Мэдээ

Олон улсын харилцаа хөтөлбөрийн оюутнууд Дипломат албаны музейд зочиллоо

МУИС-ийн УТСОУХНУС-ийн “Дипломат ба консулын харилцаа” хичээлийг 2026 оны хаврын улиралд сонгон судалж буй 150 оюутны төлөөлөл болох 18 оюутан Монгол Улсын тусгаар тогтнолын "зүрх" болсон ГХЯ-ны Дипломат албаны музейд 4 сарын 14-ний өдөр зочиллоо.

2001 онд байгуулагдсан тус музей нь Монголын дипломат албаны зуун дамжсан түүхийг хадгалан хамгаалж байдаг бөгөөд Олон Улсын Харилцаа хөтөлбөрийн оюутнууд, ирээдүйн дипломатуудын хувьд энэхүү аялал нь зөвхөн хичээл бус, мэргэжлийн үнэ цэн, хариуцлагыг мэдрэх томоохон боломж боллоо.

Биднийг Гадаад хэргийн төв архивын мэргэжилтэн Ц.Тайван найрсгаар угтан авч, Монгол Улсын гадаад бодлогын суурийг бүтээлцсэн үе үеийн төрийн зүтгэлтэн, дипломатуудын хөрөг заларсан "Хүндэтгэлийн хана"-ны өмнө түүхэн хэлхээг хүүрнэв. Хананд өлгөөстэй байх Пэлжидийн Гэндэн гуайн зураг ихээхэн сэтгэл хөдөлгөхийн сацуу түүний гаргасан их гавьяаг, ямар агуу эх оронч хүн байсан бэ гэдгийг нийт Монголчуудад танин мэдүүлэх чин хүсэл оргилов.

Музейн танхимд хадгалагдах ховор үзмэрүүд оюутнуудын анхаарлыг эрхгүй татлаа. Тухайлбал, 1948 оны хавар дипломатуудын анх өмсөж байсан ёслолын дүрэмт хувцас, итгэмжлэх жуух бичиг барих болон төрийн дээд хэмжээний дайллагад зүүдэг байсан ёслолын хутга зэрэг нь Монгол Улс гадаад харилцаандаа ямар их ач холбогдол өгч ирсний илэрхийлэл байв. Мөн 1971 онд Дипломат албаны 50 жилийн ойгоор бүтээсэн “Хүндэт дэвтэр”т 1971-1989 оны хооронд Д.Сүхбаатар, Ю.Цэдэнбал, Ж.Самбуу нарын зэрэг төрийн гарамгай зүтгэлтнүүдээс эхлээд нийт найман хүний нэрийг дурсан бичсэн нь сүрдмээр.

Түүнчлэн архив, цахимжуулалт хариуцсан ажилтан Д.Алтанцэцэг үзмэр бүрт тусгай бээлий өмсөж, маш болгоомжтой хандаж байгаа нь ирээдүйн дипломатуудад мэргэжлийн ёс зүй, хариуцлагын үлгэр дуурайллыг үзүүлэв. Түүний хөдөлгөөн бүр нь архивлан хадгалж буй нандин өв, үнэлж баршгүй баримтуудын үнэ цэнийг оюутнуудад гүнээ мэдрүүлсэн юм. Энэхүү боломж нь зөвхөн хичээл бус, ирээдүйн залуу боловсон хүчнүүдийн хувьд мэргэжлийн үнэ цэн, төрийн албаны хариуцлагыг зүрхээрээ мэдэрсэн, бахархал дүүрэн алхам боллоо.

Аяллын төгсгөлд мэргэжилтэн Ц.Тайван музейг өргөтгөх судалгааны ажил хийгдэж байгааг дурдаад, "Энэ бүх нандин өв тун удахгүй тусдаа бие даасан томоохон музей болон сүндэрлэх цаг ирэх биз ээ" хэмээн инээмсэглэн хэлсэн нь хичээх, шамдан суралцах хүслийг бадрааж, бахархлыг төрүүлснээр бидний аялал өндөрлөлөө.

ОУХ хөтөлбөрийн оюутан Э. Ану "Олон улсын гэрээ хэлэлцээр, дипломат ёс жаяг гэдэг нь зөвхөн номоос уншдаг зүйл биш, улс орны оршин тогтнохын үндэс болохыг мэдэрлээ"   хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Эцэст нь оюутнууд бидэнд онолын мэдлэгээ бодит түүхтэй холбох, мэргэжлийнхээ үнэ цэнийг зүрхээрээ мэдрэх энэхүү ховор боломжийг олгож, ГХЯ-ны Дипломат албаны музейтэй танилцах аяллыг зохион байгуулсан ГХЯ-ны ТЗУГ-ын Дэд захирал, манай сургуулийн 2006 оны төгсөгч Б.Нямдаваг болон ахлах багш Д.Оюунсүрэн нарт гүнээ талархал илэрхийлье.

Мэдээг бичсэн:  ОУХ хөтөлбөрийн оюутан Б.Номин

spsirpa



Дээш