Мэдээ

“Хүүхдийг Ивээх Сан”-тай танилцах уулзалт амжилттай боллоо

МУИС-ийн УТОУХНУС-ийн ОУХТ-ийн ахлах багш Д.Оюунсүрэнгийн заадаг “Олон улсын байгууллага, олон талт яриа хэлэлцээ” хичээлийн хүрээнд тухайн хичээлийг судалж буй оюутнууд Монгол Улсад салбартай олон улсын байгууллагуудад зочилж, үйл ажиллагаатай нь танилцдаг уламжлалтай билээ. Энэ удаагийн аяллаараа бид Хүүхдийг Ивээх Сангаар 2024 оны 12-р сарын 6-нд зочилсон бөгөөд уг сангийн Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрхийн засаглалын хөтөлбөрүүдийн менежер хатагтай Э.Цолмон биднийг халуун дотноор хүлээн авсан юм.

Уг уулзалтад оролцсон оюутнууд хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагын зорилго, стратеги, түүх, бүтэц зохион байгуулалтын талаар өргөн хүрээний мэдлэг олж авлаа.

1919 онд Английн иргэн Эглантин Жебб  “Хүүхдийг Ивээх Сан”-г байгуулж, Дэлхийн I дайны дараах Европын өлсгөлөнд нэрвэгдсэн хүүхдүүдэд тусламж үзүүлэх ажлаа эхлүүлжээ. Тус санаачилгын хүрээнд Оросын 80 000 гаруй хүүхдийг өлсгөлөнгөөс аварсан нь анхны томоохон амжилт болсон юм. Үүнээс гадна хүний эрхийг хамгаалах олон улсын хөдөлгөөнд хувь нэмэр оруулж, 1924 онд “Хүүхдийн эрхийн тухай тунхаг”-ийг гаргасан. Энэхүү тунхаг нь өдгөө дэлхий даяар мөрдөгдөж буй Хүүхдийн эрхийн тухай конвенцын үндэс болсон юм.

1989 онд батлагдсан Хүүхдийн эрхийн тухай конвенц нь дэлхийн 192 улс оронд заавал мөрдөх хэм хэмжээ болж, хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын хууль эрх зүйн үндсийг тавьсан. Конвенц нь хүүхдийг бэлгийн мөлжлөг, садар самуунд татан оролцуулах болон зэвсэгт мөргөлдөөнд ашиглахаас урьдчилан сэргийлэх нэмэлт протоколуудтай. Монгол Улс уг конвенцын бүх зүйл болон нэмэлт протоколуудыг хүлээн зөвшөөрсөн боловч хэрэгжилтийн тайланг цаг хугацаанд нь ирүүлэх асуудал хойшлогддог болохыг тус сангийнхан дурдаж байсан юм.

Монгол дахь “Хүүхдийг Ивээх Сан” нь 1994 оноос хойш үйл ажиллагаа явуулж, жил бүр олон мянган хүүхдийн амьдралд эерэг өөрчлөлт авчирч байна. Хүүхдийг хамгаалах, хөгжүүлэх, тэдний эрхийг хангах зорилго бүхий энэ байгууллагын хамт олны үйл ажиллагаа нь дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн хэвээр байна. “Хүүхдийг Ивээх Сан” жилд 40 000 гаруй монгол хүүхдэд шууд хүрч ажилладаг бөгөөд дараах чиглэлд голлон анхаарч байна:

  1. Боловсрол – Хүүхэд бүр чанартай боловсрол эзэмших нөхцөл бүрдүүлэх.
  2. Хамгаалал – Хүчирхийлэл, мөлжлөг, үл хайхрах явдлаас урьдчилан сэргийлэх.
  3. Эдийн засгийн чадамж – Залуучуудад бизнес эрхлэх мэдлэг, ур чадвар олгох.
  4. Эрүүл мэнд – Хөдөө орон нутгийн хүүхдүүдийн эрүүл мэндийг сайжруулах.
  5. Онцгой нөхцөл байдал – Гамшгийн үеийн хүүхдийн хамгаалалт.

Эдгээр чиглэлээр маш олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байдгаас  “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төсөл онцлог юм. Уг төсөл нь 2019-2025 он хүртэл үргэлжлэх ба 2023 онд зорилтот 5 аймгийн 29 сумын 2780 хүүхэд, залуус хоёр удаагийн "Энтрепренерт суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх сургалт"-ын (ESEL) хөтөлбөрт хамрагдан, өөртөө итгэх итгэл, хувь хүний онцлогийг таних, цагийн менежмент, багаар ажиллах, ялгаатай хэрэгцээг таних, санхүүгийн нөөцийг хуваарилах, ашиглах, эрсдэлийг урьдчилан харах, бизнесийн төсөл боловсруулах зэрэг ур чадварт суралцжээ. Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш уг хөтөлбөрт нийт 7970 хүүхэд, залуус хамрагдаад байгаа бөгөөд 2023 оны эцсээр нийт 1185 хүүхэд, залуус 240 бичил төслийн санхүүжилт авснаар бизнес санаагаа бодитойгоор хэрэгжүүлэх боломжтой болсон байна. Уулзалтын үеэр “Хүүхдийг Ивээх Сан”-гийн менежер Э.Цолмон олон улсын байгууллагад ажиллах сонирхолтой залууст туршлагаасаа хуваалцан, олон улсын эрх зүйн зохицуулалтын талаар танилцуулахын зэрэгцээ МУИС-ийн Олон улсын харилцааны хөтөлбөрийн 1999 оны төгсөгчийн хувиар мэргэжил нэгт оюутан дүү нартаа хувь хүний болон мэргэжлийн үнэ цэнтэй сургамж, зөвлөгөөг харамгүй өгч, халуун дулаан яриа өрнүүлсэн юм.

Бидэнд үнэтэй цагаа зориулсан Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрхийн засаглалын хөтөлбөрүүдийн менежер Э.Цолмон болон оюутнуудад өөрсдийгөө сорих, хичээлээс гадуурх орчинд мэдлэгээ тэлэх боломжийг үргэлж олгодог Д. Оюунсүрэн багшдаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

 Мэдээ бичсэн: Б.Баасанжаргал, Э.Үржин, Б.Энхмаа

spsirpa



Дээш