Мэдээ

“SPSIRPA Oscars 2026” кино уралдаан 13 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа

МУИС-ийн УТСОУХНУС-ийн ахлах багш Д.Оюунсүрэнгийн заадаг “Дипломат ёслол, баримт бичиг боловсруулалт” хичээлийн хүрээнд зохион байгуулагддаг “SPSIRPA Oscars 2026” богино хэмжээний кино уралдаан 2026 оны 5-р сарын 20-нд 13 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн уралдаанд “Бүрэнээгийн эсүүд”, “Элчин сайдын урхи”, “Дипломат дурлал: Монгол-Арабын дипломат айлчлал”, “Зуун дамжсан дипломатуудын паян”, “Гол тоглогч”, “Дуайен дээр дадлагажсан нь” зэрэг зургаан бүтээл өрсөлдсөнөөс шилдэг бүтээлүүд дараах байдлаар шалгарлаа:

Шилдэг кино:

  • I байр “Дипломат дурлал"
  • II байр “Элчин сайдын урхи”
  • III байр “Гол тоглогч”

Шилдэг эрэгтэй жүжигчин:

  • Ц. Лхагва-Очир “Дипломат дурлал” киноны гол дүр

Шилдэг эмэгтэй жүжигчин:

  • М. Хүслэн "Элчин сайдын урхи" киноны гол дүр

Үзэгчдийн шүүлтээр шилдэг жүжигчин:

  • Б. Жансауле “Дипломат дурлал” киноны гол дүр

Оюутнуудын бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах чадвар, практик ур чадварыг хөгжүүлэх зорилготой энэхүү уралдаан нь жилээс жилд өргөжин хөгжиж, оюутнуудын хамгийн хүсэн хүлээдэг арга хэмжээний нэг болоод байна. Тус тэмцээн нь зөвхөн шилдэг бүтээл шалгаруулахаас гадна оюутнуудын хамтын хөдөлмөр, бүтээлч санаачилгыг дэмжиж, оюутан насны үнэ цэнтэй дурсамжийг бүтээдгээрээ онцлог юм.

Оюутнуудаао кино хэлбэрийн бие даалт хийлгэх санаа анх 2011 онд Ахлах багш Д.Оюунсүрэнгийн санаачилгаар хэрэгжиж эхэлсэн бөгөөд тухайн үед семинарын хичээлийн ажлыг илүү сонирхолтой, бүтээлч хэлбэрт шилжүүлэх зорилгоор богино хэмжээний видео кино бүтээх шийдэлд хүрч байжээ. Өдгөө уг санаачилга нь уламжлал болсон томоохон арга хэмжээ болон хөгжиж, “SPSIRPA Oscars” кино уралдаан 13 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж байна.

SPSIRPA Oscars уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг зөвхөн өрсөлдүүлэхээс гадна сургалтын үйл ажиллагаанд ашиглаж, оюутнуудын залуу нас, хамтын хөдөлмөрийн дурсамжийг хадгалан үлдээх үнэ цэнтэй баримт материал болгон үлдээдэг нь энэхүү арга хэмжээний онцлох ач холбогдол юм.

Энэ удаагийн уралдааныг ахлах багш Д.Оюунсүрэнгийн удирдлага дор Б.Номин, Э.Баярсайхан нар амжилттай зохион байгуулсан бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд ОУХТ-ийн ахлах багш Д.Өнөрмаа, Б.Баярцэнгэл болон Шинжлэх ухаан, технологи, инновацын үндэсний хорооны мэргэжилтэн Н.Номун-Эрдэнэ нар ажиллалаа. Шүүгчид кино бүтээл бүрийг найруулга, зохиол, жүжиглэлт, зураг авалт зэрэг нийт найман шалгуур үзүүлэлтээр үнэлж, шилдгүүдийг тодруулсан юм.

Түүнчлэн энэ жилийн “SPSIRPA Oscars 2026” уралдаан нь “Шилдэг эрэгтэй гол дүр”, “Шилдэг эмэгтэй гол дүр”, “Үзэгчдийн хайрыг татсан шилдэг гол дүр” зэрэг тусгай номинациар шилдгүүдээ тодруулснаараа өмнөх жилүүдээсээ онцлог байлаа.

Та бүхэнд шалгарсан багууд болон оролцогчдын сэтгэгдлээс толилуулъя.

И.Маралмаа (Дипломат дурлал киноны зохиолч, найруулагч):

“Дипломат дурлал” киноны санааг гаргахдаа нэлээд удаан бодсон. Өмнөх жилүүдийн бүтээлүүдийг үзэхэд дипломат ёслолын алдаа, ёс горимын зөрчлийг түлхүү харуулсан байсан тул арай өөр өнцгөөс хандахыг зорьж зохиолоо бичсэн. Анх удаа кино зохиол бичиж байсан учраас үйл явдлын уялдаа холбоо, үг хэллэг, дүр бүрийн онцлогийг гаргах амаргүй байсан. Мөн дипломат хүний үйл хөдлөл, яриа хэллэгийг хэрхэн бодитой, эвтэйхэн дүрслэх талаар ихээхэн бодож ажилласан. Дөрвөн өдрийн турш боловсруулсан зохиолыг маань багийнхан маань чадварлаг бүтээл болгон амилуулж чадсанд баяртай байна. Энэхүү кино нь бидний оюутан насны хамгийн үнэ цэнтэй дурсамжуудын нэг байх болно.

М.Хүслэн (“Элчин сайдын урхи” киноны найруулагч, гол дүрийн жүжигчин)

“SPSIRPA Oscars 2026” миний хувьд мартагдашгүй, онцгой дурсамж үлдээсэн арга хэмжээ боллоо. Манай багийн гишүүд бүгд өөр өөрийн ур чадвартай, авьяаслаг хүмүүс байсан. Ялангуяа зохиолчдын баг маань маш сайн ажилласан. Бүтээлийн маань зохиол онцгой болсон нь амжилтад хүрэхэд чухал нөлөө үзүүлсэн гэж бодож байна. Мөн жүжигчид дүрээ үнэмшилтэй бүтээж, киноны агуулгыг амилуулж чадсан. Эвлүүлэгч болон арын албаны гишүүд гээд багийн хүн бүр үүргээ хариуцлагатай гүйцэтгэсэн учраас бүтээл маань сонирхолтой болсон болов уу. Бусад багуудын бүтээлүүд ч мөн өндөр түвшний, сонирхолтой байсан. Ялангуяа “Зуун дамжсан дипломатууд” кино надад хамгийн их таалагдсан. Жил бүр ийм бүтээлч ажлыг зохион байгуулж, оюутнуудад өөрсдийгөө илэрхийлэх боломж олгодог Д.Оюунсүрэн багшдаа баярлаж байна.

“SPSIRPA Oscars 2026” хэдхэн цаг үргэлжилсэн ч оюутнуудын сэтгэлд насан туршид нь хадгалагдах халуун дулаан дурсамжийг үлдээсэн арга хэмжээ байлаа. Хамтдаа инээсэн мөчүүд, зураг авалтын үеэр гарсан хөгжилтэй алдаа, шөнө дөл хүртэл үргэлжилсэн эвлүүлгийн ажил, шантрах үед хажууд нь үлдсэн найз нөхөд нь аливаа шагналаас ч илүү үнэ цэнтэй байв.

Бүтээлүүдийг үзэж, дүгнэсэн Б.Баярцэнгэл багш кино бүтээлийн хамгийн чухал хэсэг нь үзэгчдийн сэтгэлд үлдэх санаа, өгүүлэмж байдаг болохыг онцолж, цаашид нийгэмд зөв мессеж түгээсэн, ухаарал хайрласан агуулгыг түлхүү тусгахыг зөвлөсөн юм.

Б.Жансауле (ОУХ-ны 3-р түвшний оюутан)

Оюутнуудын дунд зохион байгуулагдсан “SPSIRPA Oscars 2026уралдаан үнэхээр мартагдашгүй дурсамж үлдээлээ. Манай багийн бүтээл тэргүүн байр эзэлж, шагнал хүртсэнд баяртай байна. Мөн багийн хоёр гишүүн гол дүрийн шагнал авна гэж төсөөлөөгүй байсан. Хамтдаа хичээж, хөгжиж, дурсамж бүтээсэн багийнхандаа баярлалаа. Бусад багийн бүтээлүүд ч мөн чанартай, сонирхолтой байсан бөгөөд тэдгээрээс их зүйл сурч, урам авсан.

Ц.Лхавга-Очир (ОУХ-ны 4-р түвшний оюутан)

Юуны өмнө “SPSIRPA Oscars”-ыг зохион байгуулсан багш нар болон оролцсон нийт оюутнуудад талархал илэрхийлье. Энэхүү арга хэмжээ нь онолын мэдлэгийг практикт бататгах үр дүнтэй бөгөөд сонирхолтой аргачлал байлаа. Манай баг тэргүүн байр эзэлж, миний бие шилдэг жүжигчнээр шалгарсандаа баяртай байна. Энэхүү бүтээл нь жүжигчид, зураглаачид, аудио инженерүүд, арын албаны бүх гишүүдийн хамтын хөдөлмөрийн үр дүн байсан. Бид хамтдаа бэрхшээл даван туулж, баяр хөөрөө хуваалцсан учраас энэ бүтээл илүү үнэ цэнтэй болсон гэж бодож байна. Цаашид “SPSIRPA Oscars” улам өргөжин хөгжиж, олон оюутанд шинэ ур чадвараа нээх, найз нөхөдтэй болох, хамтын хүчээр асуудлыг даван туулах туршлага хуримтлуулах боломж олгосоор байна гэдэгт итгэлтэй байна.

Э.Баярсайхан (ОУХ, 4-р түвшний оюутан)

Манай бүтээл төрийн байгууллагад чадвар, мэдлэгээс илүү танил тал, арын хаалга нөлөөлөх тохиолдлын сөрөг үр дагаврыг хөндөхийг зорьсон. Ажлаа хангалттай мэдэхгүй хүмүүсээс үүдэн гарч болох алдаа, доголдлыг харуулж, хоёрдугаар хэсэгт нь мэргэжлийн хүмүүс хэрхэн асуудлыг шийдвэрлэж байгааг харьцуулан үзүүлсэн. Ингэснээр мэргэжлийн болон мэргэжлийн бус хандлагын ялгааг тодотгохыг зорьсон юм.

Оролцсон оюутнуудын сэтгэгдлийг хүргэснээр кино бүтээх, жүжиглэх үйл явцын уур амьсгалыг уншигчдад бага ч болов мэдрүүлж чадсан гэж найдаж байна.

Мөн энэхүү тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал С.Мөнхбат болон энэхүү уламжлалт арга хэмжээг анх санаачилж,  тасралтгүй хэрэгжүүлж ирсэн ахлах багш Д.Оюунсүрэн нарт нийт оюутнуудынаа өмнөөс талархал илэрхийлье.

 Энэ жилийн “SPSIRPA Oscars 2026” уралдаанд тэргүүн байр эзэлсэн “Дипломат дурлал: Монгол-Арабын дипломат айлчлал” киног доорх холбоосоор орж үзнэ үү: https://youtu.be/8dJ0u-Iini0

spsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpa



Дээш