МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль (УТСОУХНУС) Бизнес Процесс Менежмент Монголиа ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийн зорилго нь “Хүн төв”-тэй, проактив төрийн үйлчилгээг бий болгох зорилгоор төрийн байгууллагуудын процессын дахин инженерчлэлийг эрчимжүүлэхэд чиглэсэн сургалтыг хамтран зохион байгуулахад оршино. Сургалт нь Монгол Улсын хөгжлийн бодлого, салбарын болон байгууллагын стратеги, дижитал шилжилт, хууль эрх зүйн шинэчлэлийг уялдуулсан, оролцогч талуудын хэрэгцээнд нийцсэн, өгөгдөлд үндэслэн иргэдэд тулгарч болзошгүй асуудлыг урьдчилан тооцож, шийдлийг санал болгох онол, практик хослуулахад чиглэнэ.
Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд МУИС-ийн УТСОУХНУС-ийг төлөөлөн захирал Проф. Др. С. Мөнхбат, Др. Н. Цэрмаа нар, Бизнес Процесс Менежмент Монголиа ХХК-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал У. Хосжаргал нар оролцов.

Хамтын ажиллагааны хүрээнд “Төрийн үйлчилгээний процессын дахин инженерчлэл” зэргийн бус сургалтыг төрийн албан хаагчдад зориулан шат дараатайгаар зохион байгуулахаар эхлүүлээд байна.