Мэдээ

МУИС-ИЙН НИЙТИЙН УДИРДЛАГЫН ТЭНХИМИЙН 15 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД “ИРЭХ 15 ЖИЛ: НИЙТИЙН УДИРДЛАГЫН ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ XV ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“МУИС–Манлайлал: Шилжилтийн үеийн чадавхын хөгжил–2026” олон улсын эрдэм шинжилгээний XV хурал зохион байгуулагдлаа

Монгол Улсын Их Сургуулийн Улс Төр Судлал, Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургуулийн Нийтийн удирдлагын тэнхим байгуулагдсаны 15 жилийн ойн хүрээнд “МУИС–Манлайлал: Шилжилтийн үеийн чадавхын хөгжил” олон улсын эрдэм шинжилгээний цуврал XV хурал “Ирэх 15 жил: Нийтийн удирдлагын ирээдүй” сэдвийн дор 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотноо Новотел зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдлаа.

МУИС-ийн Нийтийн удирдлагын тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус хурал энэ жил тэнхимийн 15 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм.

Энэ удаагийн хурлаар нийтийн удирдлагын салбарын ирэх 15 жилийн хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй болон шинээр үүсэх сорилт, төрийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх, өөрчлөгдөж буй орчинд дасан зохицох засаглалын шинэ хандлага зэрэг асуудлыг хөндөн хэлэлцэв.

Хуралд гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид, төрийн байгууллагын төлөөлөл, мэргэжилтнүүд оролцож, нийтийн удирдлагын онол, судалгаа, практикийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн боломжийн талаар мэдлэг, туршлага солилцлоо.

Энэ жилийн хурлын ерөнхий ивээн тэтгэгчээр Монгол дахь Конрад-Аденауэрын сан ажиллаж, ерөнхий зохион байгуулагчаар МУИС, Монгол Улсын Төрийн Албаны Зөвлөл, Ханнс-Зайделийн сангийн Монгол дах суурин төлөөлөгчийн газар, хамтран зохион байгуулагчаар ХБНГУ-ын Шпайерын Төрийн удирдлагын их сургууль, ХБНГУ-ын олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Орон нутгийн тогтвортой хөгжлийн институт (INCOSAD) оролцлоо.

spsirpa

Үдээс өмнөх нэгдсэн хуралдаан

Хурлын нээлтэд МУИС-ийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор, профессор, доктор Д.Заяабаатар, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн, Конрад-Аденауэрын сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч доктор Зөрөн Зойка, GIZ-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч доктор Юрген Хартвиг, Монгол Улсын гавьяат багш, МУИС-ийн профессор, доктор Н.Бурмаа нар үг хэллээ.

Хурлын үндсэн илтгэлийг МУИС-УТСОУХНУС-ийн хүндэт доктор, профессор, доктор Штефан Хансельманн “Ирээдүй төсөөлснөөс эрт ирэхэд: Хиймэл оюун ухааны эрин үед нийтийн удирдлага” сэдвээр хэлэлцүүлж, хиймэл оюун ухааны эрин үед нийтийн удирдлагын өмнө тулгарч буй асуудлуудыг хөндлөө.

Үдээс өмнөх хуралдаанд дараах эрдэмтэн, судлаачид илтгэл хэлэлцүүлэв.

- Дэд профессор, доктор Такаши Накамура, Япон Улсын Яманаши их сургууль — “Ус ба бүс нутгийн ирээдүй: Монгол Улсын бүсчилсэн хөгжилд Япон Улсын туршлагаас суралцах нь”

- Дэд профессор, доктор Ионжү Ким, БНСУ-ын Хансун их сургуулийн Нийтийн удирдлагын тэнхим — “Хиймэл оюун ухаанд суурилсан захиргааны инновацын тархалт: Технологийн боломж бүрдүүлэгч хүчин зүйлс ба байгууллагын шингээн нэвтрүүлэх чадавх”

- Профессор, доктор Холгер Мюленкамп, ХБНГУ-ын Шпайерын Төрийн удирдлагын их сургууль — “Нийтийн удирдлага: Бюрократ тогтолцоо ба бүтээмж”

- Профессор, доктор Али Захид, Пакистан Улсын Карачи хотын Илма их сургуулийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захирал — “Нийтийн удирдлагын ирээдүйн чиг хандлага: Чадавхтай, итгэл хүлээсэн, дасан зохицох чадвартай засгийн газар”

- Доктор Тэй Жөди, Камбож Улсын Ногоон санхүүжилтийн газрын Судалгаа, бодлого, сургалтын хэлтсийн дарга — “Ногоон санхүүжилтээр тогтвортой хөгжлийг хангах нь: Үндэсний хөгжлийн санхүүгийн байгууллагуудын гүйцэтгэх үүрэг”

- Профессор, доктор Н.Бурмаа, МУИС-ийн Нийтийн удирдлагын тэнхим — “Төрийн хяналт – засаглал – эрх мэдлийн хуваарилалт”

Илтгэлүүд нь хиймэл оюун ухаан, дижитал захиргаа, төрийн байгууллагын бүтээмж, бүсчилсэн хөгжил, ногоон санхүүжилт, засаглал зэрэг асуудлыг хөндөж, нийтийн удирдлагын ирээдүйн чиг хандлагын талаар олон улсын туршлага, судалгааны үр дүнг солилцох боломж бүрдүүллээ.

spsirpa

Үдээс хойших салбар хуралдаанууд

Үдээс хойших хуралдаан “Нийгмийн өөрчлөлт, шинэчлэлт”, “Төрийн албаны ирээдүй: Жендэрийн төлөв байдал”, “Тогтвортой байдал” гэсэн гурван чиглэлээр зохион байгуулагдаж, судлаачид болон төрийн байгууллагын төлөөлөл бодлого, засаглал, хүний нөөц, технологи, тогтвортой хөгжлийн асуудлыг хэлэлцэв.

I. Нийгмийн өөрчлөлт, шинэчлэлт

Профессор, доктор Н.Бурмаа хуралдааныг удирдаж, дэд профессор, доктор Д.Алтантуяа чиглүүлэгчээр ажиллаж дараах илтгэлүүдийг хэлэлцүүлэв.

- Дэд профессор, доктор П.Амаржаргал, УИХ-ын Тамгын газрын хуулийн ахлах зөвлөх — “Үндсэн хуулийн эрх зүй”

- Профессор, доктор О.Мөнхбат, МУИС-ийн Шинжлэх ухаан, технологийн паркийн захирал — “Дижитал орчинд их өгөгдлийг судалгаанд ашиглах нь”

- Доктор Б.Амарсанаа, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дарга — “Ирээдүйн 15 жилд төрийн албан хаагчийн ажлын цаг юунд зарцуулагдах вэ? (Тайлангаас өгөгдөл рүү)”

- Дэд профессор, доктор Б.Ууганбаяр, Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль — “Нийгмийн системийн өөрчлөлтөд системийн сэтгэлгээг хэрэглэх нь”

- Доктор Ч.Жавзанпагма, Төв аймгийн Архивын төв газрын дарга — “Монгол Улсын нутгийн өөрөө удирдах байгууллагын бүтэц, чиг үүргийг засаглалын онолын хандлагад суурилан загварчлах нь”

Энэ чиглэлийн илтгэлүүд нь үндсэн хуулийн эрх зүй, их өгөгдөл, төрийн албан хаагчийн ажлын ирээдүй, системийн сэтгэлгээ болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүтэц, чиг үүргийн асуудлыг хамарлаа.

II. Төрийн албаны ирээдүй: Жендэрийн төлөв байдал

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн доктор Ц.Амартөгс хуралдааныг удирдаж, МУИС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, дэд профессор, доктор Г.Мягмар чиглүүлэгчээр ажиллав.

- Доктор Ц.Амартөгс, Төрийн албаны зөвлөл — “Төрийн албаны шинэчлэл: Жендэрийн төлөв байдал”

- Профессор, доктор Д.Зүмбэрэллхам — “Төрийн албаны ирээдүйн чиг хандлага”

- Б.Мягмарнаран, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга — “Төрийн албаны шинэчлэлд хиймэл оюун ухааны хэрэглээ”

- Дэд профессор, доктор Г.Мягмар, МУИС-ийн Нийтийн удирдлагын тэнхим — “Нийтийн удирдлагын судалгааны өнөөгийн болон ирээдүйн чиг хандлага”

- Ц.Ариунгэрэл, МУИС-ийн Нийтийн удирдлагын тэнхим — “Төрийн албан хаагчийн ирээдүйн чадамж”

Энэ хуралдаанаар төрийн албаны шинэчлэл, жендэрийн төлөөлөл, хиймэл оюун ухааны хэрэглээ, нийтийн удирдлагын судалгааны чиг хандлага болон ирээдүйн төрийн албан хаагчдад шаардлагатай чадамжийн талаар хэлэлцлээ.

III. Тогтвортой байдал

МУИС-УТСОУХНУС-ийн хүндэт доктор, профессор, доктор Штефан Хансельманн хуралдааныг удирдаж, БНСУ-ын Хансун их сургуулийн дэд профессор, доктор Ионжү Ким чиглүүлэгчээр ажиллав.

- Доктор Б.Баярсайхан, Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайд — “Монгол Улсын бүсчилсэн хөгжил”

- О.Батболд, ХБНГУ-ын Шпайерын Төрийн удирдлагын их сургуулийн докторант — “Байгалийн баялгаар нийтийн үнэ цэн бүтээх нь: Монголын уул уурхайн засаглал дахь төрийн захиргааны ирээдүй”

- А.Баярбаатар, Эдийн засаг, хөгжлийн яамны Шинжлэх ухаан, технологийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга — “Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн бодлогын чиг хандлага”

- Б.Энхцэцэг, Жижиг, дунд үйлдвэрийн газрын хоршооны хөрөнгө оруулалт хариуцсан ахлах мэргэжилтэн — “Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрлэлийн ирээдүйн чиг хандлага”

- Дэд профессор, доктор Д.Алтантуяа, МУИС-ийн Нийтийн удирдлагын тэнхим — “Тогтвортой хөгжлийн бодлогын дижитал засаглал: Байгаль орчны бодлогын ирээдүй”

Энэ хуралдаанаар бүсчилсэн хөгжил, уул уурхайн засаглал, шинжлэх ухаан, технологийн бодлого, жижиг, дунд үйлдвэрлэл болон байгаль орчны бодлогод дижитал засаглалыг ашиглах асуудлыг хэлэлцэв.

spsirpa

Нийтийн удирдлагын ирээдүйн талаар олон улсын мэдлэг, туршлага солилцлоо

“МУИС-Манлайлал-Шилжилтийн үеийн чадавхын хөгжил 2026” олон улсын эрдэм шинжилгээний хурал нь нийтийн удирдлагын онол, судалгаа, төрийн бодлого, захиргааны практикийг холбон хэлэлцэх боломж бүрдүүллээ.

Энэ жилийн хуралд хиймэл оюун ухаан, дижитал засаглал, төрийн байгууллагын бүтээмж, төрийн албаны шинэчлэл, жендер, бүсчилсэн хөгжил, уул уурхайн засаглал, ногоон санхүүжилт, шинжлэх ухаан, технологийн бодлого зэрэг олон асуудлыг хамруулсан нь нийтийн удирдлагын ирээдүйг зөвхөн технологийн өөрчлөлтөөр бус, байгууллагын чадавх, хүний нөөц, засаглалын чанар, тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулан авч үзэх шаардлагыг харууллаа.

Хуралд оролцож буй байгууллагууд:

  • Улсын Их Хурлын Тамгын газар;
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар;
  • Эдийн засаг, хөгжлийн яам;
  • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам;
  • Боловсролын яам;
  • Сангийн яам;
  • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам;
  • Татварын ерөнхий газар;
  • Үндэсний статистикийн хороо;
  • Шүүхийн ерөнхий зөвлөл;
  • Цагдаагийн ерөнхий газар;
  • Жендерийн үндэсний хороо;
  • Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс;
  • Улсын бүртгэлийн ерөнхий газар;
  • Авлигатай тэмцэх газар;
  • Жижиг, дунд үйлдвэрийн газар;
  • Ёс зүйн хороо;
  • Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл;
  • Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар парк;
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төв;
  • Дотоод хэргийн их сургууль
  • Удирдлагын академи

Хуралд оролцож, мэдлэг, судалгааны үр дүн, мэргэжлийн туршлагаа хуваалцсан олон улсын болон Монголын эрдэмтэн, судлаачид, төрийн байгууллагын төлөөлөл, мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье. Мөн хурлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн ивээн тэтгэгч, хамтран зохион байгуулагч байгууллагууддаа талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүсье.

spsirpa

Нийтийн удирдлагын тэнхим

Улс Төр Судлал, Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургууль

Монгол Улсын Их Сургууль



Дээш