Мэдээ

ОУХ хөтөлбөрийн оюутнууд ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын Дэд захирал Б. Отгонбаатартай уулзлаа

МУИС-ийн УТСОУХНУС-ийн Олон улсын харилцаа хөтөлбөрийн ахлах багш Д.Оюунсүрэнгийн заадаг “Дипломат ба консулын харилцаа” хичээлийг энэ улиралд судалж буй оюутнуудын төлөөлөл  2026 оны 4-р сарын 16-нд ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын Дэд захирал Б.Отгонбаатартай уулзлаа. Уулзалтын үеэр тус газрын үйл ажиллагаа, манай улсын гадаад бодлогод оруулж буй хувь нэмэр, олон талт хамтын ажиллагааны үйл явц, хэрэгжилт мөн тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцав.

Уулзалтын эхэнд Дэд захирал Б.Отгонбаатар Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал, түүнд тусгасан олон талт хамтын ажиллагааны ач холбогдлын талаар өгүүлэв. Мөн Монгол Улс олон улсын тавцанд идэвхтэй гишүүн оролцогчийн хувьд бусад улс орон болоод олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахын сорилт бэрхшээл, давуу талуудыг товч тайлбарлав. Оюутнуудын сонирхсон гол сэдэв 2026 оны 8-р сарын 17-28 өдөр зохиогдон байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцын Талуудын 17-р бага хурал буюу COP17-ийн бэлтгэл ажил байлаа. Гадаад харилцааны яам болон бусад оролцогч талуудын зүгээс хэрхэн бэлтгэл хангаж байгаа талаар ялангуяа, Монгол Улс энэхүү хуралд ямар чухал үүрэгтэй оролцох, цаашдын зорилтын талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Дэлхий дахинд түрэн гарч буй өөрчлөлтүүдийн нэг хиймэл оюуны хөгжил, криптовалют болон цөмийн эрчим хүчний салбар дахь боломжууд зэрэг сэдвээр оюутнууд асуулт асууж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Эдгээр нь бидний өнөөгийн нөхцөл байдалд тулгамддаг асуудлууд мөн болохыг дурдахын сацуу Монгол Улс эдгээр хөгжлөөс хоцрохгүй байх шаардлагатай учир Монгол Улсын гадаад харилцаанд үлэмж нөлөөлөх ирээдүйн бодлого боловсруулахад залуучуудын ур ухаан, мэдлэг чадвар үнэ цэнтэй болохыг Б.Отгонбаатар дахин сануулав.

Уулзалтын төгсгөлд идэвх зүтгэлтэй, мэдлэг чадвартай, зөв хандлагатай боловсон хүчин улс оронд ямар ч үед хэрэгтэй хэмээн захиж хэлсэн нь оюутнуудад гүн сэтгэгдэл төрүүллээ.

Эцэст нь биднийг халуун дотноор хүлээн авч, илэн далангүй ярилцаж, урам зориг өгсөн ГХЯ-ны ОТХАГ-ын Дэд захирал, манай сургуулийн 2008 оны төгсөгч Б.Отгонбаатар болон уулзалтыг зохион байгуулсан Д.Оюунсүрэн багшдаа гүнээ талархсанаа илэрхийлж байна.

Мэдээг бэлтгэсэн: Олон улсын харилцаа хөтөлбөрийн оюутан

С. Мөнхшүр, П. Нинжин 

spsirpa



Дээш