Стратеги судалгааны хүрээлэнгээс хойч үеийн залуу судлаачдаа бэлдэх, оюутан залуусын судалгаа хийх эрмэлзлийг дэмжих, тус хүрээлэнгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий судлаачдын түүхэн гавьяаг алдаршуулахаар жил бүр улсын хэмжээний оюутны эрдэм шинжилгээний нийтлэлийн уралдааныг зарладаг.
Энэ жилийн судалгааны шилдэг нийтлэлийн уралдааныг Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулсан Ялтын бага хурлын 80 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан “Ялтын хэлэлцээр ба Монгол Улс” сэдвээр зохион байгуулахад МУИС, МУБИС, ҮБХИС, ДХИС, ҮТА, ХИС-ийн 22 оюутан оролцсоноос Г.Баасанхүү багшийн удирдан зөвлөсөн, Олон улсын харилцаа хөтөлбөрийн III түвшний оюутан Махгалын Тамираагийн өгүүлэл тэргүүн байранд шалгарсныг 2025 оны 1 сарын 31-ний өдөр Стратеги судалгааны хүрээлэнд зохион байгуулсан шилдэг илтгэлүүдийн хэлэлцүүлгийн үеэр гардуулсан байна.
Ташрамд сануулахад 2024 оны 5 сарын 22-нд тус хүрээлэнгээс зохион байгуулсан “Үндэсний аюулгүй байдалд тулгамдсан асуудал” сэдэвт шилдэг судалгааны нийтлэлийн улсын анхдугаар уралдааны эхний байруудад Г.Баасанхүү багшийн удирдан чиглүүлсэн Олон улсын харилцаа хөтөлбөрийн оюутнууд шалгарсан амжилт үзүүлж байв. Тухайлбал, тэргүүн байранд Б.Тэмүүлэнгийн “Хятадын сэтгэхүйн дайны стратеги”, дэд байранд Н.Анударийн “Хятад мөрөөдөл ба БНХАУ-ын соёлын гадаад бодлогын Монгол дах нөлөө”, гутгаар байранд Г.Алтанхишигийн “Бүс нутгийн шинэ “дунд гүрэн” Казахстан Монгол улсын “жинхэнэ гуравдагч хөрш байх боломж ба сорилт” сэдэвт судалгааны өгүүллүүд шалгарсан билээ.
Судалгаа, эрдэм шинжилгээний ур чадвар, мэдлэгээрээ үе тэнгийн залуусаа манлайлж байгаа оюутнууддаа халуун баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
Олон улсын харилцаан тэнхим