Онц бөгөөд бүрэн эрхт элчин, Др. Воршиловын Энхболд 2025 оны 4-р сарын 7-ний өдөр МУИС-ийн УТСОУХНУС-ийн Олон улсын харилцаа хөтөлбөрийн Дипломат ёслол, баримт бичиг боловсруулалт INRE307 хичээлийн хүрээнд дипломат ёслолын ач холбогдол, практик хэрэглээний талаар мэдлэг, туршлагаа хуваалцлаа.
Уулзалтын эхэнд Др. В.Энхболд дипломат ёслолын тухай үндсэн ойлголт, Монгол Улсын төрийн ёслолын онцлог, олон улсын харилцаанд дипломат ёслолын үүрэг, ач холбогдлын талаар тодорхой жишээ баримттайгаар танилцууллаа. Тэрээр олон улсын арга хэмжээ, уулзалт, яриа хэлэлцээний үеэр дипломат ёслол хэрхэн хэрэгждэг, түүний нарийн зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар гадаад харилцааны салбарт 30 гаруй жил, тэр дундаа Энэтхэг болон Шри Ланка улсад элчин сайд, НҮБ-д суух байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан арвин туршлага дээрээ үндэслэн бодит жишээ татан тайлбарласан нь оюутнуудын сонирхлыг татсан юм.
Уулзалтын удаах хэсэгт оюутнууд Др. В.Энхболдоос түүний оюутан насны дурсамжаас өгсүүлээд олон улсын харилцаа, дипломат алба, дипломат ёслолын талаар сонирхсон асуултаа асууж, дипломат ёслолын талаар илүү гүнзгий ойлголт авч чадсан нь тэдний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр боллоо. Тухайлбал, Энэтхэг болон Шри Ланка улсын ерөнхийлөгчдөд итгэмжлэх жуух бичгээ барьсан түүхээ хуваалцаж, НҮБ-ын ЕНБД-д итгэмжлэх захидал барих ёслолоос ямар ялгаатай болохыг өөрийн зургуудыг үзүүлж тайлбарласан нь сонирхолтой байлаа. Түүнчлэн Монгол-Энэтхэг улсын харилцааг өргөжүүлэн гүнзгийрүүлж, иж бүрэн түншлэлийн харилцаа тогтооход өөрийн хувь нэмрийг оруулж, 2009 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Энэтхэг улсад хийсэн төрийн айлчлал болон өндөр дээд хэмжээний бусад айлчлалыг зохион байгуулж байсан түүхээсээ хуваалцсан юм.
Др. В.Энхболд гадаад хэл, нэн ялангуяа англи хэлийг мэргэжлийн өндөр түвшинд эзэмшихийн чухлыг оюутнуудад онцлон захив.
ОУХТ-ийн ахлах багш Д.Оюунсүрэн,
ОУХ хөтөлбөрийн оюутан Б.Амартүвшин, Г.Түшиглэн