МУИС-ийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулиас 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр оюутан, судлаач, багш нарт зориулсан судалгааны семинарыг амжилттай зохион байгууллаа. Гадаад харилцааны яамны Бодлогын газрын захирал Г.Бямбасүрэн “Монгол Улсын гадаад бодлого, өнөөгийн чиг хандлага” сэдвээр нээлттэй лекц уншиж, Монгол Улсын гадаад бодлогын хөгжлийн чиглэл, бүс нутгийн болон дэлхийн геополитикийн өөрчлөлтүүд, тэдгээрийн Монгол Улсад үзүүлэх нөлөөллийн талаар бодлогын түвшний цогц ойлголтыг оролцогчдод хүргэлээ. Лекцийн үеэр оролцогчид идэвхтэй асуулт, хариултын хэлэлцүүлэг өрнүүлж, бодлогын асуудлаар санал солилцов.
Үүний дараа “Судалгааны их семинар”-ын хүрээнд хоёр илтгэл хэлэлцүүлэв. МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн багш, доктор (Ph.D) Э.Гэрэлт-Од “Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилт, асуудал” сэдвээр илтгэл тавьж, Монгол Улсын улс төрийн намын эрх зүйн орчны хэрэгжилт, тулгамдсан асуудлыг онол, практикийн үүднээс танилцуулав. Харин докторант Б.Батбаатар “Иргэний хөдөлгөөний үйл явцын шинжилгээний онол, арга зүйн тойм (2004–2009)” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, иргэний хөдөлгөөний судалгаанд хэрэглэгддэг онол, арга зүйн хандлагуудыг харьцуулан дүгнэсэн үр дүнг танилцуулсан байна.
Уг семинар МУИС-ийн V байрны 203 тоот танхимд зохион байгуулагдаж, оюутан, судлаачдын идэвхтэй оролцоотой болж өндөрлөв. Энэхүү цуврал лекц, семинар нь оролцогчдын онолын мэдлэгийг гүнзгийрүүлэхээс гадна судалгааны арга зүй, бодлогын шинжилгээний ур чадварыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Тус сургууль нь судалгаа, сургалтын уялдаа холбоог бэхжүүлэх, олон улсын болон дотоодын судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ижил төрлийн семинарыг цуврал байдлаар зохион байгуулж байгаа билээ.




