Мэдээ

МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ЭМЭГТЭЙ ЭНХИЙГ САХИУЛАГЧ ХУРАНДАА Н.НЯМЖАРГАЛ ЛЕКЦ УНШЛАА

2026 оны 9-р сарын 25-ны өдөр МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн оюутнуудад Монгол Улсын анхны эмэгтэй энхийг сахиулагч, хурандаа Н.Нямжаргал “Монгол Улсын эмэгтэй энхийг сахиулагчид: Энхийн төлөөх 20 жил” сэдвээр лекц уншлаа.

Ахлах багш Д.Оюунсүрэн энэхүү арга хэмжээг дэлхий даяар жил бүрийн 9-р сарын 21-нд тэмдэглэдэг “Олон улсын энх тайвны өдөр”, мөн 9-р сарын 26-нд тэмдэглэдэг “Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдөр”-ийг тохиолдуулан Энхийг цогцлоох хүрээлэн (MONPI)-тэй хамтран зохион байгуулж байгааг танилцуулав.

Энэ жил Монгол Улсын эмэгтэй цэргийн алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой тохиож байна. 2006 онд 27 настай, ахмад Н.Нямжаргал Баруун Сахар дахь НҮБ-ын MINURSO ажиллагаанд цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгэснээр Монгол Улсын анхны эмэгтэй энхийг сахиулагч болсон түүхтэй бөгөөд өнөөгийн байдлаар Монгол Улсаас давхардсан тоогоор 1300 гаруй эмэгтэй алба хаагч энхийг дэмжих ажиллагаанд оролцоод байна.

Лекцийн үеэр хурандаа Н.Нямжаргал БХИС-д анх 1995 онд элсэн суралцсанаасаа авахуулаад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцсон өөрийн түүх,  тулгарч байсан сорилтууд, цэргийн ажиглагчийн үүрэг, ажиллагааны газар орны нөхцөл байдлын талаар туршлагаа хуваалцав. Мөн түүний эхлүүлсэн замаар олон эмэгтэй цэргийн алба хаагч НҮБ-ын ажиллагаанд цэргийн ажиглагч, штабын офицер, цэргийн багийн бүрэлдэхүүн болон удирдах түвшинд үүрэг гүйцэтгэх болсон талаар онцоллоо.

Хурандаа Н.Нямжаргал 2011–2012 онд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны хүний нөөцийн штабын офицероор ажилласан бөгөөд 2021–2026 онд Нью-Йорк дахь НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын Гишүүн улсуудад дэмжлэг үзүүлэх багийн даргаар ажилласан.  Ийнхүү ажиллагааны газар орноос НҮБ-ын төв штаб хүртэлх түвшинд ажилласан туршлагадаа тулгуурлан энхийг сахиулах ажилагааны өөрчлөлт, Монгол Улсын оролцоо, эмэгтэй энхийг сахиулагчдын манлайллын талаар оюутнуудтай санал солилцов.

Лекцийн бас нэг гол сэдэв нь өнөөгийн аюулгүй байдлын шинэ орчин байлаа. Орчин үеийн хямрал мөргөлдөөн, энхийг сахиулах ажиллагаанд уламжлалт цэргийн аюул заналхийллээс гадна кибер халдлага, мэдээллийн аюулгүй байдал, худал болон төөрөгдүүлсэн мэдээлэл, үзэн ядах үг хэллэг, дрон болон шинэ технологийн нөлөө нэмэгдэж байгааг тэрээр онцлон дурдлаа. Мөн 2026 оноос Кибер аюулгүй байдлын цэргийн командлалд хэлтсийн даргаар ажиллаж буй туршлагадаа тулгуурлан кибер орон зай дахь олон улсын хамтын ажиллагаа, кибер дипломат ажиллагаа болон ирээдүйн энхийг сахиулагчдад шаардагдах шинэ ур чадварын талаар ярив.

Түүнчлэн хурандаа Н.Нямжаргал НҮБ-ын “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” (WPS) хөтөлбөр, эмэгтэй энхийг сахиулагчдын оролцоо, манлайллын талаар ярилцаж, эмэгтэйчүүдийн оролцоог зөвхөн тоон үзүүлэлтээр бус, штаб, удирдлага, төлөвлөлт болон шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэхийн ач холбогдлыг хөндлөө.

Уулзалтын үеэр оюутнууд энхийг сахиулах ажиллагааны ирээдүй, кибер аюулгүй байдал, шинэ технологи, эмэгтэйчүүдийн оролцоо, Монгол Улсын энхийг дэмжих ажиллагааны цаашдын чадавхын талаар асуулт тавьж, чөлөөтэй санал солилцсон нь лекцийн чухал хэсэг болов.

Оюутнуудад хандан хурандаа Н.Нямжаргал: “Энх тайвныг хамгаалах арга хэлбэр хувьсан өөрчлөгдөж болох ч түүний төлөөх хүний үүрэг, хариуцлага хэзээ ч хувирахгүй. Ирээдүйн дипломатууд маань технологийн дэвшлийг соргогоор мэдэрч, олон улсын харилцааны шинэ орчинд ажиллах чадвартай, энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах шинэ үеийн шилдэг мэргэжилтнүүд болон төлөвших болтугай” хэмээн амжилт хүслээ.

Арга хэмжээг хамтран зохион байгуулсан Монголын Энх тайвныг цогцлоох хүрээлэн (MONPI) нь 2023 онд байгуулагдсан, бие даасан, нам бус, ашгийн бус, төрийн бус байгууллага юм. Тус хүрээлэн нь энх тайвны боловсрол, энх тайвныг цогцлоох ажиллагаа, нийгмийн уялдаа холбоо, яриа хэлэлцээ, эвлэрүүлэн зуучлал, хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжих чиглэлээр ажилладаг.

spsirpaspsirpaspsirpaspsirpa



Дээш