2024 оны 12-р сарын 13-ны өдөр МУИС-ийн УТСОУХНУС-ийн ахлах багш Д.Оюунсүрэнгийн заадаг “Олон улсын байгууллага, олон талт яриа хэлэлцээ” хичээлийг намрын улиралд сонгон судалж буй оюутнуудын төлөөлөл Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар (World Bank Mongolia)-ын үйл ажиллагаа, дотоод бүтэц, зохион байгуулалт, чиглэл, зорилго, стратегийн хэрэгжилттэй танилцлаа.
Дэлхийн Банк нь олон улсын санхүүгийн байгууллага бөгөөд дэлхий даяар эдийн засгийн хөгжил, буурай орнуудын амьжиргааг сайжруулахад чиглэсэн олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Анх 1944 онд үүсгэн байгуулагдаж, Дэлхийн II дайны дараах сэргээн босголтын ажлыг хурдавчлуулах зорилготойгоор эхэлсэн ба тухайн үедээ Дэлхийн Банк 38 гишүүнтэй байсан бол өдгөө 189 гишүүнтэй болтлоо өргөжин тэлсэн байна. Дэлхийн банк 2030 он гэхэд:
Өнөөдөр Дэлхийн банк өргөн цар хүрээтэй, бүтцийн хувьд илүү ээдрээтэй байгууллага болж хувирчээ. Одоогоор Дэлхий банкны групп болон өргөжиж, хоорондоо нягт холбоо бүхий дараах 5 байгууллагыг өөртөө нэгтгэсэн байна. Үүнд:
Дундаж орлоготой болон доогуур орлоготой эдийг засагтай орнуудын засгийн газруудад зээл олгох, техникийн туслалцаа үзүүлэх.
Ядуу буурай улсуудын засгийн газруудад хүүгүй зээл, тусламж олгох.
Хувийн секторын хөгжлийг дэмжихийн тулд хөрөнгө оруулалт, зөвлөмж болон нөөц татан төвлөрүүлэлтийг хослуулан шийдэл боловсруулах ба 1956 онд анх үндэс сууриа тавьж, 1961 онд Африкт анхны хөрөнгө оруулалтаа хийж байсан.
Хөрөнгө оруулагч, зээлдүүлэгч нарт улс төрийн эрсдэлийн даатгал, баталгаа санал болгосноор гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих ба Дэлхийн Банкны баталгааны платформын төв.
Хөрөнгө оруулалтын маргааныг эвлэрүүлж, арбитраар шийдвэрлэх олон улсын үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажилладаг.
Монгол Улс 1991 онд Дэлхийн банкны 155 дахь гишүүнээр элсэн орж, 1988 онд Дэлхийн Банк Монгол дахь суурин төлөөлөгчийн газраа нээснээс хойш Монголын эдийн засгийн өсөлтийг дэмжих, ядуурлыг бууруулах, байгаль орчныг сайжруулахаар ажиллаж ирсэн ба одоогоор тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр чухал үүрэг гүйцэтгэж байна. Тэр дундаа Олон Улсын Санхүүгийн Корпораци нь Монгол Улсад гадаад хөрөнгө оруулалт татахад чухал үүрэг гүйцэтгэдэг билээ.
1991 оноос хойш өнөөг хүртэл Дэлхийн Банк Монгол Улсад нийт 850 гаруй сая ам.долларын хөгжлийн санхүүжилт олгосон бөгөөд үүнд бага хүүтэй зээл, хүүгүй зээлүүд болон буцалтгүй тусламжууд багтана. Сүүлийн жилүүдэд тус байгууллага уур амьсгалын өөрчлөлтөд анхаарлаа хандуулж байгаа бөгөөд 2024 оны санхүүгийн жилд хийсэн нийт хөрөнгө оруулалтын талыг нь зориулсан байна. Олон Улсын Санхүүгийн Корпораци нь байгууллага, групп болон арилжааны банкуудтай хамтран төсөл түлхүү хэрэгжүүлдэг бөгөөд жижиг, дунд бизнест арилжааны банкаар дамжуулан хөрөнгө оруулдаг. Дан ганц дотоодын байгууллагатай хамтран ажилладаггүй бөгөөд үүний жишээ нь Монгол дахь Рио Тинто компанитай хамтран ажилласан явдал юм. Өнөөг хүртэл Олон Улсын Санхүүгийн Корпорацийн Монголд хэрэгжүүлсэн хамгийн өргөн хүрээний төсөл бол “Оюу Толгой” төсөл юм. Энэхүү төсөлд ОУСК нийтдээ 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.
Үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас хойш Монгол Улсад нийтдээ 5.8 тэрбум ам.доллар хөрөнгө оруулалт хийж, 15 компанитай хамтран ажилласан байна. Хамгийн том хөрөнгө оруулалт хийсэн 3 салбар нь:
Дэлхийн банкны төв байр АНУ-ын Вашингтон хотод байрлах бөгөөд бүс нутаг бүрд салбар оффистой. Бүс нутаг бүр төв оффис буюу “хаб” (hub)-тай байдаг бөгөөд энэхүү төв оффисийг улс дамжин шилжүүлэн өөрчилж болно. Жишээ нь, Дэлхийн Банкны Ази-Номхон далайн бүсийн төв оффисыг Сингапур руу шилжүүлэх шийдвэрийг тухайн улсыг бизнесийн төв болж хөгжсөн, газарзүйн байрлал нь стратегийн хувьд тохиромжтой, улс төрийн тогтвортой байдал болон хууль эрх зүйн орчин нь таатай гэж дүгнэн 2009 онд гаргасан. Монгол дахь оффис бол бүс нутгийн жижиг салбар юм. Салбар оффисын ажилтнууд ихэвчлэн бүс нутгийн бусад салбарын ажилтнуудтай цахимаар хамтран ажилладаг бөгөөд цөөн тохиолдолд биеэр уулзаж, төсөл дээр хамтран ажилладаг онцлог талтай. Байгууллага дотор ажил ийнхүү нээлттэйгээр өрнөдөг тул ажилтнууд төдийлөн бусад оффист шилжих, нэг салбарт ажилчид төвлөрөх шаардлага гардаггүй.
Дэлхийн Банкинд дадлага хийх боломж байдаг бөгөөд шинэхэн төгссөн мэргэжилтнүүдийг хүлээж авдаг. Дадлагын зарыг төв байгууллагаас гаргахын зэрэгцээ өрсөлдөөн ч өндөр байдаг. Ирэх 1-р сарын 15-наас 2-р сарын 12-ны хооронд дадлагын хүсэлт хүлээж авч байна.
Дээрх бүх үнэ цэнтэй мэдээллийг оюутан залуус бид бүхэнд биечлэн хүргэж, үнэтэй цагаа зориулсан Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын тэргүүн Руфат Алимарданов болон Хөрөнгө оруулалтын мэргэжилтэн, Зөвлөх Ч.Бурмаа, мөн оюутнуудад олон улсын байгууллагуудтай танилцах, өөрсдийн харааг тэлэх боломжийг үргэлж олгодог Д. Оюунсүрэн багшдаа гүнээ талархал илэрхийлье.
Нийтлэл бэлтгэсэн: Д. Зол-Эрдэнэ, П. Нинжин, Б.Зориглон