Мэдээ

ТАЙВАНЬ БОЛОН ЯПОНЫ ИХ СУРГУУЛИУДТАЙ ОЛОН УЛСЫН ХАМТАРСАН 1+1 МАСТЕРИЙН ХӨТӨЛБӨРҮҮДЭЭ ӨРГӨЖҮҮЛЭН ШИНЭ ШАТАНД ГАРГАЛАА

МУИС-ийн УТСОУХНУС-ийн Олон улсын харилцааны тэнхим нь олон улсын ахисан түвшний хамтын ажиллагааны хүрээнд Тайвань болон Японы их сургуулиудтай хэрэгжүүлж буй 1+1 хамтарсан мастерийн хөтөлбөрүүдийг өргөжүүлэн шинэ шатанд гаргалаа.

Юуны өмнө Тайваний Үндэсний Чи Нань Их Сургуультай хамтран хэрэгжүүлж буй Олон улсын харилцаа–Олон улсын бизнес эдийн засгийн 1+1 хамтарсан мастерийн хөтөлбөрийн гэрээг 2030 он хүртэл сунгаж, сургалтын хөтөлбөрийг шинэчлэн баталлаа. Тус хөтөлбөрийн хүрээнд оюутнууд нэг жилийг МУИС-д, нэг жилийг Тайваньд суралцаж, хоёр их сургуулийн кредитийг харилцан хүлээн зөвшөөрөх замаар хос дипломтойгоор мастерийн зэрэг хамгаалах боломжтой юм. 2018 оноос эхэлсэн хамтын ажиллагаа 2021 оноос элсэлт авч эхэлснээс хойш 2021–2025 онд гурван удаагийн төгсөлтийг амжилттай зохион байгуулсан бөгөөд 2026 оны байдлаар Монголын 3, Тайваний 1 оюутан тус хөтөлбөрт суралцаж байна.

Цаашлаад тус сургууль нь Японы Нийгатагийн Их Сургуулийн Олон Улс Судлал, Бүс Нутгийн Хөгжлийн Ахисан Түвшний Сургуультай хамтран олон улсын харилцаа, бүс нутгийн хөгжлийн чиглэлээр мастерийн түвшний 1+1 хамтарсан шинэ хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлэхээр боллоо. Энэхүү хөтөлбөрөөр оюутнууд эхний жил МУИС-д, хоёр дахь жил Японд суралцан, хоёр талын кредитийг харилцан хүлээн зөвшөөрүүлж, хос дипломтой төгсөх боломж бүрдэж байна. 2025–2026 оны хичээлийн жилд сургалтын төлөвлөгөөг шинэчлэн баталж, олон улсын стандартад нийцүүлсэн бөгөөд англи хэл дээр сургалт явуулах нь оюутнуудад илүү өргөн боломжийг нээж байна.

Эдгээр хөтөлбөрүүд нь Монгол–Тайвань, Монгол–Японы дээд боловсролын салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, олон улсын жишигт нийцсэн хүний нөөцийг бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулж байна. Цаашид талууд англи хэл дээрх хөтөлбөрүүдийг өргөжүүлж, хамтын ажиллагааг улам бэхжүүлэхээр ажиллаж байна.

spsirpa



Дээш