МУИС-УТСОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимээс UB Impulse олон нийтийн цуврал лекц хэлэлцүүлгийг 2026 оны 5 дугаар сарын 5-ны өдөр МУИС-ийн Эрдмийн өргөөнд 25 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.

2013 оноос хойш зохион байгуулагдаж буй UB Impulse арга хэмжээ нь тэнхимийн хөтөлбөрийг чадавхжуулах, гадаад, дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой бөгөөд олон улсын эрдэмтэн, судлаачдыг урьж илтгэл, хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулдгаараа онцлог юм.

Энэ удаагийн хэлэлцүүлэг “Хиймэл оюун ухаанд суурилсан мэдээллийн орчны хувьсгал: мэдээлэл цуглуулах хайлтын системээс хүн төвт экосистем рүү” сэдвийн хүрээнд болов.
Зочин илтгэгчээр Сөүлийн Үндэсний Их Сургуулийн дэд ерөнхийлөгч, мэдээллийн технологи хариуцсан захирал (CIO), БНСУ-ын Нийтийн удирдлагын холбооны дэд ерөнхийлөгч Проф. Др. Гу Килгун оролцож илтгэл тавив.
Тэрээр илтгэлдээ хиймэл оюун ухаан мэдээллийн орчныг хэрхэн өөрчилж, уламжлалт хайлтын системээс илүү уялдаа холбоотой, хүн төвт экосистем рүү шилжиж буйг онцлон тэмдэглэлээ. Мөн энэхүү өөрчлөлт нь төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх үйл явцад шинэ боломж болон сорилтуудыг бий болгож байгааг дурдав.
Арга хэмжээнд оюутан, судлаачид, төрийн байгууллагын төлөөлөл болон олон нийт өргөнөөр оролцож, хиймэл оюун ухаан ба төрийн бодлогын огтлолцлын талаар идэвхтэй санал солилцов.

Нээлтийн үгэндээ МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал Проф. Др. С.Мөнхбат хиймэл оюун ухааныг зөвхөн технологийн дэвшил бус, хүн төвт засаглал, нотолгоонд суурилсан бодлого боловсруулах, төрийн шийдвэр гаргалтыг сайжруулах боломж гэж үзэх шаардлагатайг онцлов.

Тэрээр мөн хиймэл оюун ухаан мэдээлэл боловсруулах хурдыг нэмэгдүүлж буй ч бодлогын чанарыг тодорхойлох гол хүчин зүйл нь хүн хэвээр байгааг тэмдэглэж, энэ чиглэлээр судалгаа, бодлогын хэлэлцүүлгийг Монгол Улсад өргөжүүлэх шаардлагатайг дурдсан юм.
Энэхүү арга хэмжээ нь хиймэл оюун ухаан ба төрийн бодлогын уялдаа холбоог гүнзгийрүүлэн ойлгох, шинэ санаа, хамтын ажиллагааг дэмжихэд чухал хувь нэмэр орууллаа.
Нийтийн удирдлагын тэнхим