Мэдээ

МУИС-ийн ОУХНУС, БНСУ-ын Инха их сургуулийн Олон улс судлалын төвийн хамтарсан эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өндөрлөлөө

МУИС-ийн ОУХНУС, БНСУ-ын Инха их сургуулийн Олон улс судлалын төвөөс жил бүр хамтран зохион байгуулдаг эрдэм шинжилгээний бага хурал 2015 оны 4-р сарын 30-нд 13 дахь удаагаа амжилттай явагдаж өндөрлөлөө. “Азийн улс орнуудын Хятад-Японы маргааны талаарх байр суурь” сэдвээр болж өнгөрсөн энэ удаагийн хуралд ОУХНУС-ийн багш Др. Ж.Баясах “Хятад-Японы маргааны уг гарвал”, Др. Ж.Баттогтох “Сенкаку арлын маргааныг олон улсын эрх зүйгээр зохицуулах нь”, докторант Д.Оюунсүрэн “Хятад-Японы маргааны талаар Монголчуудын байр суурь”, магистрант Ван Пен “Сенкаку арлын талаархи газар нутгийн маргаан”, Инха их сургуулийн багш Др. Пак Сёон Ён “Хятад-Японы сөргөлдөөн ба АНУ: Тэнгисийн цэргийн зэвсэглэлийн өсөлт”, Др. Нам Чанхи “Тэнгис дэх сөргөлдөөний голомтууд ба Хятад, АНУ, Японы  харилцаа”, Ёнсей их сургуулийн багш Др. Ко Сангту “Хятад-Японы маргаан Солонгосчуудын нүдээр”, Япон улсын Рицумейкан Ази Номхон далайн их сургуулийн багш Др. Ёшинори Каседа “Хятадын талаархи Япон улсын байр суурийн хувьсал” зэрэг сэдвээр сонирхолтой илтгэл хэлэлцүүлэв.
Хурлын үеэр МУИС-ийн ОУХНУС-ийн захирал Др. С.Баттулга, БНСУ-ын Инха их сургуулийн Олон улс судлалын төвийн захирал Др. Ким Юйкон нар тус хоёр байгууллагын сургалт, судалгааны хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх талаар Харилцан ойлголцлын меморандумд гарын үсэг зурлаа.



Дээш