Монгол Улсын Их Сургуулийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Улс төр судлалын тэнхимээс зохион байгуулсан "Улс төр судлалын хөтөлбөр төгсөгчдийн карьер хөгжлийн форум" 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү форум нь улс төр судлал хөтөлбөрийн төгсөх курсийн оюутнуудыг ажил олгогч байгууллагуудтай холбох, мэргэжлийн ур чадварыг хөдөлмөрийн зах зээлд танилцуулах зорилготой институцийн платформ болж чадлаа.
Форумд төрийн байгууллага, олон улсын байгууллага, ТББ, судалгааны байгууллагуудын хүний нөөцийн мэргэжилтнүүд урилгаар оролцлоо. Байгууллагуудын төлөөлөгчид өөрсдийн байгууллагын ажлын байр, тавигдах шаардлага болон сонгон шалгаруулалтын онцлогийг нарийвчлан танилцуулсны зэрэгцээ оюутнуудтай шууд харилцах боломжтой боллоо. Энэ нь оролцогч оюутнуудад хөдөлмөрийн зах зээлийн бодит нөхцөл байдлыг ойлгоход ихээхэн тус дөхөм болов. Мөн форумын үеэр Улс төр судлалын тэнхимийн амжилттай төгсөгчид улс төр судлалын мэргэжил хэрхэн хөдөлмөрийн зах зээлд хэрэгтэй болдог, карьераа эхлүүлэхэд ямар ур чадвар тусалсан, мөн оюутнуудад юу зөвлөх талаар чин сэтгэлийн туршлагаараа хуваалцан панель хэлэлцүүлэгт оролцлоо.
Форумын онцлог хэсэг болох "Оюутнуудын мэргэжлийн профайл танилцуулга"-д төгсөх курсийн оюутнууд товч танилцуулга хийж, судалгааны ажлынхаа сэдэв, эзэмшсэн ур чадвар, карьерын сонирхлоо байгууллагуудын төлөөлөлд бодитоор хүргэв. Түүнчлэн ганцаарчилсан уулзалтын цагаар оюутнууд болон хүний нөөцийн мэргэжилтнүүд нэрийн хуудас солилцож, тодорхой ажлын байрны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, харилцаа тогтоох боломжийг бүрэн ашиглав.
Карьерын хөгжлийн форумыг цаашид тогтмол зохион байгуулахыг оролцогчид дэмжсэн тул МУИС-ийн Улс төр судлалын тэнхим уг форумыг жил бүрийн уламжлалт арга хэмжээ болгон үргэлжлүүлэн явуулахаа мэдэгдлээ.
Улс төр судлалын тэнхим



