Мэдээ

Дипломат албаны музейд зочилсон сэтгэгдэл

2025 оны 5-р сарын 2-ны өдөр МУИС-ийн УТСОУХНУС-ийн ахлах багш Д.Оюунсүрэнгийн заадаг “Дипломат ба консулын харилцаа” хичээлийг энэ улиралд сонгон судалж буй оюутнуудын төлөөлөл ГХЯ-ны Дипломат албаны музейд зочлон, Монгол Улсынхаа дипломат албаны олон жилийн түүхтэй танилцлаа. Энэхүү музей нь Гадаад Харилцааны Төв архивын байранд байрладаг бөгөөд биднийг тус музейн ахлах мэргэжилтэн Ж.Батчимэг угтан авч, Монголын дипломат албатай холбоотой түүхийн үнэт үзмэрүүдийг дэлгэрэнгүй, ойлгомжтойгоор тайлбарлаж өгсөнд талархал илэрхийлье.

Музейн хаалгаар ормогц бид бүхнийг Монгол Улсын гадаад харилцааг удирдаж явсан яамны сайд нарын модон дээр түлж сийлбэрлэн урласан хөрөг зургууд угтан авлаа. Богд Хаант Монгол Улсын Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны сайд Чин Ван Ханддоржоос эхлээд одоогийн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хүртэл Монгол Улсын гадаад бодлогыг удирдан залж явсан эрхэмсэг ноёд, хатагтай нарын түүхтэй товч танилцлаа.

МУИС-ын оюутнууд бид Богд Хааны ГХБЭШЯ-ыг байгуулах зарлиг болон тус яамнаас анхлан гаргасан бичиг баримтуудтай танилцав. Мөн дипломат баримт бичиг боловсруулахад ашиглаж байсан бичгийн машинуудыг сонирхон үзлээ. Монголын дипломатууд эдгээр бичгийн машиныг ашиглан кирилл, латин, уйгаржин монгол үсгээр бичиг баримтаа нягт нямбай, хичээнгүйлэн бичдэг байжээ. Хэрвээ үг үсэг, найруулгын алдаа гарвал тухайн баримт бичгийг эхнээс нь дахин бичих шаардлага гардаг байсан байна. Харилцаа холбооны төхөөрөмжүүд, тэр дундаа шифрлэх машинуудыг ч мөн адил дэлгэн тавьсан байв. Эдгээр нь гадаадад томилогдон ажиллаж байгаа дипломатууд Монгол Улсдаа мэдээ хүргэхэд нэн чухал үүрэг гүйцэтгэж байжээ. Мөн оюутнууд бидэнд нотын дардасны цаасыг гараараа барин мэдэрч, хэрхэн дарж ашигладаг байсантай танилцах боломж олдсон.

Тус музейд манай элчин сайд, дипломатуудад өгч байсан төрөл бүрийн бэлэг дурсгалын зүйлс, тухайлбал АНУ, Швед, Хятад зэрэг улсаас ирүүлж байсан бэлэг дурсгалын зүйлсийг бүрэн бүтнээр нь хадгалж байдаг.

Тус музейн мартагдашгүй, гайхамшигтай үзмэрүүдээс цөөхөн хэдэн зүйлийг нь онцлон дурвал:

- Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойн бэлэг болох НҮБ-ын индрийн хуулбар. Энэхүү индэр нь хурал зохион байгуулагдахад мөн ашиглагдаж байжээ.

- БНХАУ-аас Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт бэлэг болгон гардуулсан 3 метр урт БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Тэргүүн Жоу Эньлайгийн хөрөг.

- АНУ 14-р Аполло даалгаврын хүрээнд Монгол Улсын төрийн далбааг саран дээр мандуулсан тухай зурвас бичиг, АНУ-ын сансрын нисгэгч,

мөн даалгаврыг ахалж байсан Коммандер Алан Шефардын гарын үсэгтэй.

Түүнээс гадна, Монгол Улсын үе үеийн дипломатуудын ашиглаж байсан цүнхийг музейд үзмэр болгон тавьжээ. Тэдгээр цүнхний хамгийн анхныхыг ЗХУ-аас Монгол Улсад сууж байсан элчин сайд нутаг буцахаасаа өмнө Монгол Улсын ард түмэнд бэлэг болгон өгч байжээ.

1950-аад оныг хүртэл Монгол Улсын төрийн сүлдэнд 5 хошуу малыг дүрсэлсэн байдаг байжээ. Гэхдээ Монгол Улсын төрийн сүлд солигдсоноор хилийн баганаа мөн шинэчилжээ. 1947-оос 1948 оны хооронд Монгол Улс, БНХАУ-ын хамтран байгуулсан хил шалгах комиссын тууз, хил шалгаж байгааг зургаар буулган авсантай бас мөн адил танилцлаа.

Социализмын үеийн Хүндэт дэвтэрт Монголын ард түмний төлөө гавьяа зүтгэл гаргасан хүмүүсийг алдаршуулжээ. Энэхүү дэвтэрт Д.Сүхбаатар, Ю.Цэдэнбал, Ж.Самбуу, С.Лувсан, Н.Ядамжав, Б.Жаргалсайхан, Д.Адилбиш, П.Шагдарсүрэн нарын нэрс, тэдгээрийн үйлсийг бичин хадгалжээ.

Монголын дипломатуудын хэрэглэж байсан гэрэгэ, ёслолын хутга, мөрдөс зэрэг эд зүйлсийн олонх нь уламжлалт хээ угалзаар чимэглэж, хаш чулуу (элчин сайд), бадмаараг (онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд) зэрэг эрдэнийн чулуу суулгасан байсан нь сонирхол татлаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын дипломат алба нь бүхий л албан хэрэгсэл, дүрэмт хувцасандаа Монгол Улсын уламжлалт соёлоо шингээн харуулсан байсан бөгөөд нүд татахаар өвөрмөц дүрэмт хувцастай байжээ. Музейн ахлах мэргэжилтэн Батчимэгийн хэлснээр цэнхэр дүрэмт хувцас нь БНМАУ-ын дипломат албыг бусад улсын дипломат албаас ялган таниулах үүргийг мөн гүйцэтгэж байжээ. Аяллын төгсгөлд Дипломат албаны музейд зочилсон ирээдүйн дипломатууд бид Монгол Улсын дипломат тангаргийн өмнө хамтдаа зургаа авахуулсан юм.

Мэдээ бичсэн: Олон улсын харилцаа хөтөлбөрийн оюутан Т.Галсанбаатар

spsirpaspsirpaspsirpaspsirpa



Дээш