2025 оны 5-р сарын 14-нд МУИС-ийн УТСОУХНУС-ийн ахлах багш Д.Оюунсүрэнгийн заадаг “Дипломат ба консулын харилцаа”, “Дипломат ёслол ба баримт бичиг боловсруулалт” хичээлийг судалж буй оюутнуудын төлөөлөл Австрали Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-д зочиллоо.
Австрали Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Лео Зэнг, ЭСЯ-ны Дэд тэргүүн Эндрю Бэрримэн болон дипломат төлөөлөгчийн газрын бусад ажилтан биднийг инээмсэглэл дүүрэн, элгэмсэг дотноор хүлээн авч сонирхолтой яриа өрнүүлэв. Лео Зенг Элчин сайд нь манай оронд хүрэлцэн ирээд сар орчим болж байгаа ба Монголд суух Элчин сайдаар томилогдсон явдалдаа сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийллээ. Тэрээр хэлэлцүүлгийн явцад аливаа дипломат нь томилогдсон улсынхаа түүх, соёл, зэргийн талаар сонирхон судлах нь чухал гэдгийг онцлов. Элчин сайд болон Дэд тэргүүн нар яагаад энэхүү мэргэжлийг сонгох болсон түүх, ажлын туршлагаа хуваалцаж, бидэнд цаашдаа энэхүү мэргэжлээр ажиллах талаар үнэтэй зөвлөгөө өглөө. Мөн бид УТСОУХНУС-ийн олон улсын харилцаа хөтөлбөрийн онцлог, ямар хичээл судалдаг талаараа Элчин сайд Зенгийн асуусны дагуу товч танилцууллаа.
Түүнлэн Дэд тэргүүн Эндрю Бэрримэн Австрали улсаас хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүд, Australia Awards хэмээх Австралийн Засгийн Газрын тэтгэлэг, ЭСЯ-наас зохион байгуулдаг өдөрлөгүүдийн талаар товч мэдээлэл хүргэв. Австралийн засгийн газрын тэтгэлэг нь магистр, докторын түвшинд олгодог бүтэн тэтгэлэгт хөтөлбөр ба жилдээ 20 оюутанд олгогддог, бидэнд цаашдаа энэ тэтгэлгийн эзэн болох бүрэн боломж байгааг хэлэн амжилт хүсэв.
Тус ЭСЯ-д манай сургуулийн гурван төгсөгч ажиллаж байгааг харах таатай байсан ба бидэнтэй нээлттэй ярилцан цаашлаад магистрантурт суралцах, гадаадын ЭСЯ-д болон олон улсын байгууллагуудад ажиллах боломжийн талаар хуваалцлаа.
Лекц, семинарууд дээр онолын мэдлэг олж авахаас гадна ийнхүү биечлэн гадаадын ЭСЯ-д зочлон, энэ мэргэжлээр ажиллаж яваа хүмүүстэй ярилцан, мэдлэг туршлагыг нь сонссон нь оюутнууд бидний хувьд туйлын талархалтай, сайхан дурсамж боллоо.
Биднийг найрсгаар хүлээн авсан Австрали Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хамт олон болон үргэлж оюутнуудынхаа мэдлэг боловсролд хувь нэмэр оруулахаар чин сэтгэлээсээ ажилладаг Д.Оюунсүрэн багшдаа гүнээ талархал илэрхийлье.
Мэдээ бичсэн: ОУХ хөтөлбөрийн оюутан Б.Арвин