2026 оны 6-р сарын 3-нд Жилинь их сургуулийн Зүүн Хойд Ази судлалын хүрээлэнгийн дэд захирал, тус сургуулийн “Куан Ямин” нэрэмжит шилдэг эрдэмтэн, профессор Ба Дяньжүнь Монгол Улсын Их Сургуулийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуульд “Хятад, Монголын залуучуудын соёл, эрдэм шинжилгээний солилцоог ахиулах нь — соёл иргэншлийн харилцан судалгаа, хамтын ирээдүй” сэдвээр тусгай илтгэл лекц уншлаа. Тус уулзалтыг ОУХ-ны тэнхимийн ахлах багш, Доктор А.Батцэцэг хөтлөн явуулсан бөгөөд илтгэлд Жилинь их сургуулийн Зүүн Хойд Ази судлалын хүрээлэн болон Монгол судлалын төвийн тухай, түүний үүсэл хөгжил Хятад, Монголын залуучуудын эрдэм шинжилгээ, соёлын солилцоо, харилцан суралцах талаар идэвхтэй яриа өрнүүлж манай 2 орны оюутан залуусын харилцан ойлголцол Хятад Монгол хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэхэд гүйцэтгэх ач холбогдлыг дэлгэрэнгүй танилцууллаа. Тус илтгэл нь Жилинь их сургуулийн Зүүн Хойд Азийн бүс нутаг судлал болон Хятад, Монголын хүмүүнлэгийн солилцооны чиглэлд хуримтлуулсан эрдэм шинжилгээний нөөц, практик туршлагыг цогцоор нь харуулсан болно.

Илтгэлийн эхэнд профессор Ба Дяньжүнь Жилинь их сургуулийн Зүүн Хойд Ази судлалын хүрээлэнгийн хөгжлийн түүх, эрдэм шинжилгээний бодлогын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Уг хүрээлэн нь БНХАУ-ын Боловсролын яамнаас баталсан их, дээд сургуулиудын хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухааны анхны гол судалгааны баазуудын нэг бөгөөд 1999 онд байгуулагдсан цагаасаа хойш Зүүн Хойд Азид тулгуурлан, дэлхий дахинд чиглэсэн судалгааг хөгжүүлж ирсэн. Тус хүрээлэн бүс нутгийн онолын болон бодит ач холбогдолтой томоохон асуудлуудыг салбар дундын аргаар судалж, Япон, БНАСАУ, БНСУ, ОХУ, Монгол Улс зэрэг улс орнуудыг хамарсан эрдэм шинжилгээний судалгааны тогтолцоог бүрдүүлсэн тухай тахилцууллаа.
Жилинь их сургуулийн Монгол судлалын төвийн талаар профессор Ба Дяньжүнь тэмдэглэхдээ, тус төв нь 2011 оны 12-р сард байгуулагдаж, Жилинь их сургуулийн Зүүн Хойд Ази судлалын хүрээлэнгийн дэмжлэгтэй хөгжиж ирснийг дурдав. Тус төв нь Хятад, Монголын стратегийн хамтын ажиллагааг ахиулах зорилготой. Судалгааны үндсэн чиглэл нь Монгол Улсын эдийн засгийн хөгжил, Хятад, Монголын худалдаа, эдийн засгийн харилцаа ба бүс нутгийн хамтын ажиллагаа, Монголын хүн ам, нийгмийн хөгжил, Монголын улс төр, гадаад харилцаа зэрэг асуудлыг хамардаг бөгөөд Монгол судлалын салбарт салбар дундын, иж бүрэн судалгааны онцлогийг бий болгосон байна. Сүүлийн жилүүдэд тус хүрээлэн Монгол Улсын Их Сургууль, Монголын Шинжлэх Ухааны Академи, Монгол Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль зэрэг их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай тогтмол харилцан айлчлал, хамтарсан судалгаа, газар дээрх судалгааг өрнүүлж, боловсон хүчин бэлтгэх, эрдэм шинжилгээний өгүүллүүд хэвлэл, бодлогын судалгааны тайлангийн чиглэлээр тодорхой үр дүнд хүрсэн тухай тэмдэглэлээ.
Илтгэлийн гол нь 2026 онд Жилинь их сургуульд зохион байгуулагдсан Хятад, Монголын залуучуудын эрдэм шинжилгээ, соёлын солилцооны үйл ажиллагааг танилцуулсан бөгөөд Профессор Ба Дяньжүнь нь Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тасралтгүй гүнзгийрч буй энэ үед залуучуудын солилцоо нь хоёр орны найрамдалт харилцааны нийгмийн суурийг бататгах чухал зам гэдгийг онцлов. 2026 оны 5-р сард Жилинь их сургуулийн Зүүн Хойд Ази судлалын төвийн Монгол судлалын төв БНХАУ-ын Чанчунь хотод “Хятад, Монголын залуучуудын гүүр — соёлын харилцан солилцоо, хамтын ирээдүй” сэдэвт залуучуудын эрдэм шинжилгээ, соёлын солилцооны арга хэмжээг зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээ нь хоёр орны залуу эрдэмтэн, судлаач, оюутнуудад эрдэм шинжилгээний өгүүлэл хэлэлцүүлэх, боловсролын хамтын ажиллагаа, соёлын харилцан ойлголцлын чиглэлээр хоёр талын харилцан идэвхийг нэмэгдүүлэх зорилготой байсан талаар илэрхийллээ.
“Бүс нутаг, орон судлалын өнцгөөс Хятад, Монголын соёлын ойлголт ба орчин үеийн залуусын солилцоо”, “Хятад, Монголын залуучуудын гүүр — соёлын харилцан ойлголцол, хамтын ирээдүй” зэрэг сэдвээр эрдэм шинжилгээний уулзалт, хэлэлцүүлэг хийв. Оролцсон эрдэмтэн, оюутан залуус Хятад, Монголын харилцааны хөгжлийн явц, соёл хоорондын ойлголтын ялгаа, залуучуудын урт хугацааны солилцооны механизм, дээд боловсролын хамтын ажиллагаа, хиймэл оюуныг олон хэлний боловсролд ашиглах боломж, мөн БНХАУ-ын Дэлхийн хөгжлийн санаачилгын талаар гүнзгий санал солилцож, боловсролын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн солилцоог дэмжих, залуучуудын байнгын яриа хэлэлцээг хөгжүүлэх талаар чухал ойлголтод хүрэв.
Цаашид Жилинь их сургуулийн Зүүн Хойд Ази судлалын хүрээлэн нь эрдэм шинжилгээний судалгаагаар бүс нутгийн хамтын ажиллагаанд түлхэц өгч, залуучуудын солилцоогоор соёл иргэншлийн харилцан ойлголцлыг ахиулан, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг илүү өндөр түвшинд хүргэхэд оюуны дэмжлэг, хүч нэмэр оруулах болно гэдгийг онцоллоо.
