Мэдээ

Манай оюутнуудын судалгааны төсөл “SPARKDAY 2026” уралдааны шилдгээр шалгарлаа

ТЭСО Группээс тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд тав дахь жилдээ зохион байгуулсан “SPARKDAY 2026” төслийн уралдаан амжилттай зохион байгуулагдаж, 600 гаруй оюутан залуусын бүтээлч санаа, инновацын шийдлүүдээс шилдэг 3 баг шалгарлаа. Тус шилдэг багуудын нэгээр Олон улсын харилцааны тэнхимийн ахлах багш Г.Баасанхүүгийн удирдсан “Habitkit” судалгааны төсөл тодорсон нь онцлох амжилт боллоо.

Энэ төслийн хүрээнд иргэдийн эмийн хэрэглээний зөв дадлыг хэвшүүлэх зорилготой тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн инновацын шийдлийг судалгааны түвшинд эрэлхийлсэн бөгөөд салбар дундын судалгааны хамтын ажиллагаанд тулгуурласнаараа онцлог юм. Оролцогч багууд уралдааны туршид бүтээлч санаагаа бодит шийдэл болгон хөгжүүлж, төслийн боловсруулалт, судалгаа, илтгэх ур чадвараараа өндөр түвшинд өрсөлдсөн байна.

Судалгааны үр дүнгээрээ олон зуун оролцогчдоос амжилттай шалгарч, шилдэг 3 багийн нэг болсон Олон улсын харилцаа хөтөлбөрийн IV түвшний оюутан Г.Энх-Амгалан болон багийн гишүүд С.Мөнхсүлд, Л.Аззаяа нарт халуун баяр хүргэж, цаашдын эрдэм шинжилгээ, инновацын үйл ажиллагаанд нь өндөр амжилт хүсье.

spsirpa



Дээш