Бодлогын судалгааны төв

МУИС эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээ хөгжүүлэх, судалгаанд суурилсан мэдээлэл, зөвлөгөөгөөр нийгэм, олон нийтэд үйлчлэх зорилгоо хэрэгжүүлэх үүднээс анх 2016 онд Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн дэргэд Бодлогын судалгааны төв /БСТ/ байгуулахаар шийдвэрлэсэн юм. Энэ төв нь “Монгол Улсын нэр хүндтэй судлаач, дипломатч, мэргэжилтнүүдийг урин цуглуулж, эрдмийн эргүүлэг үүсгэн”, “сургалт, судалгааг чанарын өндөр түвшинд зохион байгуулах, өрсөлдөхүйц, хөрвөх чадвартай боловсон хүчнийг бэлтгэх, олон улсын харилцаа, бүс нутаг, хөгжлийн бодлогын судлаачдын залуу халааг мэргэшүүлэн бэлдэх, төгсөгчдөө тасралтгүй хөгжүүлэх” зэрэг чиг үүргийг хүлээсэн байдаг.

Өнгөрсөн хугацаанд БСТ-ийн үйл ажиллагаа олон улс судлалын үндэсний чадавхийг хөгжүүлэхэд бүхэлдээ чиглэж, дараахь үндсэн 2 арга замаар явж иржээ. Үүнд, нэгд, олон улсын харилцаа, гадаад бодлого, аюулгүй байдлын тулгамдсан асуудлуудаарх судалгаа, мэдээ, мэдээллийг төр, нийгмийн тодорхой хүрээ, оюутан сурагчдад хүргэж байдаг тогтмол хэвлэл - “Бодлогын мэдээ” сэтгүүл эрхлэн гаргаж байна. 2016 оноос эдүгээг хүртэл 22 дугаар гараад буй бөгөөд үүнд 30 гаруй эрдэмтэн, судлаачдын 70 гаруй өгүүлэл нийтлэгдсэн нь сургалт, судалгааны нэгэн чухал нэмэлт хэрэглэгдэхүүн болж байна. Хоёрт, олон улсын харилцаа, гадаад бодлогын сэдвээр эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг зэргийг тогтмол зохион байгуулж, оролцож, судалгааны төслүүд хэрэгжүүлэхэд анхаарч ирлээ. Энэ салбарын төрийн ба төрийн бус байгууллагууд, хувь судлаач, эрдэмтдийн үйл ажиллагааг нэгтгэн уялдуулах, тэдний чадавхийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Монголын Олон улс судлалын Алтан аргамж холбоо”-г 2020 оны 6 дугаар сард байгуулав.

Дээш