МУИС-ийн Улс төр, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын тэнхимийн 2026–2027 оны хичээлийн жилийн намрын улирлын бакалаврын оюутнуудын эрдэм шинжилгээний хурлыг “Төрийн удирдлагын ирээдүйн чиг хандлага” сэдвийн хүрээнд Нийтийн удирдлагын тэнхим байгуулагдсаны 15 жилийн ойн арга хэмжээний хүрээнд 2026 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Тус хурлын зорилго нь бакалаврын оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжин хөгжүүлэх, судалгааны арга зүй, ур чадварыг дээшлүүлэх, онол, практикийн уялдаа холбоог бэхжүүлэхэд чиглэв. Мөн төрийн удирдлагын салбарын ирээдүйн чиг хандлага, олон улсын туршлага, шинэлэг үзэл баримтлал, инновацын шийдлүүдийг судлан шинжлэх, тэдгээрт шүүмжлэлтэй хандаж, өөрийн байр суурь, үнэлэлт дүгнэлтээ илэрхийлэх, шинэ санаа, бүтээлч санаачилгыг дэвшүүлэх, судалгааны үр дүнг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх боломжийг оюутнуудад олгоход оршиж байлаа.
Бакалаврын оюутнуудын судалгааны ажлыг судалгааны зорилго зорилтоо тодорхойлсон байдал, шинжлэх ухаанч, онол практикийг хослуулсан байдал, практик ач холбогдол, шинэлэг санаа, асуудал дэвшүүлсэн байдал, судалгааны арга, аргачлал илтгэх ур чадвар зэрэг үзүүлэлтээр дүгнэв.
Эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлсэн нийт оюутнууддаа баяр хүргэж, эрдэм шинжилгээ судалгааны ажилд нь өндөр амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.


