Мэдээ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэгт "Хүндэт доктор" цол олголоо

МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль нь 1991 онд Олон улсын харилцааны дээд сургууль нэртэйгээр байгуулагдсанаас хойш Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, тэнцвэртэй, олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж, үндэсний эрх ашгийг дээдэлсэн өндөр мэдлэг, боловсролтой боловсон хүчнийг тасралтгүй бэлтгэж ирсэн билээ.

Манай сургуулийн төгсөгчид төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, олон улсын байгууллага, эрдэм шинжилгээ, боловсролын байгууллага болон гадаад улс орнуудын дипломат төлөөлөгчийн газруудад амжилттай ажиллаж, улс орны хөгжил дэвшилд бодит хувь нэмэр оруулж байгаагаар нь бид бахархдаг юм.

spsirpa

Манай сургуулийн анхны төгсөгчдийн нэг Б.Батцэцэг нь эдүгээ Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдаар ажиллаж сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж байна.

Б.Батцэцэг сайдын гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, Монгол Улсын нэр хүндийг олон улсын түвшинд гаргахад үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн төдийгүй дипломат албаны шинэ үеийг бэлтгэх, академик судалгаа болон бодлого судлалын уялдаа холбоог хөгжүүлэхэд бодит дэмжлэг үзүүлж ирснийг нь өндрөөр үнэлэн УТСОУХНУС-ийн Эрдмийн зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн тогтоолоор түүнд тус сургуулийн “Хүндэт доктор” цол олгох шийдвэр гаргасан.

spsirpa

“Хүндэт доктор” цол гардуулах ёслолын арга хэмжээ 2025 оны 12 дугаар сарын 24-нд амжилттай болж, уг арга хэмжээнд МУИС-ийн удирдлагууд, Гадаад харилцааны яамны хүндэт зочид, Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд, профессор, багш нар, эрдэм шинжилгээний ажилтнууд, оюутан, судлаачид өргөнөөр оролцлоо.

spsirpa

Б.Батцэцэг сайд энэхүү хүндэтгэлийг залуу үеийн боловсролыг дэмжих, гадаад харилцааны салбарыг үндэсний чадварлаг мэргэжилтнүүдээр улам бэхжүүлэхэд илүү их хувь нэмэр оруулах урам зориг, цаашид хүлээх үүрэг хариуцлага хэмээн ухамсарлаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Гадаад харилцааны яаманд манай сургуулийн төгсөгчдийн эзлэх хувь өндөр байдгийг онцолсон нь манай оюутан, суралцагчдын суралцах хүсэл эрмэлзлийг улам бадраасан үйл явдал болов.

spsirpa

Арга хэмжээний үеэр Монгол Улсын дипломат албыг нэр төртэй удирдан хөгжүүлж байгаа мэргэжлийн дипломатч, улс төрч, Хүндэт доктор Б.Батцэцэг сайд Монгол Улсын өнөөгийн гадаад бодлогын талаар сонирхолтой лекц уншиж, оролцогчдод үнэ цэнтэй мэдлэг, ойлголт өгсөн юм.

Эрхэм хүндэт Б.Батцэцэг таны ажил үйлсэд өндөр амжилт хүсье.

spsirpa

spsirpa



Дээш