Мэдээ

УТСОУХНУС ОЛОН УЛСЫН ТҮВШНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДАДЛАГЫН ШИНЭ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

2026 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Монгол Улсын Их Сургуулийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль (УТСОУХНУС) болон The GR Company хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ёслол болов.

Санамж бичигт “The GR Company”-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Якоб Эдберг (Jakob Edberg), БНСУ дахь үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирал Жүюн Мүүн (Juyun Moon), УТСОУХНУС-ийн захирал профессор, доктор С.Мөнхбат нар гарын үсэг зурлаа.

The GR Company нь Япон, БНСУ, Тайванийн төр-хувийн хэвшлийн харилцаа (government relations), төрийн бодлогын зөвлөх үйлчилгээ (public affairs)-ний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тэргүүлэгч зөвлөх компани бөгөөд Токио, Осака, Сөүл, Тайпэй хотуудад үндсэн оффистойгоос гадна Сингапур, Лондон, Вашингтон хотуудад бүсийн төвүүдтэй, олон улсын өргөн сүлжээтэй байгууллага юм. Тус компани хүрээлэн буй орчин, санхүү, технологи, эрүүл мэнд, эрчим хүч, хэрэглээний бүтээгдэхүүн, батлан хамгаалах зэрэг олон салбарын бодлого, зохицуулалтын орчны судалгаа, стратегийн шинжилгээ, зөвлөх үйлчилгээг үзүүлдэг бөгөөд 100 гаруй зөвлөх, шинжээчийн багаар үйл ажиллагаа явуулдаг.

Хоёр талын байгуулсан санамж бичгийн хүрээнд УТСОУХНУС-ийн дадлагын хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, тус компаний салбаруудад дадлагажих оюутнуудыг сонгон шалгаруулах, олон улсын орчин дахь үйлдвэрлэлийн дадлагын боломжийг бий болгох, мөн багш, оюутны оролцоотой судалгаа, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцлоо.

Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд Олон улсын харилцаа, Нийтийн удирдлага, Улс төр судлалын хөтөлбөрийн шилдэг оюутнууд “The GR Company”-ийн Япон, БНСУ болон бусад салбар, түнш байгууллагуудад үйлдвэрлэлийн дадлага хийх боломжтой болж байгаа нь УТСОУХНУС-ийн оюутнуудын олон улсын түвшинд өрсөлдөх чадвар, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой алхам болж байна. Цаашид оюутнууд бодлого, шинжилгээ, төр-хувийн хэвшлийн харилцаа, олон улсын зөвлөх үйлчилгээний бодит орчинд ажиллах туршлага хуримтлуулах боломжтой болох юм.

МУИС-ийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлага, Улс төр судлалын хөтөлбөрийн оюутнуудын дадлага, судалгаа, мэргэжлийн хөгжлийн боломжийг өргөжүүлэх ач холбогдолтой энэхүү хамтын ажиллагааг санаачлан ажил хэрэг болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан Олон улсын харилцааны тэнхимийн ахлах багш Г.Баасанхүү, мөн Олон улсын харилцаа хөтөлбөрийн 2022 оны төгсөгч, The GR Company-ийн “GR Korea” салбарын шинжээч А.Марал-Оч нарт талархал илэрхийлье.

Энэ хамтын ажиллагаа УТСОУХНУС-ийн оюутнуудыг олон улсын хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх, дэлхийн түвшний байгууллагуудад дадлагажих боломжийг өргөжүүлэх, их сургууль-аж үйлдвэрийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал эхлэл болж байна.

spsirpaspsirpaspsirpa



Дээш