Мэдээ

“SPSIRPA FORUM 2026” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Монгол Улсын Их Сургуулийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургууль (УТСОУХНУС)-аас “SPSIRPA FORUM 2026” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотноо “Геостратегийн өрсөлдөөн ба дэлхийн шинэ дэг журам: Сорилт, боломж” сэдвийн хүрээнд зохион байгуулна.

Энэхүү хурал нь орчин үеийн олон улсын тогтолцоонд өрнөж буй томоохон өөрчлөлтүүдийн талаар эрдэмтэн, судлаачид судалгааны үр дүн, үзэл бодлоо солилцох академик талбар болох юм. Хурал Олон улсын харилцаа, Улс төр судлал, Төрийн удирдлага ба засаглал гэсэн үндсэн чиглэлүүдээр салбар хуралдаан зохион байгуулж, геостратегийн өрсөлдөөн, стратегийн бие даасан байдал, Монгол Улсын гадаад бодлого, улс төрийн институц, дижитал шилжилт, төрийн удирдлага, засаглал зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцэнэ.

Хурлын нээлтэд УТСОУХНУС-ийн захирал С.Мөнхбат, Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Кристоф Хойзер нар үг хэлнэ. Энэтхэгийн Жавахарлал Неругийн Их Сургуулийн Олон улс судлалын сургуулийн дэд захирал Шарад Кумар Сони “Геостратегийн өрсөлдөөний эрин үе дэх стратегийн бие даасан байдал: Энэтхэг, Монголын боломжит хувилбарууд” сэдвээр үндсэн илтгэл тавина.

Хуралд Монголын болон гадаадын эрдэмтэн, судлаачид оролцож, салбар хуралдаан, хэлэлцүүлгүүдээр судалгааны үр дүнгээ танилцуулна. Өдрийн төгсгөлд салбар хуралдаануудын гол үр дүн, дүгнэлтийг нэгтгэсэн нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулж, хаалтын ажиллагаагаар өндөрлөнө.

SPSIRPA FORUM 2026 хурлыг Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь салбар болон Монгол Улсын Боловсролын Их Сургуультай хамтран зохион байгуулж, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Шинжлэх ухаан, технологийн сан дэмжин оролцож байна.

spsirpaspsirpaspsirpa



Дээш