МУИС-ийн Улс Төр Судлал, Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургуулийн (УТСОУХНУС) Нийтийн удирдлагын тэнхим 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр МУИС-ийн хичээлийн V байрны хурлын танхимд “ТӨРИЙН УДИРДЛАГЫН ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА” үндэсний зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөн нь олон улсын болон үндэсний хэмжээнд төрийн/нийтийн удирдлагын чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг их дээд сургуулиуд, институтүүдийн хамтарсан судалгаа болон хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм. Нийтийн удирдлагын тэнхимээс жил бүрийн 10 дугаар сард зохион байгуулдаг “NUM LEADERSHIP” цуврал олон улсын эрдэм шинжилгээний хурлын бэлтгэл ажлын хүрээнд тус үндэсний зөвлөгөөнөөр төрийн/нийтийн удирдлагын чиглэлийн эрдэмтэн судлаачид, экспертүүд, төрийн албан хаагчид цуглан ололт амжилт, тулгамдсан асуудал, гарц шийдэл, ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцүүлэг хийж, санал бодлоо солилцдог уламжлалтай.
Үндэсний зөвлөгөөний чиглүүлэгчээр Монгол Улсын гавьяат багш, МУИС-ийн Профессор Др. Н.Бурмаа ажиллаж, төрийн/нийтийн удирдлагын чиглэлээр судалгаа
шинжилгээний ажлыг эрчимжүүлж, эрдэмтэн судлаачид болон төрийн албан хаагчдын хамтын ажиллагааг чухалчлан, цаашид харилцаагаа өргөжүүлэх талаар санал дэвшүүлж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
“Төрийн удирдлагын ирээдүйн чиг хандлага” үндэсний зөвлөгөөнд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Проф. Др. Д.Зүмбэрэллхам, Удирдлагын академийн захирал Дэд Проф. Др. Д.Сүрэнчимэг, Монгол Улсын гавьяат багш, Монголын Менежментийн холбооны тэргүүн Профессор Др. Д.Цэрэндорж, ШУА-ын Философийн хүрээлэнгийн захирал Проф. Др. Б.Пүрэвсүрэн, УТСОУХНУС-ийн профессор, эрдэмтэн багш нар болон Үндэсний Батлан Хамгаалахын их сургууль, Дотоод Хэргийн их сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Отгонтэнгэр Их Сургуулийн төлөөлөл эрдэмтэн багш, судлаачид өөрсдийн санаа бодлоо чөлөөтөй илэрхийлэн энэ удаагийн зөвлөгөөний үр ашгийг сайшааж халуун яриа өрнүүллээ.
Нийтийн Удирдлагын Тэнхим