Монгол Улсын Их Сургуулийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулиас (УТСОУХНУС) “SPSIRPA FORUM-2026” Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотноо “Геостратегийн өрсөлдөөн ба дэлхийн шинэ дэг журам: Сорилт, боломж” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгууллаа. Олон улсын харилцаа, геостратегийн өөрчлөлт болон засаглалын асуудлаар эрдэмтэд чуулж, шинэ тутам хийгдсэн судалгааны ололт, цаг үеийн байдалд хийсэн мэргэжлийн анализ, өнөөгийн дэлхий дахин, бүс нутаг, хоёр хөршийн геостратегийн асуудлаар харилцан байр сууриа солилцож, илтгэлээ хэлэлцүүлсэн юм.
Тус хурал нь Олон улсын харилцаа, Улс төр судлал, Төрийн удирдлага ба засаглал гэсэн үндсэн чиглэлүүдээр өргөтгөсөн салбар хуралдаануудыг зохион байгууллаа. Эрдэмтэн, судлаачид геостратегийн өрсөлдөөн, стратегийн бие даасан байдал, Монгол Улсын гадаад бодлого, улс төрийн институц, олон улсын харилцааны өнөөгийн байдал, дижитал шилжилт болон төрийн удирдлагын талаархи өргөн хүрээний асуудлаархи сүүлийн үеийн судалгааны үр дүнгээ хэлэлцсэн нь олон улсын эрдэм шинжилгээний хурлын хамгийн чухал ач холбогдол юм.
Энэхүү хурал жил бүр тасралтгүй зохион байгуулагдаж, орчин үеийн олон улсын тогтолцоонд өрнөж буй томоохон өөрчлөлтүүдийн талаар мэргэжлийн судалгааны үр дүн, үзэл бодлоо солилцох академик талбар болсоор ирсэн юм.
“SPSIRPA FORUM-2026” хурлыг Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь салбар болон Монгол Улсын Боловсролын Их Сургууль хамтран зохион байгуулж, Монгол Улсын гадаад харилцааны яам, Шинжлэх ухаан, технологийн сан дэмжин оролцлоо.
Хуралд Их Британи, Хятад, Орос, Энэтхэг, Өмнөд Солонгосын эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцож, салбар хуралдаан, хэлэлцүүлгүүдээр судалгааны үр дүнгээ танилцуулахын хамт дотоодын судлаачдын бүтээлтэй танилцан, санал солилцсон юм.
Тус хурлын шилдэг илтгэлүүдийг “Олон улсын харилцаа” болон “Политологи” сэтгүүлийн тусгай дугаарт хэвлэх юм.

