Мэдээ

ОУХНУС-ийн шилдэг оюутан олон улсын энх тайвны зуны сургалтад оролцох тэтгэлэг гардлаа

Зүүн Хойд Азийн бүс нутагт энх тайвныг бэхжүүлэх зорилготой Зүүн Хойд Азийн Энх Тайвны Хүрээлэнгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Энх тайвны олон улсын зуны сургалт энэ жил Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэхүү олон улсын зуны сургалтыг МУИС-ийн ОУХНУС хамтран зохион байгуулж байгаа төдийгүй сургуулийнхаа шилдэг нэг оюутанд уг сургалтад оролцох 500 долларын тэтгэлэг олгохоор шийдвэрлэж, тэтгэлгийн эзнээр ОУХ-ны 3-2 ангийн оюутан Т.Цогжавхлан тодорлоо.

Уг тэтгэлгийн гол шалгуур нь нэг багшийн дэмжсэн захидал, сурлагын үзүүлэлтээс гадна “Зүүн Хойд Азийн бүс нутагт Энх тайвныг цогцлоох нь” сэдвээр Англи хэлээр 500 үгтэй эссэ бичих явдал байв.

2015 оны наймдугаар сарын 8-аас 21-ний өдрүүдэд Энхийн төлөө цогцолборт зохион байгуулагдах тус сургалтад БНСУ, БНХАУ, Япон, Монгол зэрэг орны төрийн бус байгууллагын идэвхтэн гишүүд, энх тайвны боловсролын ажилтнууд, шашны зүтгэлтнүүд, багш нар, оюутнууд, төрийн албан хаагчид зэрэг Зүүн Хойд Азид энх тайвныг бэхжүүлэх талаар санаа тавьдаг олон хүн оролцож, санал бодлоо солилцох юм.

Монгол улсад анх удаа зохион байгуулагдах гэж буй энэхүү олон улсын энх тайвны зуны сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.narpi.net хуудаснаас авч болно.



Дээш