МУИС нь Бүтцийн өөрчлөлтөөрөө Нийтийн удирдлагын шинэ салбар сургуультай болсон билээ. Үйл ажиллагаа эхлээд удаагүй, туршлага хуримтлуулж яваа эхэн үед нийтийн удирдлагын чиглэлээр тэргүүн туршлагатай орнуудын нэг Герман улс тэр дундаа Германы Нийтийн удирдлагын судалгааны сургуулиас сургалт судалгааны тал дээр зөвлөгөө авах, суралцах зорилгоор хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Гэрээг тус сургуулийн захирал доктор, профессор Jan Zeikow биечлэн хийсэн бөгөөд гадаадын олон оронд энэ чиглэлээр зөвлөгөө өгсөн арвин туршлагатай эрдэмтэн юм.
Монголын талаас үндэсний нийтийн удирдлагын боловсон хүчнийг системтэйгээр бэлтгэх зорилгыг эхний ээлжинд тавьсан. Тиймээс төрийн захиргаа, нийтийн удирдлагын магистр, докторын сургалтыг бэхжүүлэх, багш оюутнуудын хөдөлгөөнт судалгааны орчныг бий болгох зэрэг ажлуудыг хийхэд өөрийн зөвлөгөө, туршлагаасаа хуваалцахыг Jan Zeikow захирлаас хүслээ. Энэ хүсэлтийг баяртайгаа хүлээн авснаа илэрхийлээд, Монгол герман багш хамтран хичээл заах, харилцан солилцооны хамтын ажлыг явуулах, сургалт судалгааны хөтөлбөр дээр зөвлөгөө өгч ажиллах боломжтой гэлээ. Түүнчлэн МУИС нь энэ салбарт олон улстай хамтарч ажиллахдаа үндэсний соёл, уламжлалаа чанад баримтлан ажиллавал зохистой. Бидний эхлүүлж буй энэхүү ажил идэвхтэй, үр дүнтэй байх болтугай гэснээр уулзалт өндөрлөлөө.