Мэдээ

МУИС- ийн ОУХНУС-ийн багш, төгсөгчид олон улсын Энх тайвны сургалт зохион байгууллаа

МУИС-ийн ОУХНУС-ийн багш  Д.Оюунсүрэн, Г.Баасанхүү, 2014 оны төгсөгч М.Асем, 2015 оны төгсөгч Г.Саруул нар Зүүн Хойд Азийн Энх Тайвны Хүрээлэн(НАРПИ)-гийн олон улсын энх тайвны зуны сургалтыг 2015 оны 8-р сарын 8-наас 21-нд Монгол улсад анх удаа амжилттай зохион байгууллаа.

НАРПИ нь өнөөг хүртэл Хүйтэн дайны үеийн хуваагдмал байдал, үл ойлголцол, аюул занал оршсоор буй Зүүн Хойд Азийн бүс нутгийн ард иргэдэд энх тайвны боловсрол олгох замаар энх тайвныг бэхжүүлэх, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн 8-р сард  6 төрлийн сургалтын хөтөлбөр, танилцах аялал бүхий зуны сургалтыг тус бүс нутгийн улс орнуудад ээлжлэн зохион байгуулдаг юм. Тодруулбал, 2011 онд БНСУ, 2012 онд Япон, 2013 онд БНСУ, 2014 онд БНХАУ-д тус тус зохион байгуулж байв.

 

Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан энэ удаагийн сургалтад Монгол, Солонгос, Япон, Хятад, Канад, Америк, Кени, Афганистан улсын нийт 60 гаруй хүн оролцож, “Хямрал мөргөлдөөн ба энх тайван”, “Энх тайвны мэдлэгийн онол ба практик”, “Энх тайвныг бэхжүүлэх ба тогтвортой хөгжил”, “Шударга ёсыг сэргээн тогтоолт”, “Байгууллагын зөрчил мөргөлдөөнийг зохицуулах нь”, “Энх тайвныг театрчилсан аргаар сургах нь” зэрэг олон сонирхолтой хичээлийг олон улсын туршлагатай багш, профессоруудаар заалгаснаас гадна зарим хичээл дээр салбарын мэргэжилтэн, зочин илтгэгчдийн сонирхолтой лекцийг сонслоо. Тухайлбал, “Энх тайвныг бэхжүүлэх ба тогтвортой хөгжил” хичээл дээр Оюу Толгой компаний хуульч Х.Наранбулаг уул уурхайн томоохон төслүүд байгаль орчин болон нутгийн иргэдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлж байгаа талаар, “Шударга ёсыг сэргээн тогтоолт” хичээл дээр хилс хэрэгт гүтгэгдэн 7 жил ял эдэлсэн Ч.Эрдэнэ-Очир гуай өөрийн амьдралд тохиолдсон явдлын талаар ярьж, шүүхийн байгууллагын алдаатай шийдвэрийн хор уршгийн талаар сануулсан юм.

НАРПИ-гийнсургалтын үеэр тухайн орны түүх, соёлын дурсгалт газар, нутгийн иргэдийн амьдралтай  танилцах 3 өдрийн аялал хийдэг нь энх тайвны сургалт явуулдаг бусад ТББ-уудаас ялгагдах нэг онцлог юм. Энэ жилийн танилцах аяллын хүрээнд сургалтад оролцогчид Зайсан толгой, Чингис Хааны Морьт Хөшөөт Цогцолбор, Гандантэгчэнлин хийд, Үндэсний түүхийн музей зэрэг Монгол улсын түүх дурсгалын газруудыг үзэж, малчин айлд зочлон Монголын уламжлалт нүүдэлчний амьдралтай танилцсаны зэрэгцээ Монголын Эмнести Интернэшнл, Монфемнэт ТББ, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн үйл ажиллагааг сонирхлоо. Мөн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейг үзэж танилцан, Монголын нийгэм, оюун санаа, улс төрийн амьдралд асар их гарз хохирол авчирсан хэлмэгдүүлэтийн талаар мэдэж авсан нь оролцогчдод гүн сэтгэгдэл үлдээсэн юм.

Тус хүрээлэнг үндэслэн байгуулагдах үе шатаас эхлэн МУИС-ийн ОУХНУС-ийн багш Д.Оюунсүрэн Удирдах зөвлөлийн гишүүнээр нь ажиллаж байгаа ба НАРПИ-гийн сургалтад Монгол улсаас оролцогчдын тоо жил бүр нэмэгдэж, энэ жил нийт 13 Монгол оролцогч тус сургалтад хамрагдлаа. НАРПИ-ийн зүгээс МУИС-ийн ОУХНУС-ийн багш Др.Ж.Баттогтох, Г.Баасанхүү, Др.С.Энхцэцэг,магистрант Мекдад Салехи, Их Засаг их сургуулийн багш Др.Ч.Хандсүрэн, Др.Б.Доржханд, БНХАУ-ын Лиаонин их сургуулийн докторант М.Навчаа нарт 100%-ийн тэтгэлэг олгосон нь цаашид Монгол улсад энх тайван судлал хөгжих, оюутан судлаачдад бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлын талаар судалгаа хийх, таниулахад ихээхэн хувь нэмэр боллоо.

Энэхүү олон улсын зуны сургалтыг МУИС-ийн ОУХНУС дэмжин ажиллаж, сургуулийнхаа шилдэг нэг оюутанд 500 долларын тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд уг тэтгэлэгт ОУХ-ны 3-2 ангийн оюутан Т.Цогжавхлан шалгарсан юм.



Дээш