтийн удирдлагын тэнхим үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойн хүрээнд суралцагч, төгсөгчдийн уулзалтыг 2026 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр МУИС-ийн Эрдмийн өргөөнд зохион байгууллаа.
Уулзалтад тэнхимийн үе үеийн багш, суралцагч, төгсөгчид болон хүндэт зочид оролцож, өнгөрсөн 15 жилийн түүх, ололт амжилтаа эргэн дурсахын зэрэгцээ цаашдын хөгжил, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтыг Нийтийн удирдлагын тэнхимийн профессор, доктор Н.Бурмаа нээж үг хэлсэн бөгөөд Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Зүмбэрэллхам хүндэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэв.



Уулзалтын онцлох үйл ажиллагааны нэг нь Нийтийн удирдлагын тэнхимийн төгсөгчдийн холбоо байгуулах санаачилга байв. Оролцогчид холбооны зорилго, цаашдын үйл ажиллагаа, зохион байгуулалтын талаар санал солилцож, холбоо байгуулах эхлэлийг тавилаа.
Тус холбоо нь үе үеийн төгсөгчдийг нэгтгэж, тэдний мэдлэг, туршлага, оролцоонд тулгуурлан багш, суралцагч, төгсөгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэнхимийн сургалт, судалгааны хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой юм. Уулзалтын үеэр Нийтийн удирдлагын тэнхимийн төгсөгчдийн холбоог албан ёсоор байгуулж, холбооны ерөнхийлөгч, нарийн бичгийн даргыг сонгосноор төгсөгчдийн оролцоог тэнхимийн цаашдын хөгжилд нэмэгдүүлэх чухал алхам хийлээ.
Мөн уулзалтын үеэр Нийтийн удирдлагын тэнхимийн хамт олны ээлжит хамтын өүтээл болох “Харьцуулсан төрийн захиргаа” номын нээлт боллоо.

Нийтийн удирдлагын хөтөлбөрийг үүсгэн байгуулагч, профессор, доктор Н.Бурмаагийн нээлтийн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Эрхэм хүндэт МУИС-ийн эрдэмтэн багш нар аа! Хүндэт зочид төлөөлөгчид өө! Нийтийн удирдлагын хөтөлбөрийн үе үеийн төгсөгчид, одоо суралцаж буй оюутан залуус аа!
Та бүхэндээ энэ өдрийн амар амгаланг хүндэтгэлтэйгээр айлтгаж, Монгол Улсын Их Сургуулийн Нийтийн Удирдлагын хөтөлбөр үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойн баярын мэндийг чин сэтгэлийн угаас өргөн дэвшүүлье!
Өнөөдөр бидний хувьд мэргэжлийн болон эрдмийн амьдралын нэгэн чухал хуудсыг эргэн харж, сэтгэл догдлон, бахархал дүүрэн буй онцгой өдөр юм.
Учир нь 15 жилийн тэртээ бидний санаачлан эхлүүлсэн нэгэн шинэ үйл хэрэг өнөөдөр үе үеийн багш, төгсөгч, суралцагсдын хамтын хөдөлмөр, зүтгэлээр төлөвшин хөгжиж, өөрийн гэсэн түүх, үнэт зүйл, эрдмийн уламжлалтай болжээ.
МУИС-д Нийтийн удирдлагын хөтөлбөрийг анхлан шинээр бий болгож, хөгжүүлэх санаачилга гаргасан гол зорилго маань Монгол Улсад иргэндээ ээлтэй, мэдлэг боловсролтой, ёс зүйтэй, цогц чадамжтай, мэргэшсэн төрийн албан хаагчдыг бэлтгэхэд оршиж байлаа.
Бидний зорилго энгийн бөгөөд эрхэм байлаа.
Энэ нь зөвхөн нэг шинэ сургалтын хөтөлбөр нээсэн хэрэг биш байв. Харин Монгол Улсад нийтийн удирдлагын шинжлэх ухаан, төрийн удирдлагын мэргэжлийн боловсрол, орчин үеийн засаглалын мэдлэгийг хөгжүүлэхэд оруулсан бидний нэгэн шинэ алхам байсан юм.
Шинэ бүхний эхлэл амаргүй байдаг. Бид ч бас олон сорилтыг эдгээр он жилүүдэд хамтдаа туулсан.
Олон улсын мэдлэг, туршлага, хамтын ажиллагааны үнэ цэнэ
ХБНГУ-ын төрийн удирдлага, нийтийн удирдлагын боловсролын тогтолцоонд суурилсан мэдлэг, туршлага, сургалт, судалгааны арга зүйг Монголын нөхцөлд хөгжүүлэх, цаашлаад олон улсын түвшний мэдлэг, мэдлэгийн менежментийн ноу-хауг МУИС-ийн сургалтын орчинд нэвтрүүлэхийг бид зорьсон юм.
Энэ зорилгоо хэрэгжүүлэхэд олон улсын нэр хүндтэй эрдэмтэн судлаачид болон МУ-н мэргэжлийн байгууллагуудын дэмжлэг, зөвлөгөө, хамтын ажиллагаа онцгой чухал байсныг өнөөдөр тэмдэглэн хэлэх учиртай.
Бидэнд хөтөлбөрийг хөгжүүлэх, сургалтын үзэл баримтлал, агуулга, арга зүйг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсронгуй болгох чиглэлээр үнэтэй зөвлөгөө өгч, сэтгэл харамгүй дэмжиж ажилласан дараах эрхэм хүмүүст онцгойлон талархал илэрхийлье.
Эдгээр эрхэм хүмүүсийн мэдлэг, туршлага, зөвлөгөө, олон улсын хамтын ажиллагааны дэмжлэг нь бидний эхлүүлсэн шинэ санаачилгыг бодит ажил хэрэг болгох, сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэх, олон улсын сайн туршлагаас суралцах Монголын нөхцөлд нэвтрүүлэхэд чухал түлхэц болсон юм.
Тэдний оруулсан хувь нэмэр бол зөвхөн тухайн үеийн зөвлөгөө, дэмжлэгээр хязгаарлагдахгүй. Харин Монгол Улсад нийтийн удирдлагын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд чиглэсэн урт хугацааны үнэ цэнэтэй оюуны хөрөнгө оруулалт гэдгийг онцгойлон тэмдэглэхийг хүсэж байна.
Энэ дашрамд олон улсын хамтын ажиллагааг бодитой хэрэгжүүлэхэд оролцсон нийт эрдэмтэн судлаачид, МУ-н ТАЗ болон мэргэжлийн байгууллагууд болон орон нутгийн төрийн байгууллагууд төрийн албан хаагчид хамтран ажиллагсдад гүн талархал илэрхийлье.
Арван таван жилийн хөдөлмөрийн үр дүн, бахархал
Шинэ хөтөлбөрийг бий болгох, сургалтын үзэл баримтлал, агуулга, хөтөлбөрийн бүтэц, хичээлийн төлөвлөгөө, хүний нөөц, сургалтын орчныг бүрдүүлэх гээд олон сорилт бидний өмнө тулгарч байлаа.
Гэвч бидний зорилго, итгэл үнэмшил, хамтын зүтгэл энэ бүхнийг даван туулах хүч болж байсан.
Өнөөдөр тэрхүү эхлүүлсэн үйл хэрэг маань 15 жилийн түүх болон өргөжиж, олон үеийн төгсөгч, мэргэжилтнүүдийг төрүүлэн гаргасан нь бидний хамгийн том бахархал билээ.
Бидний байгуулсан хөтөлбөрийн хамгийн том амжилт бол зөвхөн төгсөгчдийн диплом бус, харин тэдний мэдлэг, ур чадвар, ёс зүй, иргэдэд хүргэж буй үйлчилгээ, нийгэмдээ оруулж буй бодит хувь нэмэр юм.
Энэхүү 15 жилийн түүхийг бүтээлцсэн МУИС-ийн үе үеийн удирдлага, эрдэмтэн багш нар, хамтран зүтгэгчид, сургалтын хөтөлбөрийг хөгжүүлж ирсэн нийт хамт олондоо гүн талархал илэрхийлье.
Мөн бидний эхлүүлсэн үйл хэргийг үргэлжлүүлэн сургалтын чанар, агуулга, арга зүйг хөгжүүлж, шинэ үеийн мэргэжилтнүүдийг бэлтгэж буй нийтийн удирдлагын тэнхимийн хамт олондоо чин сэтгэлийн талархал дэвшүүлье.
Эрхэм хүндэт төгсөгчид өө!
Та бүхэн бол бидний анхлан дэвшүүлсэн зорилгын бодит үр дүн, хөтөлбөрийн амьд түүх, үнэ цэнтэй хүмүүн капитал билээ.
Та бүхэн төрийн болон хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэний нийгмийн салбарт ажиллаж, өөр өөрийн байр сууринаас нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна.
Хаана ажиллаж, ямар албан тушаал эрхэлж байгаагаас үл хамааран нийтийн эрх ашгийг дээдлэх, иргэдийнхээ хэрэгцээ, эрх ашгийг ойлгох, шударга ёсыг эрхэмлэх, хариуцлагатай шийдвэр гаргах нь та бүхний мэргэжлийн мөн чанар, эрхэмж, үнэт зүйл байх ёстой билээ.
Эрхэм оюутан залуус аа!
Та бүхэн бол энэхүү 15 жилийн түүхийн үргэлжлэл, маргаашийн шинэ үе юм.
Өнөөдөр төрийн удирдлага, нийтийн бодлого, засаглалын орчин урьд өмнөхөөс илүү хурдацтай өөрчлөгдөж байна. Цахим шилжилт, хиймэл оюун ухааны эрин үе, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, ил тод, хариуцлагатай засаглал, иргэдийн оролцоо зэрэг шинэ чиг хандлага та бүхнээс шинэ мэдлэг, шинэ ур чадвар, шинэ системт сэтгэлгээ, шаардлагатай болж байна.
Иймд зөвхөн мэргэжлийн мэдлэгтэй төдийгүй асуудлыг цогцоор нь харж, шийдэл боловсруулж чаддаг, багаар ажилладаг, манлайлагч, ёс зүйтэй, иргэдийнхээ итгэлийг даах чадвартай мэргэжилтэн болохыг хүсэн ерөөж байна.
Нэг зүйлийг онцлон хэлэхэд:
Төрийн албаны жинхэнэ үнэ цэнэ нь Эрх мэдлээр бус, иргэдэд хүргэж буй үйлчилгээ, тэдний итгэл, сэтгэл ханамжаар хэмжигдэх учиртай.
Энэ бол бидний анхнаасаа зорьж ирсэн иргэндээ ээлтэй нийтийн удирдлагын үзэл санааны мөн чанар билээ.
Ирээдүйн хөгжил, үе дамжих эрхэм зорилго
Эрхэм хүндэт зочид, багш нар, төгсөгчид өө!
Арван таван жилийн ой бол өнгөрсөн хугацааны амжилтаараа бахархахын зэрэгцээ цаашдын хөгжлийн шинэ зорилгоо тодорхойлох чухал мөч билээ.
Өнөөдөр бид зөвхөн нэгэн хөтөлбөрийн 15 жилийн ойг тэмдэглэхээр цуглараагүй. Харин өнгөрсөн он жилүүдийн алдаа оноонд дүгнэлт хийн хөдөлмөр бүтээл, мэдлэг боловсрол, үнэт зүйл, хамтын зүтгэл, үе үеийн багш, төгсөгч, суралцагчдын түүхийг бүтээлцэж, ирээдүйн хөгжлийнхөө шинэ хуудсыг нээхээр хуран цуглаад байна.
Арван таван жил гэдэг бол түүх бүтээхэд богино мэт боловч үзэл санаа төлөвшүүлэх, мэргэжилтэн бэлтгэх, нийгэмд өөрийн байр суурь, үнэ цэнийг бий болгоход хангалттай хугацаа юм
Цаашид энэхүү хөтөлбөр маань сургалт, судалгааны чанар, олон улсын хамтын ажиллагаа, инновац, практик чиглэлийн боловсролоор улам баяжин хөгжиж, Монгол Улсын нийтийн удирдлага, төрийн албаны мэргэшил, засаглалын шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулах эрдэм судлал, мэдлэгийн томоохон орон зай болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна.
Эцэст нь, 15 жилийн түүхийг бүтээлцсэн оюутан суралцагч, төгсөгч, багш бүрд дахин гүн талархал илэрхийлье.
Арван таван жилийн түүхийг бүтээлцсэн үе үеийн багш, төгсөгч, суралцагчид та бүхэндээ дахин баяр хүргэж, эрдэм номын их үйлс, ажил хөдөлмөр, амьдралын алтан шар замд тань өндөр амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
МУИС-ийн Нийтийн Удирдлагын хөтөлбөрийн 15 жилийн ойн баярын хурлыг нээснийг гүн хүндэтгэлтэйгээр нээж байна.”
Нийтийн удирдлагын тэнхим