Монголчуудын сэтгэлгээ, оюун санааны түүхэн өв болсон “Улсын эрх” бүтээлийн 112 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан “Улсын эрх–112” эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Их Сургуулийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын хөтөлбөрийн IV түвшний оюутнууд амжилттай оролцож, шилдэг илтгэлээр шалгарлаа.

Тус хурлын бакалаврын түвшний ангилалд 12 их, дээд сургуулийн 93 оюутан судалгааны илтгэлээ ирүүлснээс МУИС-ийн Нийтийн удирдлагын хөтөлбөрийн IV түвшний оюутан Б.Жаргалан, Э.Марал-Эрдэнэ, А.Нандин-Эрдэнэ, Э.Эмүүжин нарын хамтран гүйцэтгэсэн “Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын суралцах орчны стандартын нийцэл (МУИС-ийн жишээн дээр)” сэдэвт судалгааны ажил шилдэг илтгэлээр шалгарсан байна.
Уг судалгааны ажлыг МУИС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн ахлах багш, доктор Н.Цэрмаа удирдан ажиллажээ.

Энэхүү судалгааны ажил нь хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын суралцах орчны хүртээмж, холбогдох стандартын хэрэгжилтийн асуудлыг МУИС-ийн жишээн дээр авч үзсэнээрээ онцлог юм.

Эрдэм шинжилгээ, судалгааны ажилд амжилттай оролцож, шилдэг илтгэлээр шалгарсан оюутнууд болон удирдагч багшид халуун баяр хүргэж, цаашдын сурлага, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье!