Мэдээ

ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН ОЛОН УЛСЫН СУДАЛГААНЫ ТӨВТЭЙ ТАНИЛЦСАН ТЭМДЭГЛЭЛ

2024 оны 12 сарын 9-ний өдөр МУИС-ийн УТСОУХНУС-ийн ахлах багш Д.Оюунсүрэнгийн заадаг “Олон улсын байгууллага, олон талт яриа хэлэлцээ” хичээлийг судалж буй оюутнуудын төлөөлөл Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвтэй  танилцлаа. Тус төвийн гүйцэтгэх захирал, УТСОУХНУС-ийн 2002 оны төгсөгч  Д.Дөлгөөн бид бүхнийг халуун дотноор угтан авч, байгууллагынхаа талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Дэлхийд далайд гарцгүй нийт 44 улсын 32 нь хөгжиж буй улс байдаг. Эдгээр улс нь томоохон зах зээлээс алслагдмал, хөрш орны газар нутгаар тээвэрлэлт явуулах, дэд бүтцийн хөгжил сул зэрэг байдлаараа ижил ба далайд гарцтай улсуудтай харьцуулахад хөгжлийн хувьд 20% дорой байдаг. Анх Монгол Улсын Засгийн газраас энэ бүлэгт харьяалагдаж буй орнуудыг нийтлэг эрх ашгийнхаа төлөө хамтдаа хичээн дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж, уг судалгааны төвийг байгуулах санаачилгыг гаргаж байв.

            Монгол Улсад төвтэй уг олон улсын судалгааны төв нь далайд гарцгүй 32 оронд нийтлэг тулгамдаж буй сорилтын хүрээнд судалгаа хийх, засгийн газруудад бодлогын зөвлөмж өгөх, хамтын ажиллагааг хөгжүүлэх зэргээр үйл ажиллагаа явуулж байна. Энэ хүрээнд судлаачдыг чадавхжуулах сургалт зохион байгуулах, хэлэлцээ хийх чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэхэд анхаарал хандуулдаг.

1.Үүсгэн байгуулагдах болсон шалтгаан

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг (International Think Tank for Landlocked Developing Countries, ITT-LLDCs) үүсгэн байгуулах болсон шалтгаан нь эдгээр орнуудын хөгжлийн онцгой бэрхшээл, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, судалгаа шинжилгээний үндсэн дээр бодлогын зөвлөмж гаргах зорилгоос үүдэлтэй. Үндсэн шалтгаанууд:

  • Далайд гарцгүй орнууд (LLDCs) нь далайн гарцгүй байгаагаас хамааран олон улсын худалдаанд оролцохдоо дэд бүтэц, логистикийн өндөр зардалтай тулгардаг. Энэ нь эдийн засгийн өсөлтөд саад болдог.
  • -Далайд гарцгүй орнууд олон улсын худалдаанд хөрш орнуудын дэд бүтэц, дамжин өнгөрөх тээвэр, тарифын бодлого зэрэгт хэт хамааралтай байдаг. Энэ нь худалдааны эргэлтийг бууруулах, өрсөлдөх чадваргүй болгох эрсдэлтэй.
  • Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын дийлэнх нь ядуурлын түвшин өндөр, эдийн засаг нь хязгаарлагдмал салбарууд дээр тулгуурладаг. Тэдгээрийн хөгжлийн асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлага бий.
  • Далайд гарцгүй орнуудын хөгжлийн асуудлуудыг гүнзгий судлах, шинэлэг шийдэл боловсруулах, бодлогын зөвлөмж гаргах чиглэлээр ажиллах олон улсын түвшний судалгааны төв дутмаг байсан.
  • НҮБ-аас далайд гарцгүй орнуудын хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, тусгай хөтөлбөр хэрэгжүүлэхийг дэмжиж ирсэн. ITT-LLDCs нь энэ хүрээнд хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулагдсан.

Энэхүү төвийг 2009 онд Монгол Улсын санаачилгаар Улаанбаатар хотод байгуулах шийдвэр гарч, 2018 онд албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Монгол Улс өөрөө далайд гарцгүй орны хувьд энэ санаачилгыг хэрэгжүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн.

2. Байгууллагын танилцуулга

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг:

  • Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт, худалдаа, дэд бүтцийн хөгжил, тээврийн системийг сайжруулах асуудлууд дээр судалгаа хийх.
  • Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд туслах бодлогын зөвлөмж боловсруулах.
  • Олон улсын болон бүс нутгийн түвшинд худалдаа, ложистик, тээврийн коридоруудыг оновчтой болгох шийдэл санал болгох.
  • Далайд гарцгүй болон далайд гарцтай хөрш орнуудын хоорондын хамтын ажиллагааг дэмжих.
  • Тээвэр, худалдааны гэрээ хэлцэл, харилцан ойлголцлыг сайжруулах тал дээр ажиллах.
  • Далайд гарцгүй орнуудын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын чадавхыг сайжруулах сургалт, семинар зохион байгуулах.
  • Судлаач, бодлого боловсруулагчдыг мэдээлэл, дүн шинжилгээгээр хангах.
  • LLDCs-ийн хэрэгцээ шаардлагыг олон улсын түвшинд танилцуулж, хөгжингүй орнууд, олон улсын байгууллагуудаас дэмжлэг авахад туслах.
  • НҮБ болон бусад олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах.
  • Уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны тогтвортой байдал, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллах.
  • Ногоон эдийн засаг, сэргээгдэх эрчим хүчний шийдлийг LLDCs-д нэвтрүүлэхэд туслах.
  • Тээврийн зардлыг бууруулах, дамжин өнгөрөх боомтуудын үр ашгийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэх.

Тус байгууллагын хувьд гүйцэтгэх захирлын албан тушаалд гишүүн орнуудаас нэг хүн санал болгож түүнээс нь сонгууль явуулж сонгодог бөгөөд тус байгууллага байгуулагдсанаас хойш монгол улсын иргэд гүйцэтгэх захирлаар сонгогдоод байгаа юм. Хүний нөөцийн хувьд гүйцэтгэх захирал, судлаач, санхүүч зэрэг 5 хүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

3. Байгууллагын хийсэн судалгаа, тэдгээрийн ач холбогдол

Тус байгууллага нь бизнес, санхүү, худалдаа, эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн хөгжил, хотжилт, ДХБ-ын хэлэлцээр, транзит тээвэр, мэдээлэл харилцаа холбооны технологи, инноваци, хөдөө аж ахуй, ядуурлыг бууруулах болон эрүүл мэнд зэрэг сэдвийн хүрээнд идэвхтэй судалгаа шинжилгээ хийж байна. Тухайлбал:

  • 2014 онд Худалдааг хөнгөвчлөх тухай Дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээрийн асуудлаарх олон улсын өндөр түвшний семинарын Далайд гарцгүй хөгжиж буй орнуудад үзүүлэх нөлөө,
  • 2015 онд Цахим дасан зохицох чадварыг бий болгох нь: Монгол Улсад гамшгийн эрсдэлийн менежментэд МХХТ-ийн үүргийг нэмэгдүүлэх нь,
  • 2017 онд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хоёр талын транзит болон тээврийн хэлэлцээрүүд: ашиг тус ба хүндрэлүүд - Энэтхэг, Балба
  • Сиднейн их сургуультай хамтарч далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хоорондын худалдаа, тээвэр болон мэдээлэл харилцаа холбооны салбар дах хамтын ажиллагааны талаар,
  • Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүс нутгийн интеграцчлал
  • Монгол улс болон Лаос улсын эмнэлгийн мэс засал, яаралтай тусламжийн өнөөгийн байдал: Харьцуулсан судалгаа
  • Монгол улс дахь эдийн засгийн коридоруудын эдийн засагт үзүүлэх үр нөлөө
  • 2018 онд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эдийн засгийг төрөлжүүлэх сэдвийн дор Бутан, Монгол, Непал, Парагвай улсуудын жишээ,
  • 2021 онд Ковид-19-ийн нөлөөлөл ба далайд гарцгүй хөгжиж буй орнуудын үзүүлж буй хариу арга хэмжээ
  • Далайд гарцгүй хөгжиж буй орнуудад МХХТ-ийн, худалдаа, тээврийн холболт сэдвийн дор Казахстаны жишээ
  • 2023 онд Монгол Улсад дижитал технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээний оюуны өмч, зохиогчийн эрхийн патентын зах зээлийг хөгжүүлэх бодлого, зохицуулалтын тогтолцоог үнэлэх зэрэг судалгаануудыг хийжээ.

Эдгээр судалгаа нь тээврийн системийг сайжруулах, худалдааны чадавхыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хязгаарлалтыг шийдвэрлэх зэрэг сорилтуудыг даван туулахад хувь нэмэр оруулдаг төдийгүй бодлого боловсруулагчдад үр дүнтэй зөвлөгөө болж өгдөг давуу талтай.

Мөн уг байгууллага нь хэлэлцээчид болон дадлагажигчдад зориулан олон талт худалдааны хэлэлцээ хийх гарын авлага гаргасан байна. Энэхүү гарын авлага нь ДГХБО-уудад хамааралтай олон талт худалдааны хэлэлцээнд бэлтгэхийн тулд Дэлхийн Худалдааны Байгууллага дахь хэлэлцээний янз бүрийн сэдвүүдийн талаар мэдээлэл өгөх замаар ДГХБО-ын бодлого боловсруулагчдыг бэлтгэх зорилго, ач холбогдолтой.

 

4. Оюутнуудын асуулт, хариулт

 

Асуулт: Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн гишүүн улсууд 10 жил тутам тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, үйл ажиллагааны тайлангаа батладаг. 2024 оны хурлын ажиллагаа аль улсад болох вэ?

Хариулт: 2024 оны уулзалт Африкийн Ботсвана улсад болох байсан ч 2025 онд болж хойшлогдсон, тодорхой мэдээлэл одоогийн байдлаар байхгүй. Тус уулзалтад далайд гарцгүй 32 улсын тэргүүн, олон улсын байгууллагууд, гишүүд гэсэн олон хүний бүрэлдэхүүнтэй байдаг тул бэлтгэл ажил их байдаг.  Уулзалтыг дээд төлөөлөгчийн албаны дарга Рабаб Фатима батладаг.

Асуулт: Төслийн санааг хэрхэн боловсруулдаг вэ? Судлаачид хэрхэн ажилладаг вэ?

Хариулт: Бид тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж төслийн санаачлагыг гарган 10 жилийн төлөвлөгөө батлахад төслүүдээ ОУБ-уудад танилцуулан Удирдах зөвлөлөөр батлуулдаг. Эдийн засаг, чөлөө худалдаа зэрэг нарийвчилсан судалгаа хийдэг судлаачидтай хамтарч ажилладаг. Судалгааны төсөл бүр үүрэг даалгавартай бөгөөд санхүүжүүлэгчид үр дүнг тайлагнан дүгнүүлж  ажилладаг.

Асуулт: Байгууллагын санхүүжилт хаанаас ирдэг вэ?

Хариулт: Гишүүн орны хандиваар санхүүжидэг. Монгол Улс санаачлагч, хүлээн авагч улсын хувьд хамгийн том санхүүжүүлэгч дэмжигч улсуудын нэг юм. Түүнийхээ хэрээр улсдаа хэрэгтэй судалгаа, төсөл бичүүлэх хүсэлт гаргадаг.

Асуулт: Одоо хийгдэж байгаа судалгааны талаар мэдээлэл өгч болох уу?

Хариулт: 2024 онд гурван судалгаа хийсэн. Тээврийн чиглэлээр олон улсын нөхцөл байдал Орос-Украины дайны улмаас Монгол улсын бараа бүтээгдэхүүн тээвэрлэлтэд хэрхэн нөлөөлж байгаа талаар. Хоёрдахь нь “Жижиг улсын гадаад бодлого ямар байх хэрэгтэй вэ?” хэмээх судалгаагаар Монгол Улсын олон тулгуурт гадаад бодлогыг бусад хөгжиж буй орнууддаа үлгэр жишээ болгон судалсан. Гуравдахь нь мэдээлэл харилцааны технологийг ашиглан ТББ-уудын ур чадварыг тооцоолох судалгаа хийсэн.

Тэмдэглэл бичсэн: Э. Энхзаяа, Б. Мөнхзул, Э. Удвал, С. Мөнхшүр,

М. Мичидмаа, Ц. Энхтүвшин, Н.Эрхбүжин, О.Анужин, М.Мөнх-од

spsirpa



Дээш