Мэдээ

Авьяасаар дүүрэн “ SIRPA Oscars-2024” XI уралдаан амжилттай зохион байгуулагдлаа

МУИС-ийн УТСОУХНУС-иас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “SIRPA Oscars-2024” уралдаан 2024 оны 5-р сарын 30-ны өдөр 11 дэх удаагаа амжилттай болж өндөрлөлөө.  Энэхүү уралдааныг анх ахлах багш Д.Оюунсүрэн 2011 оноос “Дипломат ёслол, баримт бичиг баримт боловсруулалт” хичээлийн хүрээнд оюутнуудын олж авсан мэдлэгээ практикаар бататгах, бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх зорилгоор санаачлан зохион байгуулж иржээ. Оюутнууд бүх сэтгэл зүрхээ шингээж дипломат ёслол, бизнесийн этикетийн тухай бүтээсэн киногоо танилцуулж, тус сургуулийн багш оюутнууд нэгэн өдрийг хамтдаа инээд хөөрөөр дүүрэн  өнгөрүүллээ.

            Тус тэмцээнийг шүүгчдпийн бүрэлдэхүүнд УТОУХНУС-ийн ахлах багш Д.Оюунсүрэн, ахлах багш Г.Баасанхүү, багш Д. Өнөрмаа, багш Л. Бямбаханд нар ажиллалаа. Шүүгчид уралдаанд ирүүлсэн нийт 8 бүтээлийг тэдгээрийн шинэлэг санаа, бүтээлч байдал, агуулга, ач холбогдол, бүтээлч сэтгэлгээ, шинэлэг байдал, багаар ажилласан байдал, дуу, дүрсний чанар, жүжиглэлт зэрэг олон үзүүлэлтийг харгалзан үзэж, байр эзлүүлсэн бөгөөд “SIRPA Oscars - 2024” XI уралдааны: 

  • Нэгдүгээр байранд “Гадаад хэргийн яам дахь 24/7”
  • Хоёрдугаар байранд “Дипломатчийн бал”
  • Гуравдугаар байранд “Итгэж үл болно” бүтээлүүд шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Шагналт байранд орсон багуудийнхаа төлөөллөөс сэтгэгдлийг нь асуулаа.

            “ Гадаад хэргийн яам дахь 24/7” бүтээлийн хувьд:

  • Багийн гишүүдийн тухайд ихэнх нь манай ангийн найзууд байсан, мөн доод курсын хүүхдүүд нэмэгдэн орсон ч бид сайн хамтран ажиллаж, зураг авалтын нэг өдрийг маш дурсамжтай өнгөрүүлсэн. “ Сайн кино хийх үндсэн орц нь гишүүдийн жүжиглэх ур чадвар, багийн ажиллагаа, тэр дундаа сайн бэлтгэсэн найруулга юм.” Кино бүтээнэ гэдэг амаргүй ажил байсан ч багийн гишүүн бүр нээлттэй байж, маш их сэтгэл гаргасан. Хүн бүр тэгж их хичээж байхыг хараад өөрийн эрхгүй огшиж байсан. Харин шагналынхаа мөнгөөр бид ном авна аа (инээв).

            “  Дипломатчийн бал” бүтээлийн тухайд:

  • Юуны түрүүнд, бид дэд байранд шалгарсандаа баяртай байна. Бид өмнөх жилүүдийн бичлэгүүдийг үзсэн, мөн энэ жилийнхний бичлэгийг үзэхэд чанарын хувьд илүү сайжирсан, өрсөлдөөн ихтэй болсноос гадна бусад багуудыг ажиглахад их зохион байгуулалт сайтай ажилласан байна гэж харлаа. Бид нар зураг авалтаа хийх оффис олдохгүй, өдөр бүр 2оос 3 оффис орж байсан. Энэ үедээ хамгийн их дурсамжтай, адал явдалтай байсан. Цаашид энэхүү тэмцээнд хүч үзэх гэж буй дүү нартаа хэлэхэд жил ирэх тусам чанар, өрсөлдөөн ихтэй болж буй тул та нартаа амжилт хүсье.

“ Итгэж үл болно” бүтээлчдийн сэтгэгдлээс:

  • Манай багийнхан яг найзуудаараа болж киногоо хийсэн болохоор хамтдаа байсан цаг мөч бүр дурсамж дүүрэн байсан. Миний хувьд анхнаасаа “Дипломат ёслол ба баримт бичиг боловсруулалт” хичээл дээр ийм кино хийдгийг мэддэг байсан болохоор оюутан насны дурсамж бүтээхийн тулд найзуудтайгаа хамт орсондоо маш их баяртай байна. Кино хийхэд ямар ч хүндрэл учраагүй, багийнхан маань бүгд мэргэжлийн байсан.  Миний анзаарснаар энэ жилийн багуудын өвөрмөц онцлог нь бүгд маш хөгжилтэй, энтертайнмент сайтай байсан.

“ Зангиагүй уулзалт” бүтээлийн тухайд:

  • Манай багийн хувьд “ Агаарын шидтэн Аанг” болон “ My little pony” гэх 2 киноноос санаа аван Equestra улсыг байгуулан киногоо бүтээсэн. Аль болох дүрдээ хувирахын тулд даавуу авч хайчлаад л маш дурсамжтай өдрүүдийг өнгөрүүлсэн. Мөн багийн зарим гишүүд маань Загвар ЮНЕСКОд оролцож байсан болохоор түүнийхээ хажуугаар зураг авалтуудаа хийх гэж их хичээсэн. Үүний үр дүнг өнөөдөр үзсэндээ маш их баяртай байна. 

            “  Төрлийн алба” бүтээлийн хувьд:

  • Манай багийн хувьд бүтээлээ хийхэд 14 хоног зарцуулж, зураг авалтыг 2 өдрийн турш хийсэн. Тэрхүү хугацаанд авсан бичлэг маань таалагдахгүй дахиж авах нь хамгийн дурсамжтай хөгжилтэй хэсэг нь байсан. Бусад багуудыг харахад маш олон төрөл жанраар хийсэн байсан нь сонирхолтой байсан. Зураг авалт, эвлүүлэг, дуу дүрсний чанарын хувьд багууд маш мундаг байлаа.

Шүүгч, ахлах багш Г. Баасанхүү: “ Оюутнуудын маань бүтээлүүд жил ирэх тусам дуу дүрс, чанар болон жүжиглэлтийн хувьд утгаараа Оскар болж байна.”

  • Д. Оюунсүрэн багшийнхаа ачаар оюутнуудынхаа хамтын бүтээлийг олон жил шүүгээд, үзээд, хөндлөнгөөс үнэлэх явцдаа маш их баяр хөөр, урам зориг, сайхан дурсамжуудыг авах боломж олдсон. Эргээд харахад оюутнуудын маань бүтээлүүд жил ирэх тусам дуу дүрс, чанар болон жүжиглэлтийн хувьд утгаараа Оскар болж байна.  Мөн оюутнуудын маань кино энэ хичээлийн үр дүн болохоос гадна олон жилийн туршид эргээд хичээлүүд дээр ашиглагдах кейс болдог, олон нийтэд хүрдэг байх, сургамжтай байх тэр ач холбогдлыг шүүгч нар маань голдуу анхаардаг. Мөн киноны хамгийн гол утга нь зохиол буюу агуулгад оршдог. Түүний дараа найруулга болон жүжиглэлтүүд чухал үүрэг гүйцэтгэдэг гэж боддог.

Шүүгч, багш Л. Бямбаханд : “ Маш сургамжтай зүйлсийг киногоор дамжуулан хүргэжээ”

  • SIRPA Oscars 2024 уралдаан тун гоё болж өндөрлөлөө. Оюутнуудынхаа бүтээлийг үзээд их чадварлаг байгааг нь хараад маш их бахархлаа. Хүүхдүүд маань өөрсдийнхөө сурсан мэргэжлийг маш сайн эзэмшээд, кинон дээрх шиг иймэрхүү алдаануудыг гаргахгүйгээр ажиллах тухай маш сургамжтай зүйлсийг мэдэж авсан гэдэгт итгэлтэй байна. Маш сургамжтай зүйлсийг киногоор дамжуулан хүргэсэн оюутнууддаа баярлалаа.

Шүүгч, багш Д. Өнөрмаа  : “ Цаашид бид эрэгтэй, эмэгтэй шилдэг жүжигчин шалгаруулна”

  • Миний хувьд эхний байранд шалгарсан кинонууд маш үр өгөөжтэй, шинэлэг байсан. Хамгийн их таалагдсан киноны хэсэг бол “ Төрлийн алба” багийн орчуулагчийн хэсэг хөгжилтэй байлаа. Мөн жил ирэх тусам багуудын хандлага, бүтээлийн чанар улам сайжирч буйд баяртай байна. Бид “SIRPA-Oscars” тэмцээнээ улам өргөжүүлэн, улам гоё болгохоор төлөвлөж байна. Цаашид эрэгтэй, эмэгтэй шилдэг жүжигчин шалгаруулах зэрэг тэмцээний үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх саналтай байгаа. Тиймээс дараа дараагийн жилүүдэд оролцох хүүхдүүддээ амжилт хүсье.

Д. Оюунсүрэн: “Бие даалтын ажлыг сонирхолтой болгох санаа маань SIRPA Oscars кино уралдаан болсонд баяртай байдаг”

2011 онд “Дипломат ёслол, баримт бичиг боловсруулалт” хичээлийн нэг семинарын ангийн оюутнуудтайгаа бие даалтын ажлыг яаж сонирхолтой хэлбэрээр хийлгэвэл зүгээр вэ гэж ярьж байгаад богино хэмжээний видео кино хийлгэж байя гэж шийдсэн юм. Харин 2016 оноос оюутан А.Алтанзаяагийн санаачилгаар SIRPA Oscars нэрийн дор зохион байгуулагдах болсон. Үнэхээр оюутнуудын маань хүсэн хүлээдэг сонирхолтой, бас хөгжилтэй арга хэмжээ болсонд баяртай байдаг.

МУИС-ийн оюутнуудын группт бие даалтын ажил хийлгэнэ, бүр зарна гэсэн зар олон байдаг. Бас цаасан дээр хэвлэсэн бие даалт хог болж хаягдах нь ч их байдаг. Харин “Дипломат ёслол, баримт бичиг боловсруулалт” хичээлийг судалж байгаа оюутнууд маань киногоо зохиолыг нь бичихээс авахуулаад зураг авалт, монтаж, дуу оруулалт зэргээ бүгдийг өөрсдөө бие дааж хийдэг. Уралдаанд ирсэн бүтээлүүдийг сургалтанд ашигладагаас гадна оюутнуудын маань залуу насны дүр төрхийг хадгалж үлддэгээрээ ач холбогдолтой юм. Жилээс жилд ирүүлж буй бүтээлүүдийн чанар, илэрхийлэх гэсэн санаа улам сайжрах болсон. Энэ жилийн бүтээлүүдийн хувьд төрийн алба, тэр дундаа дипломат албанд бугшсан шударга бус зүйлийг шүүмжилсэн утга санаа зонхилж байсанд туйлын баяртай байна.

Энэ дашрамд шүүгчээр ажилласан ОУХТ-ийн багш нартаа болон арга хэмжээг зохион байгуулж тусалсан оюутан Г.Алтанхишиг, Б.Тэмүүлэн, хөтлөгч О.Төрмандах  нартаа маш их баярлалаа.

Кино уралдааныг сонирхон үзэн оюутнуудаас сэтгэгдлээ хуваалцахыг хүсэхэд:  

МУИС-ийн оюутан Т. Бадамдамдин:

  • Миний хувьд Бизнесийн сургуулийнх ч гэсэн энэхүү арга хэмжээг сонирхож үзлээ. Төрсөн сэтгэгдлээс дурдвал оюутнууд үнэхээр бүтээлч, мэргэжлийн деталь зүйлсийг сайтар судалсан нь харагдсан. Гэвч багуудын агуулга нь хоорондоо их давтагдсан, салбарын асуудал нь зөвхөн дипломатуудын хооллолтын соёл, харилцааны дутагдал л байдаг юм шиг ойлголт авлаа. Агуулгын хувьд Тэргүүн байранд орсон бүтээлийн хувьд саяхан олон нийтийн хүртээл болсон шоу нэвтрүүлгийн хэв маягийг гаргаж мөн агуулгын хувьд ажлаа сайн хийдэг хүмүүс зохистой үнэлэгдэж чадахгүй байгааг харуулсан нь онцлог байсан гэж харж байна. Эцэст нь хэлэхэд бидний үеийн найзууд маань жүжиглэж, дуулж, үглэх гэх мэт авьяасаа ашиглан ийм мундаг байгааг илүү олон хүмүүс үзээд суралцаасай гэж хүсч байгаагаа илэрхийлэв.

Ийнхүү оюутан насны авьяас ундарсан тэмцээн маань 2 цаг 30 минутын турш амжилттай өрнөж, шүүгчдийн зүгээс оролцсон бүх багуудад баяр хүргэн, уралдаанд тэргүүлсэн багт үүрд хадгалагдах цом, удаах байр эзэлсэн багуудад өргөмжлөл, мөнгөн шагнал гардууллаа. 

“SIRPA Oscars - 2023”-д түрүүлсэн “ГХЯ дээрх 24/7” бүтээлийг доорх холбоосоор орж сонирхоно уу:

https://youtu.be/JEpl0ZXxk-Q?si=YXakbfhrLcF9pBzp

Уралдаанд оролцсон бусад бүтээл болон өмнөх жилүүдийн бүлтээлүүдийг

https://www.youtube.com/@oyunsurendamdinsuren1279 сувгаас үзэх боломжтой.

Мэдээ бичсэн: МУИС-ийн УТСОУХНУС 3-р түвшний оюутан О. Дэлгэрмаа

spsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpaspsirpa



Дээш