Мэдээ

МУИС, Мессинагийн их сургуулийн хамтын ажиллагаа Европын академик орон зайд шинэ боломж нээж байна

spsirpa

МУИС-ийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуульд Италийн Мессинагийн их сургуулийн (University of Messina) ноён Жузеппе Луккезе (Mr.Giuseppe Lucchese, Гадаад харилцааны газрын дарга), профессор Даниела Мельфа (Prof. Agata Daniela Melfa, Улс төр, эрх зүйн шинжлэх ухааны тэнхим), доктор Мария Францо (Dr. Maria Franzò, Солилцооны хөтөлбөрийн албаны дарга) бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид 2026 оны 10 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд ажиллалаа.

Хоёр сургуулийн ажлын хэсгүүд МУИС-ийн Олон улсын харилцаа, Улс төр судлалын магистрын хөтөлбөрүүд Мессинагийн их сургуулийн Глобал аюулгүй байдал судлалын магистрын хөтөлбөртэй хосолсон 1+1 хамтарсан судалгааны магистрын хөтөлбөр боловсруулах асуудлаар өргөн хүрээний уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Айлчлалын хүрээнд Мессинагийн их сургуулийн профессор Агата Даниела Мельфа зочин профессороор ажиллаж, бакалаврын түвшний оюутнуудад “Introduction to Global Security and Regional Dynamics”, ахисан түвшний суралцагчдад “Post-WWI Syrian Constitutionalism and Maghreb Socialist Momentum” сэдвээр орчин үеийн аюулгүй байдлын асуудал, бүс нутгийн улс төрийн үйл явц болон Ойрх Дорнод, Хойд Африкийн улс төрийн хөгжлийн талаар сонирхолтой лекц уншив.

УТСОУХНУС болон Мессинагийн их сургуулийн ажлын хэсгүүд магистр, цаашид бакалаврын түвшинд хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийн хамт хоёр талын багш, судлаачид хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, багш, оюутан солилцооны боломжуудыг хэлэлцэж, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал зөвшилцсөн юм.

 

Энэ айлчлал МУИС-ийн УТСОУХНУС-ийн гадаад хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, Европын академик орчинтой холбогдох боломжийг өргөжүүлэхийн зэрэгцээ олон улсын түвшний сургалт, судалгааны орчныг хөгжүүлэхэд чухал алхам боллоо.

spsirpa

Ташрамд эл хамтын ажиллагааг эхлүүлэх, талуудыг холбох үйл явцад чухал үүрэг гүйцэтгэсэн Олон улсын эдийн засгийн харилцаа хөтөлбөрийн төгсөгч Цовоод дахин талархал илэрхийлье.

МУИС болон Мессинагийн их сургууль 1+1 магистрын хамтарсан хөтөлбөрийг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэхүү хамтын ажиллагаа хоёр их сургуулийн оюутан, багш, судлаачдад боловсрол, эрдэм шинжилгээний олон улсын шинэ боломжуудыг нээх ач холбогдолтой юм.

spsirpaspsirpa

spsirpa



Дээш