Мэдээ

МУИС-ИЙН УТСОУХНУС-ИЙН НИЙТИЙН УДИРДЛАГЫН ТЭНХИМИЙН АХИСАН ТҮВШНИЙ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Монгол Улсын Их Сургуулийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн 35 жилийн ой, Нийтийн удирдлагын тэнхимийн 15 жилийн ойн хүрээнд 2026–2027 оны хичээлийн жилийн Нийтийн удирдлагын хөтөлбөрийн магистрант, докторантуудын намрын улирлын эрдэм шинжилгээний хурал 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр зохион байгуулагдлаа.

Тус хуралд магистрант, докторантын түвшний нийт 10 судлаач судалгааны илтгэлээ хэлэлцүүлэв. Илтгэлүүдээр төрийн аудитын үр нөлөө, байгууллагын чадамж, бүтээмж, хүнс, байгаль орчны салбарын бодлогын уялдаа, төрийн албаны хүний нөөцийн удирдлага, үе хоорондын ялгаа, хүний эрх, мерит зарчим, хиймэл оюун ухааны хэрэглээ, ёс зүй, стратеги төлөвлөлт, гүйцэтгэлийн үнэлгээ, гаалийн байгууллагын шинэчлэл зэрэг нийтийн удирдлагын онол, практикт хамаарах өргөн хүрээний асуудлыг хөндсөн юм.

Тухайлбал, төрийн албанд хиймэл оюун ухаан ашиглахад баримтлах ёс зүйн зарчим, хиймэл оюун ухааны эрин үеийн төрийн албан хаагчдын цогц чадамж, төрийн албан хаагчдын ажлын сэтгэл ханамжид нөлөөлөх хүчин зүйлс, төрийн албаны хүний нөөцийн удирдлагад тулгамдаж буй асуудал зэрэг сэдэв нь төрийн удирдлагын орчинд бий болж буй шинэ сорилт, өөрчлөлт болон цаашдын хөгжлийн чиг хандлагыг тусгаснаараа онцлог байлаа.

Илтгэлүүдийг судалгааны шинжлэх ухааны үндэслэл, онол, практикийн уялдаа холбоо, арга зүйн боловсруулалт, шинэлэг санаа, практик ач холбогдол, дэвшүүлсэн асуудал болон санал болгосон шийдэл, судалгааны зорилго, зорилтын хэрэгжилт, илтгэх ур чадвар зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан үнэлж, шилдэг илтгэлүүдийг шалгарууллаа.

Тэргүүн байр: Нийтийн удирдлагын магистрант И.Эмүүжин – “Төрийн албанд хиймэл оюун ухааныг ашиглахад баримтлах ёс зүйн зарчим”. Удирдагч багш: Проф, Др Н.Бурмаа.

Дэд байр: Нийтийн удирдлагын докторант У.Баттөвшин – “Монгол Улсын төрийн албаны хүний нөөцийн удирдлагад тулгамдаж буй нийтлэг асуудлууд: Хүний нөөцийн аудитын үр дүнгийн харьцуулсан шинжилгээ”. Удирдагч багш: Проф, Др Н.Бурмаа.

Гутгаар байр: ШУТИС-ийн Менежментийн сургуулийн докторант Б.Билгүүн – “Төрийн албанд ажиллаж буй Z үеийнхний ажлын сэтгэл ханамжид нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа”. Удирдагч багш: Дэд проф, Др Т.Сүмжидмаа, Др.А.Оюунгэрэл.

Тусгай байр: Нийтийн удирдлагын магистрант Г.Дөлгөөн-Аюуш – “Чингис хааны төрийн томилгоо (1206 он) мерит зарчимтай уялдах нь”. Удирдагч багш: Дэд проф, Др. Г.Мягмар.

Тусгай байр: Нийтийн удирдлагын магистрант Ж.Ундрам – “Хиймэл оюун ухааны эрин үе дэх Монгол Улсын төрийн албан хаагчдын цогц чадамж”. Удирдагч багш: Проф, Др. Н.Бурмаа.

spsirpa

spsirpa

spsirpa

Тус эрдэм шинжилгээний хурал нь ахисан түвшний суралцагчдын судалгааны ажлыг эрдэм шинжилгээний орчинд хэлэлцүүлэх, судалгааны үр дүнг танилцуулах, харилцан санал солилцох боломжийг бүрдүүлснээрээ ач холбогдолтой боллоо. Түүнчлэн нийтийн удирдлагын салбарын судалгааны чиглэл, арга зүйн хөгжлийг дэмжих, төрийн удирдлагын практикт тулгамдаж буй асуудлыг судалгаанд тулгуурлан тодорхойлох, шийдэл боловсруулахад хувь нэмэр оруулсан арга хэмжээ боллоо.

spsirpa

Эрдэм шинжилгээний хуралд судалгааны илтгэлээ хэлэлцүүлсэн нийт магистрант, докторантууд болон удирдсан багш нартаа баяр хүргэж, цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.

НИЙТИЙН УДИРДЛАГЫН ТЭНХИМ



Дээш