Мэдээ

"Mapping Mongolian Politics, Foreign Policy and Governance" номын нээлтийн ёслол боллоо

2026 оны 9 дүгээр сарын 23-ны Лхагва гарагт Монгол Улсын Их Сургуулийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуульд "Mapping Mongolian Politics, Foreign Policy and Governance" нэртэй олон улсын хамтарсан судалгааны номын нээлтийн ёслол боллоо. Тус ном нь дэлхийд алдартай Palgrave Macmillan (Springer Nature) хэвлэлийн газраас 2026 онд хэвлэгдэн гарсан бөгөөд Монголын улс төрийн шинэчлэл, гадаад бодлого, засаглалын өнөөгийн байдлыг гурван хэсэг, 12 бүлгээр иж бүрэн шинжилсэн эрдэм шинжилгээний олон улсад хэвлэгдсэн анхны бүтээл юм. Номыг МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал, профессор С.Мөнхбат болон Энэтхэгийн Жавахарлал Неругийн Их Сургуулийн Олон Улсын Судлалын Сургуулийн Дотоод Азийн Судалгааны Төвийн профессор Sharad K. Soni нар хамтран редакторлажээ.

Нээлтийн үйл ажиллагаанд профессор С.Мөнхбат үг хэлж, номын төслийн ач холбогдол, хамтын ажиллагааны түүхийг танилцуулав. Номын редактор, профессор Sharad K. Soni биечлэн оролцож, редакторын үгээ хэлсэн бол төслийн ахлагч, дэд профессор Б.Мөнх-Өлзий төслийн хэрэгжилтийн талаар илтгэв. Улс төр судлалын тэнхимийн профессор Д.Ундрах "Монголын улс төр: уламжлал, институци, ардчилал" сэдвээр, Олон улсын харилцааны тэнхимийн дэд профессор Ж.Баттөр "Монголын гадаад бодлого, геополитик, дипломат харилцаа" сэдвээр, Нийтийн удирдлагын тэнхимийн доктор Н.Цэрмаа "Орчин үеийн Монгол дахь засаглал" сэдвээр тус тус илтгэл тавьж, номын гол агуулгыг хүрэлцэн ирсэн зочид, эрдэмтэн багш, оюутнуудад танилцуулав.

Номд тус сургуулийн олон багш, судлаачийн зэрэгцээ Энэтхэгийн эрдэмтдийн бүтээлүүд орсон нь Монгол-Энэтхэгийн эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны бодит үр дүн болж байна. Мөн энэхүү бүтээл нь дотоодын судлаач, магистрант, докторантуудад судалгааны найдвартай эх сурвалж болохын зэрэгцээ Монгол судлал, Монголын улс төр, олон улсын харилцаа, засаглалын талаарх мэдлэг, мэдээллийг олон улсын түвшинд системтэйгээр хүргэж буй анхны өргөн хэмжээний бүтээл болсноороо онцгой эрдэм шинжилгээний ач холбогдолтой юм. Энэ нь салбарын судалгааг олон улсын эрдэм шинжилгээний хүрээнд танилцуулах, дотоод, гадаадын судлаачдын хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал алхам болж байна.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай!

spsirpa

spsirpaspsirpaspsirpa



Дээш