Мэдээ

ЭНЭ ОНД 30 ЖИЛИЙН ОЙ НЬ ТОХИОЖ БУЙ МОНГОЛЫН ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛ БАЙГУУЛЛАГАТАЙ ТАНИЛЦЛАА

МУИС-ийн УТСОУХНУС-ийн ахлах багш Д.Оюунсүрэнгийн заадаг “Олон улсын байгууллага, олон талт яриа хэлэлцээ” хичээлийн хүрээнд уг хичээлийг судалж буй оюутнууд 2024 оны 12-р сарын 13-ны өдөр Монголын Эмнести Интернэшнл ТББ-д зочилж, тус байгууллагын түүх, алсын хараа, үнэт зүйл, зорилго болон кампанит ажлуудтай нь танилцлаа. Оюутнуудыг Монголын Эмнести Интернэшнл байгууллагын ажилтан Г.Сүхбат халуун дотноор хүлээн авч уулзсан юм.

Тус байгууллагын үнэт зүйлсийн хувьд нээлттэй, оюунлаг, шинийг эрэлхийлэгч, саад бэрхшээлийг үл харгалзан тууштай үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх явдал юм. Дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй хүн бүр эрхээ эдэлдэг байх эрхэм зорилгод хүрэх гол арга зам нь “Би-гээс Бид” буюу эв нэгдэл, хамтын хүч болохыг тэрээр онцолсон.

Эмнести Интернэшнл нь хүн бүрд өөрт оноогдсон эрхийг нь эдлүүлэхийн төлөө хүмүүсийн хүнлэг сэтгэлд тулгуурлан кампанит ажил өрнүүлдэг, дэлхийн даяар 150 гаруй улс орон, газар нутагт 10 сая хүний эрх хамгаалагчдыг эгнээндээ нэгтгэсэн хөдөлгөөн юм. Эрх баригч бүр олон улсын эрх зүй, хэм хэмжээг хүндэтгэдэг, хариуцлагаа хүлээдэг, амлалтдаа хүрдэг дэлхий ертөнцийг буй болгохын төлөө тус байгууллага ажилладаг.

Монголын Эмнести Интернэшнл ТББ нь 1994 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ жил 30 жилийн ой нь тохиож байна. Тус байгууллага нь кампанит ажлуудаар дамжуулан иргэдэд иргэний, улс төрийн, эдийн засгийн болон нийгэм соёлын эрхийг нь таниулах үйл ажиллагааг сургалт, олон нийтийн үйл ажиллагааны хэлбэрүүдээр зохион байгуулсаар иржээ. Монголын Эмнести Интернэшнл ТББ нь судалгаанд үндэслэж, бодлого дүрмийн дагуу олон нийтэд мэдээлэх хийгээд Засгийн газарт шахалт үзүүлэх зэрэг үе шаттайгаар үйл ажиллагаагаа явуулдаг.

Монголын Эмнести Интернэшнлийн ажилтан Г.Сүхбат  байгууллагаа танилцуулсны  дараа оюутнууд сонирхож буй асуултаа асууж, хариулт авсан юм.

Тодруулбал, “Монголын Эмнести Интернэшнл байгууллага санхүүжилтээ хэрхэн бий болгодог вэ?” гэх асуултад “Бидний санхүүжилт дэлхий өнцөг булан бүр дэх эгэл жирийн гишүүд дэмжигчдээс бүрддэг. Засгийн газар болон улс төрийн намын санхүүжилтийг хүлээн авдаггүй. Сайтар судалж байж бизнес эрхлэгчдээс дэмжлэг авдаг. Ингэснээр аливаа засгийн газар, улс төрийн үзэл бодол,эдийн засгийн ашиг сонирхол, шашин шүтлэгээс үл хамааран бие даасан байдлаа хадгалж үйл ажиллагаагаа явуулдаг” хэмээн хариулсан юм.

Мөн “Энэхүү байгууллагаас гаргадаг тайлан, мэдээллүүд олон нийтэд хүртээмжтэй, ил тод байдаг уу?” гэхэд “Тийм ээ. Бид үйл ажиллагааны жилийн тайлангаа албан ёсны цахим хуудастаа байршуулдаг бөгөөд иргэд, олон нийт чөлөөтэй үзэж сонирхох боломжтой” гэсэн юм.

Байгууллагын үйл ажиллагааны 50 хувь нь олон улсад чиглэсэн байдаг гэсэн. “Алсын зайнаас хэрхэн, ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?” гэсэн асуултад “Олон улсын хэмжээнд ямар нэг конвенц батлахад үүрэгтэй оролцдог. Жишээ нь саяхан НҮБ ирэх 2025 онд “Хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийн конвенц” батлахаар тогтоол гаргасан. Үүнд улс бүр нэг санал өгөх эрхтэй байдаг ба манай байгууллага Монгол Улсыг энэхүү конвенцыг дэмжих санал өгүүлэх лобби хийж, ач холбогдлыг тайлбарладаг. Уур амьсгалын өөрчлөлтийн талуудын бага хурал дээр (COP)   “Алдагдал, хохирлын сан” байгуулах талаар 2 жилийн өмнөөс анхаарч эхэлсэн. Үүнтэй холбогдуулан бид манай улсын эрх баригчид, Байгаль орчны яамд, холбогдох байгууллагуудад тодорхой асуудлууд дээр дуугарах, анхаарал хандуулах зөвлөмж өгч, уулзалтууд хийдэг. Орос-Украин, Израил-Палестины зэвсэгт мөргөлдөөнд жирийн иргэдийн эрх зөрчигдөж байгаа явдал гэх мэт дэлхий нийтэд тохиолдож буй хүний эрхийн асуудлуудыг манай гишүүд, дэмжигчид монгол хэл дээр орчуулан гаргаж, иргэдэд таниулах, контент бүтээн үүний эсрэг дугарахыг уриалах гэх мэтчилэн маш өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг.” хэмээн хариулав.

Уулзалтын төгсгөлд Эмнести Интернэшнл байгууллагад бидний зүгээс хэрхэн оролцож, хувь нэмрээ оруулах боломжтой талаар асуухад дараах байдлаар хариулсан юм. Тодруулбал, оюутан, залуучууд тус байгууллагаас зохион байгуулдаг олон нийтэд чиглэсэн арга хэмжээнүүдэд оролцох, бусдад мэдээлэл түгээх боломжтой. Мөн сайн дурын ажил болон дадлага хийх замаар туршлага хуримтлуулж, хүний эрхийн тухай мэдлэг, ойлголттой болох боломж бий. Үүнээс гадна, хүний эрхийн анхаарал татсан асуудлуудыг эрэлхийлэх, шийдвэрлэх арга замыг тодорхойлоход иргэдийн оролцоог дэмжих зорилгоор явуулж буй “Хүний эрхийн нүд” үндэсний мэдээллийн марафон нь 16-аас дээш насны хэн бүхэнд нээлттэй байдгаараа онцлог юм.

Олон улсын харилцааны мэргэжлээр суралцаж буй оюутнууд Монголын Эмнести Интернэшнл байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдан дадлага болон сайн дурын ажил хийж, үнэтэй туршлага хуримтлуулахын зэрэгцээ “хүний эрхийн хамгаалагч” болох үүд хаалга нээлттэй гэдгийг тус байгууллагаас онцоллоо.

Энэхүү уулзалтыг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн МУИС-ийн УТОУХНУС-ийн ахлах багш Д.Оюунсүрэн, Монголын Эмнести Интернэшнлийн ажилтан Г.Сүхбат болон тус байгууллагын хамт олонд үнэт цагаа зарцуулан хүлээн авч уулзалт, танилцуулга хийсэнд гүнээ талархал илэрхийлье.

Мэдээ бичсэн: Н.Хүслэнзаяа, Б.Мөнхмаа, С.Хонгорзул, Л.Ууганжаргал, Г.Билэгжаргал, Б.Маргад, Т.Бямбанаран, П.Жаргалсүрэн, И.Эгшгэлжин, А.Майцэцэг, E.Золжаргал

spsirpaspsirpa



Дээш