Мэдээ

2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ

МУИС-ийн Улс төр олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургуулиас 2025 оны 5-р сарын 16-ны өдөр, Төрийн ордонд, олон улсын SPSIRPA форумыг зохион байгуулах гэж байна. Энэхүү форумд Азийн, Европын, Хойд Америкийн эрдэмтэн судлаачид, бодлого тодорхойлогчид оролцох бөгөөд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ивээл дор зохион байгуулагдаж буй өндөр түвшний олон улсын хурал юм.

Форум нь Төрийн ордон болон Монгол Улсын Их Сургуулийн байранд зохион байгуулагдах бөгөөд УИХ-ын АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, болон шийдвэр гаргагчид, олон улсын болон дотоодын нэр хүнд бүхий эрдэмтэн судлаачид, их дээд сургууль, судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчид чуулан, хурдтай өөрчлөгдөн буй дэлхийн дахины нөхцөл байдлын талаар чиг хандлага, таамаглал, үнэлгээ дүгнэлтээ хуваалцаж байна.

Энэ удаагийн форумыг “Дэлхийн шинэ дэг журмын зааг дээрх Бүс нутаг, улс орнууд“ сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа юм. 1990-ээд оноос хойш давамгайлж ирсэн дэлхийн дэг журам сулран унаж, шинэ нөхцөл байдал, шинэ тогтолцоо үүсэх шилжилт явагдаж байгаа нь зэвсэгт мөргөлдөөн, үл итгэлцэл, зэвсгээр хөөцөлдөх, худалдааны дайн, технологийн болоод стратегийн эрдэс баялгийн төлөөх ширүүн өрсөлдөөн, Их гүрнүүд хоорондын сөргөлдөөн, бүс нутгийн хямрал зэрэг олон сорилт бэрхшээлийг бий болгож байна. Ийм нөхцөлд бүс нутаг, улс орнууд хэрхэн аюулгүй байдлаа хадгалах, өрсөлдөхийн зэрэгцээ хамтын ажиллагааг хэрхэн уялдуулах, Монгол улс болон бүс нутгийн хөрш орнууд хэрхэн даван туулж, зөв хариу арга хэмжээ авах талаар чухал ач холбогдолтой санал, санаа, хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөн зохион байгуулж байгаа юм.

Форум үдээс өмнө Төрийн ордны Чингис хааны нэрэмжит танхимд нэгдсэн хуралдаанаа хийх бөгөөд үдээс хойш МУИС-ийн байранд дараах 3 сэдвийн хүрээнд 6 салбар хуралдаанаар үргэлжлэх юм.

Үүнд:

  • Шинэ дэлхийн дэг журамд бүс нутаг, улс орнуудын хариу арга хэмжээ,
  • Өөрчлөгдөн буй геополитикийн орчин: Монгол улс ба хөрш орнууд
  • Нийтийн удирдлагын шинэ сорилт ба хариу арга хэмжээ зэрэг болно.

Энэ удаагийн SPSIRPA олон улсын эрдэм шинжилгээний форумд,

  • БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн Эмерит профессор Хюн-Чин Лим,
  • ОХУ, Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн профессор, Игор Окунев,
  • БНХАУ-ын Фуданы Их Сургуулийн профессор Сун Дэган,
  • АНУ-ын Калифорний Мужийн их сургуулийн Удирдлагын тэнхимийн профессор Массуд Мослепур,
  • БНЭУ-ын Жавахарлал Неругийн их сургуулийн профессор Шарад Кумар Сони,
  • Японы Нийгата их сургуулийн профессор Сусуми Ито,
  • Австрийн Венийн их сургуулийн профессор Франческа Фиашетти
  • Ирак улсын Багдадын их сургуулийн профессор Абдулрахман Хайдер

зэрэг 9 улсын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагаас нэр хүнд бүхий 16 эрдэмтэн, судлаачид оролцож байна.

Форумыг МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, төрийн удирдлагын сургууль болон Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Ерөнхийлөгчийн тамгын газар, Гадаад харилцааны яам, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, МУБИС, Отгонтэнгэр их сургууль, Стратеги Судалгааны хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байна.

Холбоо барих:

И-мэйл: badamdash@num.edu.mn

Утас: 89111297

 



Дээш